Их Британий эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг эм гарган авчээ
Их Британийн хэсэг эрдэмтэд митохондри (эсийг энергиэр хангагч станц) дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай "MedicalXpress" сэтгүүлд мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжилжээ.
Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд лабораторийн нөхцөлд AP39, AP123, RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршсан байна. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг аж. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна.
AP39, AP123, RT01 нэгдлүүд нь хүхэрт устөрөгчийг митохондрид хүргэснээр цаашид удаан хугацаанд ажиллах, хөгшрөлтийг сааруулахад шаардлагатай энергийг гэмтсэн болон хөгширсөн эсүүдэд өгснөөр дээрх үр дүн гарчээ.
Эрдэмтэд дээрх нэгдлүүдэд суурилсан эмүүд амьдрах хугацааг уртасгах төдийгүй амьдралын чанарыг сайжруулна хэмээн онцлон дурдсан байна. Түүнээс гадна митохондрид нөлөөлснөөр зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэлийг багасгах ажээ.
Д.ТУЯА
Сэтгэгдэл