УИХ-ын гишүүдийг ОГЦРУУЛАХ, ЭРГҮҮЛЭН ТАТАХ хуулийн төсөл гацав

Д.Тулга / Улстөр

chuulgan

-СУМЫН ЗАСАГ ДАРГААС ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ
ОГЦРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ-

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, эргүүлэн татах утга агуулга бүхий хуулийн төсөл хоёр парламент дамжин удааширч байна. Өмнөх парламентийн үед УИХ, байнгын хорооны хуралдаанаар “Хэлэлцэх нь зүйтэй” гэж дэмжигдсэн ч анхны хэлэлцүүлэгтээ оролгүй байсаар чуулган завсарлуулсан. Улмаар өнгөрсөн оны сүүлээр /2016.12.27/ хуулийн төслийг дахин өргөн барьсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, аймаг нийслэлийн засаг дарга нар холбогдох хууль тогтоомж ноцтойгоор зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол хуулийн хугацаанаасаа өмнө огцрох эрхзүйн орчин үүснэ. Ингэхдээ ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсан нь цэцийн хуралдааны шийдвэрээр тогтоогдол шууд огцрохоор зааж өгөөд байгаа юм.

Харин УИХ-ын гишүүдийн тухайд байнгын хороогоор хэлэлцүүлэн, парламентийн 4/1-ээс доошгүй нь дэмжсэн бол огцруулах, тойргоос сонгогдсон гишүүнийг сонгогчдынх нь хүсэлтээр эргүүлэн татахаар тусгаж өгсөн байна. Хамгийн чухал нь, УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Аавлигын эсрэг хууль зөрчсөн,албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж шууд үзнэ. Огцруулах үндэслэлийг ердөө УИХ-ын наймаас доошгүй гишүүн дэмжсэн бол албан ёсоор хэрэгжүүлэх юм. Нэг ёсондоо тухайлсан албан тушаалд томилогдохын чуулганы танхимд ганц удаа үзэгдээд, батламжлагдсаныхаа дараа тэр чигтээ “дархлагддаг” албан тушаалтнуудад бодитоор хариуцлага тооцно гэсэн үг.

Үндсэндээ хуулийн төсөл батлагдаж гэмээнэ, сумын засаг даргаас ерөнхийлөгч хүртлээ болохгүй зүйл хийвэл “халагдана, огцорно” гэсэн ойлголт тархиндаа суулгах юм. Албан тушаалд ингэж хандсанаар “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэх үг бодитоор биеллээ олж, албан тушаалтнууд мөнхийн уг суудалд суух юм шиг авирлахгүй байх сайн талтай.

-МАН-ЫН ГИШҮҮД ТОЛГОЙ ДАРААЛАН ЭСЭРГҮҮЦЭВ-

Өмнөх парламентийг бодвол эрх баригч нам парламентад 65 суудалтай. Энэ утгаараа төрийн албыг хариуцлагажуулах асуудлыг удаа дараа сөхөн ярьж буй эрх баригч нам бүлэг дээрээ хуулийн төслөөр саналаа нэгтгээд орох боломжтой. Гэвч өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр эрх баригч намын гишүүд толгой дараалан хуулийн төслийг эсэргүүцэж, буцаах саналтай буйгаа илэрхийлэв.

Бүр тангараг өргөснөөсөө хойш ердөө 4-5 удаа чуулганд ирц бүртгүүлсэн, парламентийн “ховрын хүн” О.Содбилэг, хуралдаанд огтоос харагддаггүй ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар зориуд ирж, сөрөг саналаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг “УИХ-ын гишүүд сонгогдсоны дараа эгүүлэн татах нь мөнхийн хэрүүл дагуулна. Тиймээс л дараагийн сонгуулиар ард иргэд дүнгээ тавьдаг тогтолцоотой. Хариуцлагын асуудал ардчилсан журмаараа явж байгаа. Тийм ч учраас өнөөдөр МАН-аас 65 гишүүн сонгогдсон. Гэтэл сонгуульд ялагдсан тал нь нөгөө хүнээ эгүүлэн татах эцэс төгсгөлгүй маргаан гаргах шаардлагагүй” гэж дүрэмдэв.

Улмаар ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өмнөх парламент дээр унасан хуулийн төслийг дараагийн парламентаар оруулж ирдэг байдлыг болих хэрэгтэй. Иймэрхүү юмыг өргөн барихдаа ч зарчимтай хандах ёстой. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой юу гэвэл тооцох ёстой. Зарчимтай болгох ёстой. Гэхдээ иймэрхүү байдлаар жинхэнэ орон нутаг дээр улстөржсөн, улс төрийн намыг талцуулах нөхцөл байдлыг өдөөн турхирсан хуулийн төслийг дэмжих боломжгүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжих ёстой. Хариуцлагын тогтолцоо хаана хаанаа чанга байх ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн институци хууль санаачилдаг, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дээр хууль тогтоох засаглалын эрх мэдлийг оруулж ирж төр самардаг ийм зүйлээс бид салах хэрэгтэй. Тиймээс хууль санаачилж байгаа Ерөнхийлөгчийн субъектийн хувьд дэмжихгүй. Магадгүй найман жилийн өмнө энэ хуулийн төсөл орж ирсэн бол дэмжиж болох байсан. Утаа, утаа, утаа гээд найман жилийн өмнө ярьсан бол магадгүй утаа арилах байсан байх. Тиймээс энэ хуулийн төслийг буцаах тухай горимын санал гаргаж байна. Дараагийн намрын чуулганаар хариуцлагын асуудлыг цогцоор нь оруулсан хуулийн төсөл оруулж ирэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ингэж хуралдаанд оролцогчид хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд энэ төрлийн хуулийг ерөнхийлөгч өргөн барих бус УИХ-аас боловсруулах нь зүйтэй гэсэн нийтлэг саналтай байсан юм. Хуулийн төсөл байнгын хорооны босго давахгүй унах нь уу гэж байтал Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд УИХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулах горимын санал гаргаж, санал хураалтаар нэг удаа унах аюулаас аварсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын хэлснээр уг хуулийн төсөл амжвал хаврын чуулганаар, амжихгүй бол ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэхээр орж ирэх нь. Гэвч ирэх улирлуудын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаасаа эхэлж, урагшилна гэхэд бас л хэцүү. Монголын маргааш олон гэгчийн үлгэрээр чуулган дамнуулан шидэж байтал дөрвөн жил өнгөрчихийг ч үгүй гэх газаргүй.

Энд, МАН өмнөх парламентад 25-уулаа сууж байхдаа нэр бүхий гишүүд нь дэмжихээ илэрхийлж, төрийн албыг хариуцлагажуулах ажилд АН-ыг идэвхгүй хандлаа гэж шүүмжилж байсан нь саяхан. Одоо харин улаан гэрлээр батлах боломж байсаар байтал буцаах саналаар дуу нэгтэй дуугарч байгаа нь нөгөө л УИХ-ын гишүүдийн хугацаанаасаа өмнө огцрохгүй байх айдастай нь холбоотой юм.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000