Юн болон 11 өндөр албан тушаалтныг тэнгисийн цэргийн үхэлд буруутгажээ
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль болон өөр 11 өндөр албан тушаалтныг тэнгисийн цэргийн алба хаагчийн амиа алдсан хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр ялласан гэж тусгай прокурор мэдэгджээ.
Тэрбээр "Юныг ахлагч Чэ Су-гүний нас барсан хэргийн талаарх цэргийн анхны мөрдөн шалгалтын дүгнэлтийг өөрчлүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн алба болон Батлан хамгаалах яаманд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр байцаасан. Энэ нь тухайн үеийн Тэнгисийн явган цэргийн командлагчийг хариуцлагаас чөлөөлөх зорилготой байсан" гэж мэдэгдсэн байна.
Энэхүү шинэ ял Юныг арванхоёрдугаар сарын 3-нд онц байдал тогтоосон асуудлаар өмнө нь гаргасан бусад ял дээр нэмэгджээ. Юн эрх мэдлээ урвуулан ашигласан, мөн албаны баримт бичиг үйлдэхэд хөндлөнгөөс оролцсон гэх зүйл ангиудаар шүүхэд дуудагдсан.
Энэ удаагийн ял нь биечлэн саатуулахгүйгээр шалгах боломжтой боловч Юн өмнө нь онц байдалтай холбоотой хэрэгт холбогдон баривчлагдсан хэвээр байгаа юм.
Тусгай прокурор мөн Тагнуулын дарга асан Чо Тэ-ён, Батлан хамгаалахын сайд асан Ли Жон-соб зэрэг 11 хүнийг Чэгийн хэргийн мөрдөн шалгалтад Юны заавраар оролцсон хэмээн ялласан байна.

Талийгаач тэнгисийн цэрэг 2023 оны долдугаар сарын 19-нд аадар борооны дараа, үерийн үеэр амь үрэгдсэн иргэдийг эрэн хайх ажиллагаанд оролцохдоо аврах хантааз болон хамгаалалтын тоног төхөөрөмжгүй байсан аж.
Цэргийн мөрдөн шалгалтын дүгнэлтээр тэнгисийн явган цэргийн 1-р дивизийн командлагч асан Им Сон-гүн тэргүүтэй найман хүнийг мэргэжлийн хувьд хайхрамжгүй байдал гарган, цэргийг амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй гэж үзжээ.
Тухайн үед Ли (сайд) мөрдөн шалгалтын тайланг ямар нэгэн маргаангүй баталсан боловч Юн тайлангийн талаар мэдээлэл сонсоод “уурласан” тул Ли уг хэргийг цагдаад шилжүүлэхгүй байхыг тушаасан гэж тусгай прокурор үзсэн байна.
Чэгийн үхлийн талаар тэнгисийн явган цэргийн мөрдөн шалгалтыг удирдаж байсан хурандаа Пак Жон-хун нь Лигийн тушаалыг дагаагүй тул албан тушаалаасаа чөлөөлөгджээ.
Тусгай прокурорын үзэж буйгаар, Юн тухайн үед Батлан хамгаалах яам болон ерөнхийлөгчийн албанд хууль бус заавар өгсөн нь түүний ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнээс давсан үйлдэл болжээ.
Ерөнхийлөгч засгийн газрын тэргүүн байдлаар яамдад дамжуулан хяналт тавих эрхтэй ч энэ нь ерөнхий, зарчмын шинжтэй бөгөөд хуулийн дэг журам, зохих журмыг баримтлан хэрэгжих ёстой.
Тусгай прокурор “Энэ хүрээнээс давж, тодорхой хэрэг дээр тодорхой заавар өгөх нь мөрдөн шалгалтын шударга, бие даасан байдалд халдаж, хууль бус дур зоргын эрх мэдэл хэрэгжүүлэх замаар иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн” гэж нэмж хэлсэн байна.
Юн сайд асан Ли-г 2024 оны 3 дугаар сард Австралид суух Элчин сайдаар томилсон нь түүнийг тэнгисийн цэргийн хэргээс зайлсхийхэд тусалсан байж магадгүй гэх сэжиг төрүүлжээ. Юн эл хэрэгт гэм буруугүйгээ мэдэгдэж байгаа аж.
Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл