Лам нартай харьцаанд орж, зураг бичлэгээ ашиглан шантаажилж, мөнгө авдаг эмэгтэйг баривчилжээ

Тайландын цагдаа нар нэгэн эмэгтэйг баривчилжээ. Түүнийг лам нартай бэлгийн харьцаанд орсныхоо дараа тухайн үйлдлүүдийн зураг, бичлэгийг ашиглан, мөнгө нэхэн дарамталдаг байсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.
Цагдаагийн мэдээлснээр, "Гольф хатагтай" хэмээх тэр эмэгтэй хамгийн багадаа есөн ламтай бэлгийн харьцаанд орсон бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 385 сая бат (ойролцоогоор 11.9 сая ам.доллар) авсан байж болзошгүй байгаа аж.
Энэ хэрэг нь Тайландын нийгэмд ихээхэн хүндтэй байр суурь эзэлдэг Буддын шашны институцид сүүлийн жилүүдэд гарч буй олон шуугиант хэргийн нэг бөгөөд лам нарын бэлгийн харьцаанд орсон хэргүүд, мансууруулах бодистой холбоотой зөрчлүүд тасралтгүй нэмэгдэж байгааг харуулж буй ажээ..
Цагдаагийн мэдээлснээр, уг хэрэг анх зургадугаар сарын дунд үед илэрсэн бөгөөд Бангкок дахь нэгэн сүмийн хамба лам гэнэт сахил санваараасаа татгалзсан нь нэгэн эмэгтэйн "шантааж"-тай холбоотой болохыг тогтоожээ.
Цагдаа нар "Гольф хатагтай" тухайн ламтай 2024 оны тавдугаар сард “дотно харилцаатай болсон” бөгөөд дараа нь жирэмсэн болсноо мэдэгдэн, 7 сая гаруй батын хүүхдийн тэтгэмж нэхсэн" гэж мэдээлсэн байна.
Сайхь эмэгтэйд бусад лам нар ч мөн адил мөнгө шилжүүлж байсныг эрх баригчид илрүүлсэн агаад цагдаа нар үүнийг түүний “байнгын арга барил” гэж нэрлэжээ.
Цагдаа нарын хэлснээр, эмэгтэйн бусдыг шантаажилж олсон мөнгөний ихэнхийг бэлнээр гаргаж авсан бол зарим хэсгийг онлайн мөрийтэй тоглоомд ашигласныг нь тогтоосон байна.
Энэ сарын эхээр түүний гэрт нэгжлэг хийн, гар утсуудыг нь хураан авч, 80,000 гаруй зураг, бичлэг илрүүлсэн ба эдгээрийг лам нарыг шантаажлах зорилгоор ашиглаж байсан гэж цагдаа нар хэлжээ.
Түүнд шантааж хийсэн, мөнгө угаасан, хулгайн хөрөнгө хүлээн авсан гэх зэрэг хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Цагдаа нар мөн “ёс журам зөрчсөн лам”-ын талаар мэдээлэх тусгай утас ажиллуулж эхэлжээ.
Энэ дуулиан нь Тайландын Буддын шашныг удирддаг дээд байгууллага болох Сангхын Дээд Зөвлөлийг арга хэмжээ авч, сүм хийдийн дотоод дүрэм журмыг хянах тусгай хороо байгуулах шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Засгийн газраас лам нар сахил санваараа зөрчсөн тохиолдолд өндөр торгууль оноох болон хорих ялаар шийтгэх зэргээр илүү хатуу шийтгэл оногдуулах санал дэвшүүлж байгаа аж.
Тайландын Хаан Важиралонгкорн зургадугаар сард 81 ламд олгосон дээд цолыг энэ долоо хоногт хүчингүй болгожээ. Тэрбээр энэ шийдвэрээ сүүлийн үед гарсан зөрчил, ёс зүйн алдаа нь "Буддистуудын сэтгэл санаанд гүн хохирол учруулж байна" хэмээн тайлбарласан байна.
Тайландад хүн амын 90 гаруй хувь нь бурханы шашинтан бөгөөд лам нарыг ихэд хүндэтгэдэг. Мөн тай эрэгтэйчүүд түр хугацаанд лам болж, буян хураах уламжлал байдаг ч сүүлийн жилүүдэд буддын шашны хүрээнд гарсан олон дуулиант хэрэг ил болж, энэ байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болжээ.
Жишээ нь, 2017 онд тансаг амьдрал, гадаад улс руу байнга явдгаараа олонд танигдсан лам Вирапол Сукпхол бэлгийн гэмт хэрэг, залилан, мөнгө угаах зэрэг олон хэргээр олон улсын анхааралд өртсөн аж. Мөн 2022 онд хойд нутгийн Пхетчабүн мужийн нэгэн сүмд хар тамхины хэрэгтэй холбоотойгоор бүх ламыг нь баривчилж, сахил санваараа орхицгоосон байна.
Хэдийгээр олон жилийн турш сахилга бат, хариуцлагаа умартаж буйг шүүмжилж ирсэн ч Тайландын Буддын шашны байгууллагад бодитой өөрчлөлт тэр бүр хийгдээгүй ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ нь хатуу шаталсан удирдлагын тогтолцоотой нь холбоотой гэнэ.
Шашин судлаач Сурапот Тависак "BBC Thai"-д ярилцлага өгөхдөө "Энэ тогтолцоо нь Тайландын төрийн албаны системтэй төстэй. Ахмад лам нар нь өндөр албан тушаалтан шиг, харин залуу лам нар нь доод тушаалын албан хаагчид шиг байдаг. Ямар нэгэн буруу зүйл харсан ч тэд дуугарч зүрхэлдэггүй. Учир нь тэднийг сүмээс хөөх амархан" гэжээ.
Гэсэн хэдий ч зарим хүмүүс цагдаа болон Сангхын зөвлөлийн явуулж буй мөрдөн шалгалтуудыг шаардлагатай шинэчлэлийг урагшлуулах чухал алхам гэж үзэж буй аж.
Бангкок дахь Таммасат их сургуулийн нийгэм судлаач Пракирати Сатасут "Хамгийн чухал нь үнэн бодит байдлыг ил болгох явдал. Ингэснээр олон нийт Сангхын нэр төрд эргэлзэх эргэлзээгээ тайлах боломжтой болно" хэмээн хэлжээ.
Тэрбээр "Сангхын Дээд Зөвлөл энэ байгууллагыг аврахын тулд ‘зарим гар, хөлийг тасдах’ шийдвэр гаргах эсэхээс их зүйл шалтгаална" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Irgen [202.9.41.108] 2025-07-17 17:28:01
Iim balai medee tavij bhaar turd bga tomchuudiin sugani us Erdenetiin Endon gj 100 sayiin tsalin avdag hezeech iimerhuu alban tushaalaas buudaggui .huuhdiin zuslang shoron bolgosoniig gazar deerees n survaljlaach.Bas MAN taviuluud bdgiimuu.Hunii huuhdiig alah gj bn.ene saituud hudalddagsan uomuu.Etseg eh n temtsej orilj bn.Er n daatgalaar amraadag gazruud Arga bileg.Baga nuuriin suvilal gj ereegee hyrtel tusd uneleed bga shalga.70 aar zugeer amraah estoi bizfe
НАРА [66.181.177.163] 2025-07-17 16:50:47
МОНГОЛ ХҮҮХНҮҮД ТОЛГОЙ МУУТАЙ ЮМАА ! МУУСАЙН ЛАМ НАРЫГ ГАШРААЖ ӨГӨХГҮЙ !
Мудаак [122.201.31.235] 2025-07-17 17:05:17
Би чамайг хашрааж болно