Л.Эрдэнэбаяр: Архи хэтрүүлэн уудаг залуусын ихэнхи нь тэнэгрэлд орж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны Доктор (Sc), Профессор, Академич Л.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-ТАВАН МОНГОЛ ХҮНИЙ НЭГ НЬ АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙНА-

-Архины эсрэг маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, чамлахааргүй жилүүд өнгөрсөн ч нөхцөл байдал дээрдэхгүй байна. Үүний гол шалтгаан юунд байна вэ?

-Ерөнхийдөө гадны улс орны загварыг дууриаж хууль, хөтөлбөр гаргадаг байсан. Монголын онцлогийг бага тусгасан учир олигтой хэрэгжээгүй л дээ. Үндэсний хөтөлбөрүүд нэлээн олон гарсан. Хэрэгжилт тааруухан байсан учир архидалт буурахгүй, харин ч ихсээд байна гэж олон нийт дүгнэдэг. Архидалт гэдэг ерөнхий нэр томъёо. Энэ бол нийгэм, анагаах ухаан, сэтгэл зүйн маш том цогц асуудал юм. Түүнийг шийдэхийн тулд зөв бүтэц бий болгож, Монгол хөрсөн дээр буулгаж тэмцэхгүй бол олигтой юм болохгүй. Манайд архидалт гэж хий л яриад байхаас архидалт, согтуурал, хэтрүүлэн хэрэглээ, архины өвчин буюу архины хамаарал гэж юу юм бэ? гэдгийг хольж хутгаад л явж байна. Үүнийг судалдаг Наркологийн шинжлэх ухаан гэж байдаг. Энэ дагуу л явах ёстой юм.

-Энэ чиглэлээр мэргэжсэн боловсон хүчин хангалттай бий юу?

-Наркологийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжсэн улс цөөхөн. Бодит амьдралд мэргэжилтнүүдийн хэрэгцээ бол бий. Мэргэжилтэн бэлтгэдэг систем нь тодорхой бус байгаа юм.

-Архидалтыг бууруулна л гэж ярьдаг. Гэтэл үйлдвэрлэл, бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдээд байдаг. Яах ёстой юм бол?

-Монгол улсад архидалт, хар тамхины эсрэг удаан жил мөрдөх цогц бодлого байхгүй байна. Дөрөв дөрвөн жилийн интервалтай улсад цогц бодлого байх ч аргагүй юм. Бусад улс орон цогц бодлоготой. Дараагийн засаг, парламент, ерөнхийлөгч гарсан ч үндэсний бодлоготой, дутуугаа гүйцээж хийсэн ажлаа дүгнээд цааш яваад байдаг. Төрийн байгууллагууд хэрэгжүүлэхээс гадна төрийн бус байгууллагуудын хүчийг авах ёстой.

-Архидалтаас ангижирсан улсын тодорхой жишээ байдаг уу?

-Ганцхан жишээ хэлье. Польшид 80-аад онд маш их архидалттай байсан. Хүн болгон архи уудаг, яг манай Монголын одоо үе шиг. Польшийн төр, засгийн газар онцгой анхаарч архидалтын эсрэг тусгай хууль, хөтөлбөр боловсруулж, төрийн байгууллага нь толгойлоод, төрийн бус байгууллагууд нь хэрэгжүүлснээр архидалтыг зогсоож чадсан.

-Монголчуудын хувьд архи уудаг “онцлог” гэж байна уу?

-Монголчууд бидний архи уудаг хэсэг маань нэг л уугаад эхлэх юм бол ухаан алдаад, кадр тасраад, унаж ойчоод би уулаа гэж ойлгодог. Сэтгэцийн хувьд сул, тэнцвэргүй галбиртай, өөрөө өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийдэггүй хүмүүс архинд амархан ордог.

-Айл бүхэнд нэг архи уудаг хүн байдаг гэдэг үнэний ортой байж мэдэх юм?

-Өнөөдөр Монголд таван хүний нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна. Монголд 780 орчим мянган өрх байдаг гэхэд нэг айлд наад зах нь нэг хүн архи хэтрүүлэн хэрэглэдэг. Хэлдэггүй, нуугаад л яваад байдаг. Эмчлэгдэх үе, эмчлэгдэхгүй үе гэж байна. Эмчлэгдэхгүй буюу үхлийнхээ өмнөх үед ихэвчлэн эмчид ханддаг. Тийм учраас архины эмчилгээг үр дүнгүй гэж тооцдог. Тийм биш. Бүрэн бус статистик мэдээллээр, өнөөдөр Монголд нэг хүнд 35 литр спирт согтууруулах ундаа оногдож байна. Гадаадын стандартаар бол нэг хүнд 5-8 литр. Манайх үүнээс хол давсан шүү дээ. Жилдээ Монголд 160 мянган хүн эрүүлжүүлэгддэг. Архидалт манайд нийгмийн өвчин болсон.

-ХҮН АМД ҮЗҮҮЛЭХ НАРКОЛОГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦЭГЦЛЭХ
ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ-

-Архины хор хөнөөлийн талаар бид мэддэг мөртлөө дөжирчихөж дээ. Архинаас болж олон хүн нас барж, олон хэрэг гарч байна?

-Хүмүүс архинаас болж цаг бусаар үхэж, өрөөл татуу болж байна. Үйлдэгдсэн хэргийн 85-90 орчим хувь нь архидалтаас болсон байдаг. Хүний амь, хүчин, зодоон цохионыг гол төлөв архи уусан хүмүүс үйлдсэн байдаг. Жилд бүрэн бус мэдээгээр 8-10 мянган хүн архи хэтрүүлэн хэрэглэж нас барж байна. Монголчууд нас барсан хүнийг зан заншлаа бодоод архи уугаад үхсэн гэж хэлдэггүй. Зүрх нь хаагдсан, амьсгал нь элэг нь задарсан, хордлого болсон гэхчилэн яриад өнгөрдөг. Үнэн чанартаа архинаас болоод нас барсан байдаг. Гэр бүл салалтад түүвэр судалгаа хийсэн хүмүүс 70-80 хувь нь архинаас болж гэр бүл салсан гэж үздэг.

-Хоёр их гүрний дунд байгаа Монгол архидалт, хар тамхинаас хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?

-1.5 сая км газар нутагтай, хойд талдаа Орос улс, урд талдаа Хятад байна. Энэ хоёр их гүрний дунд байгаа Монгол маш зөв бодлоготой, амьдралд нийцсэн хуультай байх ёстой. Би боддог юм. Гаднаас туршлага судлахын зэрэгцээ Монголын эртний хуулиудаас авах нь илүү ач холбогдолтой. “Их засаг хууль”, “Судрын чуулган” “Халх журам”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” зэрэг эртний судруудад их юм байгаа юм. Тэдгээрт архи амсах насыг хүртэл заасан байдаг.

-Дөч хүрээд дөнгөж амс гээд үү?

-40 хүрсэн хүнд архины жүнзэнд ойртох эрх нээгдэж байгаа юм. Тавь хүрээд тавьж амс, жар хүрээд жаргаж хүрт гэж заасан байдаг. Харин архи уух тухай нэг ч үг байхгүй.

-Гадны орнууд архидалттай хэрхэн тэмцэж байна вэ?

-Хятад, Япон зэрэг Азийн бар улс орнуудад телевизийн нэг сувгаа архи тамхины эсрэг сурталчилгаа болгочихдог юм билээ. Бүр бага наснаас нь архины хор хөнөөлийг сурталчилж, дүрслэлийн аргаар жигшээж, эрүүл мэндийн боловсрол олгодог. Архидалтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажил хамгийн түрүүнд явах ёстой. Ерөөсөө архи хэрэггүй юм байна, түүний оронд халуун цай, хоол идээд, араас нь ундаа уучихъя гэсэн санаа өгөх. Хоёрдугаарт, эрсдэлт бүлгийг эмчлэх ёстой. Найз нөхөдтэйгээ уулзахаараа ухаан алдталаа архи уучихдаг, тэгээд зүгээр ажлаа хийгээд явдаг хүмүүс байдаг. Эднийг хэрэглэгч гэж үзнэ. Дараа нь хэтрүүлэн хэрэглэгчидтэй ажиллах хөтөлбөр гэж бий. Ажил төрлөө сольдог, авгай хүүхдээ зодож нүддэг зэрэг архины өвчтэй болсон хүнтэй ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Монголд өнөөдөр архины араас залгаад хар тамхины асуудал ороод ирлээ шүү дээ.

-Хэр олон хүн хэрэглэж байна вэ?

-Хар тамхи хэрэглэдэг 2000 орчим хүн байна гэсэн мэдээ бий. Тэдэнд үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээ байхгүй байна. Зохион байгуулалт хийж чадахгүй байна. 80-100 сая хүн амтай улс архичид, хар тамхичдыг зөнд нь хаядаг байхгүй юу. Гуравхан сая хүнтэй Монгол улсад тийм хатуу бодлого байж таарахгүй. Хүн амд үзүүлэх наркологийн тусламжийг цэгцлэх зайлшгүй хэрэгтэй.

-Саяхан л манай улс транзит орон гэгдэж байлаа?

