СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядаж зам гарахдаа чихэвчээ авчихаж байя
Улиг болсон сэдэв гэж тоомжиргүй хандах нэгэн байж болох ч дахин дахин хөндөхөөс өөр аргагүй нэг асуудал бол чихэвчний хөгжим сонссон залуус. Хотын гудамж, нийтийн тээвэр, сургуулийн орчин гээд хаа сайгүй чихэвч зүүсэн залуусаар дүүрэн байна. Тэд дуу хөгжим сонсохоос гадна сүүлийн үед чихэвч ашиглаж гадаад хэл сонсож сурах болжээ. Энэ нь нэг талдаа сайн ч сөрөг нөлөө нь дутахааргүй. Харамсалтай нь хожмын үр дагаврыг бодож, чихэвчний хөгжмийг зөв зохистой хэрэглэж байгаа нь бараг байхгүй.
Чихэвчний хөгжим гээч эрүүл мэнд талаасаа ч, нийгэм талаасаа ч хор нөлөөтэйг албаныхан хэлдэг. Эрүүл мэнд талаас нь яривал өдөржин шахуу чихэвчний хөгжим чанга дээр нь тавиад сонсож байгаа хүмүүсийн сонсгол мэдээж муудна. Энэ талаар мэргэжлийн эмч нар ч хангалттай ярьж мэдээлдэг. Гэтэл нийгэм талаасаа энэ ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг залуус нэг л сайн ухаарч өгөхгүй байна.
-ӨНГӨРСӨН СУРГАМЖИЙГ ЭРГЭН САНУУЛАХАД-
Чихэвчний хөгжим сонсоод орчноос тусгаарлагдсан үедээ авто осолд орж, “тэнгэр”-ээс унах төмрөнд даруулж амиа алдсан хэргүүд гарч байсныг та бүхэн санаж буй биз. Тухайлбал, хэдэн жилийн өмнө чихэвчээр хөгжим сонсож явсан охин автомашинд дайруулан амиа алдаж байв. Мөн гурван жилийн өмнө “Тэнгис” кинотеатрын зүүн талд оюутан залуу чихэвчээр хөгжим сонсож яваад барилгаас унасан төмөрт цохиулан амиа алдсан эмгэнэлт явдал болсон билээ.
Ойр орчмных нь хүмүүс дээрээс төмөр шунгинах чимээг сонсоод бултсан байхад талийгаач залуу чихэвчээр хөгжим сонсож явсан тул чимээ сонсолгүй төмөрт цохиулсан хэмээн тухайн үед харж байсан эх сурвалжууд ярьсан байдаг. Үнэндээ энэ бол чихэвчээр хөгжим сонсдог залуусын хувьд хамгийн том сэрэмжлүүлэг болсон.
Хаанаас юу ч унаж ирж мэдэх, хаанаас ямар ч машин гарч ирээд дайрч мэдэх, амьд явах баталгаагүй улсад амьдарч байгаа монголчууд бидний хувьд энэ маш чухал асуудал. Чихэвч зүүчихээд, ногоон гэрэлд найдан зам гарч яваад, гэрлэн дохионы өнгө мэддэггүй жолоочийн “дугуйны нөхөөс” болохыг ч үгүйсгэхгүй. Техникийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч Япон улсад хэрвээ чихэвчний хөгжимтэй авто замаар гарч байгаад осолд орвол өөрийнх нь буруу болох талаар хуулиндаа тусгаад, хүн бүрийн яс маханд шингэтэл ойлгуулсан байдаг гэнэ билээ.
-ЧИХЭВЧ ТАНЫГ ЗОЖИГРУУЛНА-
Албанаас авсан мэдээллээр, зам тээврийн осолд өртөж буй залуусын ихэнх нь чихэвчний хөгжим сонсож явсан, дууны үгийг бодолхийлсэн байсан гэх хариулт өгдөг байна. Мөн машины анхааруулах дохио /сигналь/ сонсохгүй, дээрэм хийх гэж байгаа этгээдүүд араас нь гэтэж буйг сонсохгүй, зүгээр хүн юм хэлэхэд ч хүлээн авахгүй байдалтай болдог байна.
Эцэг эхчүүд, багш нар хүүхдэд гудамж, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хэзээ ч чихэвчний хөгжим сонсож, гар утас, зөөврийн жижиг компьютерийг ашиглахгүй байхыг сануулж, сургах нь чухал. Учир нь эдгээр зүйлсийг хэрэглэсэн үед хүний орчноо мэдрэх мэдрэмж буурдаг.
Ялангуяа гудамж, замын хөдөлгөөнд оролцох үед хүний сонсох, харах мэдрэмж маш чухал үүрэгтэй. Хурдтай ирж яваа авто тээврийн хэрэгслийн чимээг чихэвчний хөгжим сонсож яваад сонсоогүйгээс осол гэмтэлд орох тохиолдол гардаг байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй хэдий ч юм бүхэн хэмжээтэй. Хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог гэдэг үгийг санахад илүүдэхгүй. Тиймээс залуус минь ядаж замын хөдөлгөөнд оролцож, гарцаар гарахдаа чихэвчээ авчихаж байя.
Эрдэмтэд чихэвч хэрэглэхгүй байх зөвлөмждөө:
1. Анхаарал сарниж, осолд өртөмтгий болох
2. Тархинд тогтмол давтамжтай риакт үзүүлснээр өвчлөх
3. Орчны мэдрэмж алдагдаж, тэнцвэргүй болох
4. Зожигрох /ганцаараа байдлыг эрэлхийлэх/
5. Нийгмээс хөндийрч, БИ төвтэй болох
6. Туяаны хордлогод маш бага нэгжээр тогтмол орох нь амь насанд ч аюултай гэсэн байна. Ийм шалтгаантай тул чихэвчийг аль болох хэрэглэхгүй байж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг зөвлөжээ.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл