Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Эмомали Рахмон нь 1952 оны аравдугаар сарын 5-нд хуучин ЗХУ-ын Тажикийн Бүгд Найрамдах Улсын Кулябск мужийн Дангара тосгонд төрсөн. Тажик үндэстэн. Тажикистан Улсын Их сургуулийг 1982 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн 12 дугаар сонгуулийн гишүүн юм. Тэрээр 1971 онд Курган-Тюбе хотын тосны үйлдвэрт цахилгаанчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1971-1974 онуудад Зөвлөлтийн цэргийн эгнээнд алба хаасан. Цэргийн алба хаасны дараа тосны үйлдвэрт үргэлжлүүлэн ажиллаж, 1976-1988 онуудад Кулябск мужийн Дангаринск дүүрэг дэх хамтралын үйлдвэрчний эвлэлийн хоорооны нарийн бичгийн дарга, дараа нь намын байгууллагад ажиллаж байжээ. 1988 оноос Дангаринск дүүргийн Ленины нэрэмжит сангийн аж ахуйн даргаар ажиллаж байгаад 1992 оны арваннэгдүгээр сард Кулябск мужийн Дээд Зөвлөлийн ардын депутатуудын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон. Улмаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн 12 дахь удаагийн сонгуулийн XVI чуулганаар Э.Рахмон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн даргаар сонгогдсон. 1994 оны арваннэгдүгээр сарын 6-нд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдоход, тус улсад иргэний дайн болж байв. Гэхдээ 1997 оны зун Тажикийн төр засаг сөрөг хүчинтэйгээ Москвагийн энхийн хэлэлцээр байгуулжээ. 1999 оны есдүгээр сарын 26-ны бүх ард түмний санал асуулгаар дахин Тажикистаны ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаатай сонгогдож, 2006 оны ерөнхийлөгчийн сонгуулиар мөн дахин ялалт байгуулжээ. Армийн генерал цолтой. Эхнэр,есөн хүүхэдтэй юм байна.

Манай улсад хийж буй энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.55] 2026-07-20 11:03:51

dictator


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.