-Манайх хар тамхины хувьд транзит орон гэж олон жил ярьсан. Тийм биш, аль хэдийнэ хэрэглэгч орон болчихсон. Зарим мөнгө хөрөнгөтэй, баян чинээлэг улсын хүүхдүүд архи, хар тамхитай холбогдоод явж байна. Хар тамхи хэрэглэдэг хүүхдүүд олон болж байна. Ихэнхи тохиолдолд мөс буюу ice хэрэглэж байна. Энэ бол нийгмийн, анагаахын, хуулийн маш том асуудал. Манайх эдийн засаг, мөнгө л яриад байдаг. Тэр мөнгийг хүн л олно. Тиймээс хүний эрүүл мэндийг нэн түрүүнд тавих ёстой гэж би ойлгодог.

-Гадны эмч нарыг урьж ирүүлээд, лекц уншуулж, архинаас гаргах эмчилгээ хийлгэдэг. Энэ хэр зөв оновчтой шийдвэр болдог юм бол?

-Гадны эмч, мэргэжилтнүүд ирэлгүй яах вэ. Гэхдээ Монголд наркологийн өвөрмөц бодлого байх ёстой. Түүнийг хэрэгжүүлдэг бодитой стратеги, хөтөлбөрүүд шаардагдана.

-АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭДЭГ ЗАЛУУС МАШ ИХ ТЭНЭГРЭЛД ОРЖ БАЙНА-

-Өсвөр насны хүүхдүүд архины хамааралтай болж байгаа нь санаа зовоож байна. Энэ асуудлаар танд хэр олон хүн хандаж байна вэ?

-Асар олон хүн хандаж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэж мэргэжлийн том байгууллага бий. Би тийш нь хэвтэх заалттай ихэнхи хүмүүсийг илгээж байна. Цонхоор харахад дунд сургуулийн сурагчид тамхи зуучихсан, архи уугаад зогсож байдаг. Өсвөр үе, залуучуудын архидалтын асуудлыг тусад нь авч үзэх цаг нэгэнт болсон. Сайхан ургаж байгаа цэцэг рүү архи хийчихээр хэсэгхэн хормын дотор хувхай цайгаад үхдэг. Тийм аюултай. Энэ архи чинь химийн бодис шүү дээ. Архи амсуут хүний хоолой зураад явчихдаг. Энэ нь хоолойны хучуур эдийг түлээд, цааш нь ходоодыг шархлуулаад 12 нугалаа гэдэс, дотор эрхтэнийг сарампай болгож байгаа хэрэг мөн. Уусан архи цусаар дамжин тархинд очиж хордуулдаг. Түүнээс гадна надад ажиглагдсан зүйл бол архи байнга уудаг, хэтрүүлэн хэрэглэдэг монгол залуус маш эрт тэнэгрэлд орж байна. Архи байнга уудаг хүмүүсийг харахад нүд нь гөлийсөн, харц нь нэг талдаа тулчихсан, сонирхлын хүрээ нь хумигдсан, сэтгэн бодох чадвар нь илт суларсан байдаг. Онцлон хэлэхэд, өсвөр үе эмэгтэйчүүдийн архидалтыг маш богино хугацаанд таслан зогсоохгүй бол аюултай. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол 5 дахин хурдан архинд ордог. Байгаль, организмын онцлог, уян налархай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, маш эмзэг учраас 38-43 градусын архинд амархан хордож, түүний эрхшээлд шууд ордог.

-Бидний ярьдгаар архины цагаан солио гэдэг маань солиорол уу?

-Монгол хүнд илэрдэг архинаас шалтгаалсан 9 төрлийн солиорол бий. Харааны болон сонсголын хий үзэгдэл нэгэн зэрэг архичин хүнд илрэхийг архины цагаан солио гэдэг. Жишээлбэл, бодитой юм нь байж байдаг. Өлгүүрт байгаа хувцсыг хүн гэж хараад, “Өө буу барьсан хүн ороод ирж. Одоо би яах вэ” гээд юм хум авч шидээд, хувцас байна гэхээр “Үгүй, буу барьсан хүн байна” гэдэг. Харааны хий үзэгдэлтэйгээ тэмцэж байгаа нь тэр. Түүнчлэн чихэнд нь хүн яриад байгаа юм шиг санагддаг. Гарч байгаа гэмт хэргүүдээс харахад архичин хүн солиорсон үедээ хүн алчихдаг тохиолдол байна. Монголын эрүүгийн хуульд архи ууж солиорсон үедээ хүний амь насыг хөнөөсөн этгээдийг хүндрүүлж үзнэ гэсэн заалт бий. Солиорсон хүн ялаа эдлэх хугацаандаа албадан эмчлүүлэх шаардлагатай. Дэлхийн улс орнуудын шоронгийн хориотой бүсэд “Эмчилгээний тасаг” байдаг. Энэ нь ял эдлэх хугацаандаа эмчлүүлээд, эрүүл саруул болно гэсэн үг. Тийм тогтолцоо Монголд байхгүй.

