С.Ганбаатар: Сонгуулийн ерөнхий хорооны мэдээг хүлээн зөвшөөрөхгүй
-НИЙТ 39 МЯНГА ГАРУЙ САНАЛ НЭМЭГДЭЖ, САНАЛЫН ЗӨРҮҮ ГАРСАН-
Дөнгөж сая МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллогын асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн нийт сонгогчдод талархал илэрхийлж байна. Та нарын минь өгсөн саналаар манай нэр дэвшигч бүрэн ялсан. Гэвч сонгуулийг хараат бусаар зохион байгуулах ёстой Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчийн талд илт үйлчилж МАНАН-ын талд хууль бус шийдвэр гаргахаар ажиллаа.
СЕХ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан хууль бус үйлдлийг удаа дараа гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны олон орны ажиглагчид ажиглаж байсан. Гэтэл Монгол улсын нэр төрийг шившигтэйгээр унагаж, Монголын ардчиллыг гутааж байна. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн та шөнийн 24 цагт мэдээллэхдээ нийт сонгогчдын тоог 1.327.634 гэсэн. Гэтэл эцсийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад 517.478 хүн, Монгол ардын намаас нэр дэвшигч М.Энхболдод 411.748 хүн, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарт 409.899 санал авсан гэж мэдээллээ. Ингэснээр нийт 39 мянга гаруй санал нэмэгдэж, саналын зөрүү гарч байгаа нь МАНАН-ын нэр дэвшигчдэд ашигтайгаар гаргасан гэж харж байна.
Саналын зөрүүг харуулсан энэ тоо баримт бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах хангалттай баримт тул уг сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь дахин санал хураалтын хугацааг долдугаар сарын 9-нд гэж товлон, яаран сандран мэдэгдсэн нь сонгуулийн луйвраа хурдан түргэн нуух гэсэн арчаагүй алхам гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийн луйвар булхайг бүрэн дүүрэн тал бүрээс нь шалган тогтоох ёстой" гэв.
-СЕХ ҮНЭН МӨНӨӨР АЖИЛЛАДАГ БОЛТОЛ НЬ ТУУШТАЙ ЗҮТГЭНЭ-
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "СЕХ-ны мэдээг сонссоноо хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон зуун гишүүд шударга ёсны төлөө тэмцсэн, эрс шинэчлэлт хөдөлгөөнөөр удирдуулсан иргэний нийгмийн байгууллагууд монголын төрд хяналт хариуцлагыг бий болгоё гэж тэмцсэн. Үүний төлөө олон ард иргэд ч тэмцэж байна. Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг газар болжээ. Тэд 35 мянган амьгүй албатыг бий болгож, хоёрхон өдрийн дотор 35 мянган хүнийг шинээр бий болгосон.
Та бид өнөөдөр тусгаар тогтнолын төлөө, ардчиллаа аврахын төлөө энэ хууль бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бид баримтаар нотлож чадна, хүлээн зөвшөөрч, тэднийг амтшуулж болохгүй, тэд олон жил амташсан байна. Бид энэ тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ монголын ард түмний өмнө үнэн мөнөөр ажилладаг болтол нь бид туушдаа зүтгэнэ. Эцэст нь хэлэхэд биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа, бид үндсэндээ ялсан. Энэ бол зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй, Монголын ард түмний сонгууль. Бид хамгийн цэвэр өрсөлдсөн. Бид бодлогын түвшинд ярьж байсан болохоос нэг ч удаа хувь хүний тухай, цус, удам судрын талаар яриагүй ээ. Бидний төлөө ямар ч мөнгө төгрөг авалгүй ажилласан ухуулагч та бүхэндээ баярлалаа" хэмээн хэллээ.
ЭНД ДАРЖ Хэвлэлийн хурлыг бүрэн эхээр нь үзнэ үү.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл