Монгол тамирчдын жинхэнэ ЯЛАЛТ ТЭРБУМ воноос ч үнэтэй байлаа

Aдмин / Нүүр

Сайн байна уу? Энэ нийтлэлийг уншиж байгаа танд Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе. Үндэсний бахархал, түүх соёл, өв уламжлалаараа гайхуулан бахархдаг энэ сайхан өдрийг тохиолдуулан яг энэ нийтлэлээ уншигч та бүхэндээ хүргэхийг хүссэн юм. Учир юу вэ гэвэл өнгөрсөн хугацаанд бид зөвхөн агуу их Чингис хааны Дэлхийн талыг эзэлсэн түүхээр омогшиж, гайхуулж ирсэн бол өнөөдөр олон, олон амжилтын эзэн болсноороо бахархаж сууна.

Би энд хамгийн сүүлийн хоёр жишээг онцолъё.

Нэгдүгээрт, Mongolz багийн цахим спортоор олсон амжилт. Тэд Монгол Улсыг дэлхийн олон сая eSport сонирхогчдод сурталчлаад зогсохгүй, тэдний хайр хүндлэлийг хүртэж байна.

Хоёрдугаарт, Netflix-ийн Physical: Asia нэвтрүүлэг. Анх удаа Netflix-ийн шоуг эх хэл дээрээ үзээд зогсохгүй, эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаа харахад өөрийн эрхгүй омогшиж, бахархах мэдрэмж төрж байв. Тамирчдын сэтгэлзүй, хувь хүний онцлог, тэсвэр тэвчээр, ухаан, овсгоо нь хүн бүрийн зүрхэнд оч асааж, монголчуудыг нэгтгэж чадсан гэдэгт би итгэлтэй байна. Үзэгчийн хувьд би олон ч удаа нулимсаа барьж чадалгүй уйлсан.

Ингээд хамгийн чухал асуудалдаа оръё.

Тэмцээнийг эхнээс нь төгсгөл хүртэл бахархаж, хайрлаж үзэж дуусгасан хүний хувьд финалын үр дүн мэдээж төгс байсангүй. Гэхдээ шилдэг хоёр багт шалгарч үлдэнэ гэдэг өөрөө маш том амжилт. Хамгийн чухал нь тэрбум воны шагналаас хэд дахин илүү хайр, хүндлэлийг бид авч байна. Монгол Улсын тамирчид элдэв маяггүй, өөрсдөөрөө байж чадсан нь магадгүй олон сая хүний хайрыг татсан биз ээ.

Гэвч сайныг дагаж саар гэгчийн адил тэмцээний үр дүнтэй холбогдуулан Монголчууд, Солонгосын баг тамирчид руу луйвар, булхай хэрэглэсэн гэж цахим орчин дайрч эхлэв.

Тэмцээн өндөрлөсний дараа TikTok болон бусад платформ дээрх гадаад иргэдийн сэтгэгдлийг уншихад:

-Солонгос Улс тэмцээнд ялсан бол Монголчууд дэлхийн нийтийн зүрхэнд ялалт байгуулж чадлаа.

-Монгол Улсын баг тамирчдаар бахархаж байна.

-Монгол Улс руу аялмаар байна гэх сэтгэгдлүүд ар, араасаа хөвөрчээ.

Тэр дундаа Солонгосчууд хамгийн их эерэг сэтгэгдлийг бичиж байсан юм. Жишээ нь Монголчууд үнэхээр хүчирхэг, олон хүний хоёр өдөр хийдэг ажлыг хоёрхон монгол хүн хагас өдрийн дотор хийдэг. Монголын баг тамирчид үнэхээр царайлаг, Монгол, Солонгос хоёр нэгдвэл гоё, би солонгос хүн хэдий ч монголын багийг дэмжээд байна. Монголчууд Чингис хааны үр сад гэдгээ дахин баталж харууллаа. Netflix одоо Солонгосын багтай Монгол руу явж нэвтрүүлгээ хий гэх мэт маш их эерэг сэтгэгдлүүдийг илгээж байсан юм.

Харамсалтай нь монгол талаас бичигдсэн олон сэтгэгдэл тийм ч эерэг байсангүй. Солонгосын багийг “булхайцсан”, “хаалга өөр материалаар хийсэн”, “кимчиний хүүхдүүд хүчтэй байх боломжгүй” гэх мэт маш бүдүүлэг үг хэллэгээр дайрч давшилсан байв. Мэдээж Солонгосын зарим иргэд ч үүнд хариу барьж, “дараагийн удаа Монголыг оролцуулах хэрэггүй”, “өөрсдөө зохиосон тэмцээнд түрүүллээ гээд юу нь буруу байна” гэх мэт сөрөг хандлагууд гарч эхэлсэн.

Сэтгүүлч хүний нүдээр харахад энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал.

Бид энэ тэмцээнээр дамжуулан тэрбум воны шагналаас хэд дахин илүү нэр хүндийг олж авч чадсан. Солонгосчууд Монголчуудыг өөр нүдээр харж, хүлээж авч эхэлсэн нь хоёр улсын хувьд эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад ирэх жилийн зун Монгол Улсад ирэх жуулчдын тоо хэдэн мянгаар нэмэгдсэн байх. Иймд бид гоншигнож, хэрүүл тэмцэл хийхийн оронд олдсон боломжоо чанга атгаад урагшаа алхах хэрэгтэй.

Харин үгүй гэвэл цаашид ирэх сөрөг үр дагаварт бэлэн байх хэрэгтэй. Хоёр улсын найрамдалт харилцаа муудаж, Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа цөөн хэдэн монголчуудаа буланд чихүүлэх, хэл ам тэмцлээсээ болж олон улсын тэмцээн уралдаануудад оролцох эрхгүй болох, жуулчид нь монголоос зугтах гэх мэт тоочоод байвал олон сөрөг үр дагавар бий.

Иймд даагнаас бус дарвагараас болж унадаг гэдэг үгийн адил хохирогчийн дүрд тоглох оо одоо зогсооцгооё. Харин ч энэ шоунаас сурсан зүйлээ бататгаад, урагшилцгаая. Чингис хаанаас өөр мэдэх зүйлгүй байсан Дэлхийн олон сая иргэдэд Монголчуудыг дахин батлан харуулж, хайр хүндэтгэлийг нь хүлээхээс өөр том шагнал гэж үгүй. Гэтэл бид яг юуны төлөө цахим орчинд монгол, гадаадгүй хэрүүл хийж тэмцэнэ вэ. Дэлхий нийт харсан. Буруу, зөвийг шүүх эрхийг бусдад үлдээгээд гаргасан амжилтаараа, цаашид гаргах амжилтандаа л анхаарцгаая.

Монгол Улсын зургаан тамирчин өөрсдийн хурд, хүрч, овсгоо, самбаа, тэсвэр тэвчээрийн хязгаарыг давж, маш том амжилтыг гаргасан. Тамирчны алдар хямдхан олдоогүй. Бүх хүчээ шавхаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулсан тамирчдынхаа амжилтыг үнэлж чадахгүй юм аа гэхэд хойш татахгүй байцгаая. Зүгээр л хамтдаа бахархацгаая гэж та бүхнийг уриалмаар байна. Хүн бүхэнд эерэг сайхан сэтгэл бий. Монголчуудад хамгийн их тусч, өгөөмөр, сайхан сэтгэл бий гэдэгт итгэж байна. Мөн Монгол Улсыг тэмцээндээ урьж оролцуулсан Netflix болон Physical: Asia шоуны баг хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа. Энэ нийтлэлийг уншсан уншигч та бүхэндээ баярлалаа. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг...

Сэтгүүлч Б.Амина


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.