-МИНИЙ ЭМЧИЛГЭЭ СЭТГЭЦИЙН БАЙДАЛ ДЭЭР ТУЛГУУРЛАДАГ-

-Таныг архи, тамхины хамааралтай хүмүүсийг компьютерээр оношилж, өөрийнх нь хүсэлтээр оюун санаа сэтгэхүйн эмчилгээ хийж байна. Эмчилгээний үр дүнд олон хүн муу зуршлаасаа ангижирсан тухай сонслоо. Энэ талаараа ярихгүй юу?

-Бид үнэнийг хэлэхэд Оросын анагаахын эмчилгээг хуулбарлан олон жил явсан, одоо ч хэвээрээ. Хүмүүс спираль суулгуулсан, тариа тариулсан, эм уусан гээд л ярьдаг. Хэдхэн сар өнгөрөхөд суулгуулсан буюу уусан эмийн үйлчилгээ нь биеэс гараад явчихна. Архины хамааралт донтох эмгэг нь дахидаг. Гэтэл эмчилгээний хамгийн гол хэсэг нь энд орхигдоод байгаа юм. Миний бие сэтгэц-наркологийн албанд олон жил ажилласан. Монгол улсын хүний гавьяат эмч болсон. Одоо хүнд хэрэгтэй эмчийнхээ ажлыг хийе гэж сэтгэл шулуудсан. Маш их эрэл хайгуул хийж байж, өөрийнхөө сурсан эрдэм, олон жилийн мэргэжлийн туршлага дээр тулгуурлан “Стресс үүсгэн тайлбарлах, хөнгөн гипнозд оруулж ятган итгүүлэх, код хийх эмчилгээний арга”-ыг хувь хүн бүрт тохирсон программаар хийж байна. Энэ бол Монголын наркологийн шинжлэх ухаанд тэсрэлт болж байгаа юм. Хүн бүхэнд ижил эмчилгээ таарна гэж байдаггүй. Эмчилгээнд орхигдоод байгаа зүйл бол үйлчлүүлэгчийн сэтгэцийн хэв шинж, сэтгэл хөдлөл, зориг үйлдэл зэргээс хамаарч хүн бүрт тохирсон программаар сэтгэхүйн эмчилгээ хийх явдал юм. Үүний тулд эхлээд компьютерээр сорил тавьдаг.

-Эмчилгээгээ монгол хүний сэтгэл зүйн онцлогт тохируулан хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Эмчилгээг монгол хүний сэтгэл зүйн онцлогт тохируулан хийдэг. Хүний сэтгэц маш нарийн үйл явцын нэгдэл юм. Миний арга бол сэтгэцийн процесс, сэтгэцийн байдал, сэтгэцийн шинж дээр үндэслэсэн цоо шинэ эмчилгээний арга юм.

-Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох эмгэгтэй хүмүүс, хар тамхичин хүмүүст хийдэг эмчилгээ өөр өөр байх уу?

-Эмчилгээ нь зарчмын хувьд ижил. Эмчилгээний үед тухайн хүний зүүн тал бөмбөлгийн ажиллагаа суларч, баруун талын идэвх сэргэхийн хамтаар хүний далд ухамсар, зөн совин идэвхжин, уураг тархи гараг мэдээллийн торсион оронтой харилцан үйлчлэлцэж, экстрасенсор мэдээллийг авах чадвартай болдог. Торсион орон гэдэг нь эргэлдэх гэсэн утгатай англи үг бөгөөд тархийг нэвтлэн гарч байгаа гэрэлт долгион буюу хүний биеийг тойрон эргэлдэгч мэдээллийн орон юм. Тархинд эерэг мэдээлэл өгөхөд торсион орон нэг чиглэлд, сөрөг мэдээлэл өгөхөд эсрэг чиглэлд эргэлддэг. Энэ нь стресс-гипноз эмчилгээний далд ухамсарт нөлөөлөх физик үндэс болно. Орчин үеийн анагаах ухааны тулгуур шинжлэх ухаан нь химийн ухаан хэвээрээ байгаа хэдий ч маш олон шинэ нээлт физикийн шинжлэх ухаанд тулгуурлах болсныг хэлмээр байна. Код эмчилгээний мөн чанар нь тухайн эмчлүүлэгчдэд мартагдашгүй, маш хүчтэй ой санамж үлдээхийн хамт шинэ мэдрэмж төрүүлэхэд оршино.

-Таны боловсруулсан эмчилгээний арга Монголын наркологийн салбар шинжлэх ухаанд шинэ хуудас болон орно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Танд ажлын амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000