СУРВАЛЖИЛГА: Хүүхдээ зөв өхөөрдье, эцэг эхчүүд ээ!
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд төсөлд хамрагдаж буй цэцэрлэгийн багш, эмч, өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд сэргээн засах буюу хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын тусгай сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, 10 дугаар тусгай цэцэрлэгийн багш, мэргэжилтнүүд оролцож, сэргээн засах тусламж үйлчилгээний ерөнхий ойлголт өгөх, хүүхдийн хөдөлгөөн засал, хэл заслын онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулсан юм.
Сургалтын явцад тусламж дэмжлэг шаардлагатай тархины саажилт, хөгжил хөдөлгөөний хоцрогдол, аутизм, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж, тэдэнд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх практик аргачлалыг цэцэрлэгийн багш, өрхийн эмнэлгийн эмч нарт зааж сургав.
Энэ нь хөгжлийн хоцрогдолд хүргэдэг дээрх бэрхшээлтэй хүүхдүүдийг бодит байдал дээр үзэж үнэлэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, багийн туслалцаа авах, хөдөлмөр засал, хэл заслын тусламж үйлчилгээний ач холбогдлыг ойлгоход дөхөм болж буйг оролцогчид онцолж байлаа.
Түүнчлэн төслийн зорилтот өрхийн эмнэлгүүдэд нийлүүлсэн хүүхдийн хөгжлийн үнэлгээнд ашиглагдах тоглоом, туслах хэрэгслийг хэрхэн ашиглах тал дээр зөвлөмж өгсөн бөгөөд тус сургалтыг нийслэлийн хүүхдийн 10-р тусгай цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, хэл засалч, сэргээн засахын эмч нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхэд хэл заслын болон сэргээн засахын үзлэг, цаашдын эмчилгээ, тусламж үйлчилгээг хаанаас, хэрхэн авах талаар зөвлөгөө өгсөн юм.

Хэл засалч Д.Гэрэлмаа хэл ярианы бэрхшээлийн ерөнхий олголт, үүсэх шалтгаан, эмгэг, хэл ярианы бэрхшээлийг үнэлэх, арга аргачлал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хооллох арга зүй, аутизмын хүрээний эмгэгийн тухай лекц уншив.
Хөдөлмөр засалч Т.Лхагвасүрэн бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх тухай ерөнхий ойлголт өгч, хөдөлмөр засал эмчилгээний талаар, хөдөлгөөн засалч Б.Бямбадэлгэр доод мөчдийн согогийн хөдөлгөөн засал эмчилгээний талаар тус тус лекц уншсан юм.
-ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТОГТМОЛ ТОГЛОЖ, ЗӨВ ХАРИЛЦАЖ БАЙГААРАЙ-
Бидний зарим нялх бяцхан үрсээ хэлд орох үед буруу хэлсэн үгсийг нь өхөөрдөн, хэл ярианы бэрхшээлтэй болгодгоо төдийлөн анзаардаггүй. Тухайлбал, абаа, ээдээ, моль гэх мэтчилэн хэлэхийг нь “өөгшүүлж” болдоггүй бөгөөд зөв хэллэг, дуудлагатай болгож сургах нь чухлыг сургагч багш нар онцолж байлаа. Иймд хүүхэдтэйгээ тоглож, чөлөөтэй харилцаж хэвшээрэй.
Хэл ярианы хөнгөн хэлбэрийн бэрхшээлийн дэмжлэг үзүүлэхдээ ажиглаж, үнэлж, зурган карт ашиглан, тоглоомын аргаар үгийн нөөцийг нэмэгдүүлдэг байна. Мөн өгүүлэх эрхтэний идэвхжүүлэх дасгал ажиллуулж, үлээх, тоглоом ашиглах гэх мэтээр амьсгалын болон хэлний булчин чангалах дасгал хийлгэж байхыг сургалт дээр мэргэжилтнүүд онцолж байлаа.

Хэрэв таны хүүхэд 4 сартайдаа гунганахгүй байвал, 9 сартайдаа үлэмж шулганахгүй байвал, 12 сартайдаа хүүхэд хандан ярих үед инээмсэглэж баярлахгүй бол, 18 сартайд нэрээр нь дуудах үед эргэж харахгүй, ойр дотны хүмүүсийг дуудах үед ойлгож харах, нэг ч үгийг дуудаж хэлэхгүй байвал хэл засалчид хандахыг сургагч багш Д.Гэрэлмаа зөвлөв.

Мөн хүүхэд тань хоёр настайдаа энгийн гуйлтыг биелүүлэхгүй, богино энгийн өгүүлбэрээр ярихгүй байвал, гурван настайдаа хэлсэн үгийг давтан хэлсэн хэдий ч өгүүлбэрээр ярихгүй байвал, 4 настайдаа хүүхдийн хэл яриаг эцэг эхээс өөр хүн ойлгохгүй, үгийг тодорхой бус дууддаг, өгүүлбэр хэлэхгүй, асуулт тавихгүй, дохио зангаагаар илэрхийлж байвал энэ нь хэл засалчид заавал хандах шалтгаан болдог байна.
Дуу авиа хөгжих үе шатны тухайд өгүүлэхэд, амны хөндийн эрхтэнүүд бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг нярай үед хүүхэд дуу авиа гаргадаггүй. Хүүхэд 3-4 сартайд ганганах гэх мэтээр эгшиг авиа гаргадаг бол 6 сартайд аажмаар б, м, л, в гэх мэтээр эгшиг авиа гаргаж эхэлдэг ажээ. Нэг насандаа хүүхэд аав аа, ээж ээ гэж хэлдэг бол 1-2 настайд б, м, в, л ф гэх мэт эгшиг долоон авианд оруулдаг байна. Энэ насанд 150-200 үг хэрэглэдэг болдог ажээ.
2-3 настайдаа 3-4 үгтэй өгүүлбэрээр ярьж эхэлдэг бөгөөд 150-900 үг ойлгодог болдог бол 3-4 настайдаа хэн, хаана, юу гэхийг ойлгож, өдөр болгон үйл явдлаа өгүүлбэрээр ярьдаг болдог ажээ.
Таван настай хүүхэд 2400 үгийг маш сайн ойлгодог бол 6 настай хүүхэд 6000 үгийг ойлгож, 3000 үгээр ярьдаг болдог байна.
Хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутамд аливаа зүйлсийг нэрлүүлэх, амьтан, хүнс, хувцас гэх мэт ангиллын дагуу үгсийг тоглоомоор сургах, үгтэй зурагт карт, дүрслэх тоглоом ашиглах хэрэгтэй ажээ. Жишээлбэл, “Юу алга болсон бэ?” гээд зурагнаас нэг зүйл нууж, нэрлүүлэх хэрэгтэйг сургагч багш онцолж байлаа.
Бид сургалтын явцад сургагч багш нар болон сургалтад хамрагдаж буй зарим төлөөлөлтэй ярилцсанаа хүргэж байна.
-ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ХЭДИЙЧИНЭЭ ЭРТ ИЛРҮҮЛНЭ ТӨДИЙЧИНЭЭ ҮР ДҮНТЭЙ-

Нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн хөдөлмөр засалч Т.Лхагвасүрэн:
-Өнөөдрийн сургалт цэцэрлэгийн багш, өрхийн эмч, хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулсан бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх гол зорилготой явагдаж байна. Энэ сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Хамгийн гол нь, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь их чухал.
Үүний тулд эрүүл хүүхдийн хөгжлийн үе шатыг маш сайн мэддэг байж тухайн хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийг оношлоод, дараа дараагийн шат, мэдрэлийн эмчид хандаад, мэдрэлийн эмч тухайн хүүхдэд тохирсон хөдөлгөөн засал юм уу, хөдөлмөр засал руу явуулж, аль болох эрт илрүүлэх зорилготой. Хэдийчинээ эрт илрүүлнэ төдий чинээ хүүхдэд үр дүнтэй гэж үздэг.
Хүүхэд тархины саажилттай болж байгаагийн гол гурван шалтгаан байдаг. Төрөхийн өмнөх, төрөх, төрсний дараахь гэсэн. Төрөхийн өмнөх гол шалтгаан нь ураг эхийн хэвлийд байгаа тохиолдолд эх ямар нэгэн халдварт өвчнөөр өвдсөн тохиолдол, зулбахыг завдсан зэрэг шалтгаанууд ордог.
Эхний гурван сард мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа бүрэлддэг болохоор гаднаас ямар нэгэн гэмтэл авах зэрэг тохиолдолд тархины саажилт үүсэх шалтгаан болж байна. Төрөх үед гаднын багаж төхөөрөмж ашиглахад гэмтэл орж ирдэг. Төрсний дараахь саажилтын тухайд, нярайн шарлалт их орж ирдэг. Сүүлийн үед тархины саажилтын 50-60 хувь нь нярайн шарлалтаас үүдэж байна.
-ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ГОЁ ДОЁ, ГОГО ГЭХ МЭТЧИЛЭН ХЭЛҮҮЛЭЭД, ХЭЛ ЯРИАНЫ ХОЁРДМОЛ БАЙДАЛД ХҮРГЭДЭГ-

Хэл засалч Д.Гэрэлмаа:
-Энэ удаагийн сургалтад би хэл засал эмчилгээний талаар мэдлэг олгож байна. Сүүлийн үед хэл ярианы хоцрогдол, аутизм нэлээн ихэссэнтэй хлобоотойгоор энэ сэдвээр багш, эмч, мэргэжилтнүүдээ түлхүү ойлголт өгөхийг зорьсон. Энэ сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалт маань мөн хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа давуу талтай. Сургалтад хамрагдаж буй багш, эмч нар, өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг чадавхжуулж, хэрэглэл материалаар хангаж өгч байгаад маш их баяртай байдаг. Энэ дагуу анхан шатны мэдлэг олгох сургалт хийж байна.
Хэл ярианы бэрхшээл тархины саатай адилхан олон шалтгаантай. Ихэвчлэн органик, функциональ, орчны, сэтгэхүйн гэсэн дөрвөн том шалтгаан байдаг. Органик шалтгаанд захын болон төвийн мэдрэлийн шалтгаан ордог. Функциональ нь төв мэдрэлийн систем гэмтсэний улмаас үүсдэг.
Орчны, сэтгэл зүйн шалтгаан нь орчинтой холбоотой. Жишээлбэл, хүүхэд хэлд орох үед эцэг, эх нь үл хайрхарсан маягаар, зурагт үзүүлдэг ч юм уу, эсвэл нэг үгээ буруу хэллээ гэхэд түүнийг нь засаж хэлээгүйгээс хүүхэд хэл ярианы бэрхшээл, хоцрогдолд ордог.
Манай эцэг эхчүүд энэ бүгдийг хүлээж авах нь бага. "Өө гайгүй ш дээ, манай хүүхэд зураг үзээд, гоё гадаад хэлтэй, Yes, ok гээд ярьдаг" гэдэг. Гэтэл хүүхэд маань хэдийнэ гажуудалд орчихсон, хэл ярианы бэрхшээл үүссэнийг хэзээ хойно илрүүлж, сургуульд орохоос өмнө л анхаардаг.
Тэгээд “Манай хүүхэд энэ үгийг буруу хэлээд байна, одоо болохоо байлаа” гэдэг. Тийм болохоор хүүхдийг хэлд ороход анхнаас нь үгийг яаж зөв хэлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.
Нэг жишээ байдаг, хүүхэд гоё гээд хэлвэл гоё гэж хэлээд сурдаг. Гэтэл бид өхөөрдөж байна гэдэг нэрээр гоё доё, гого гого гэхчилэн хэлүүлээд, хүүхдийн хэл яриаг эвдээд, хэл ярианы хоёрдмол байдалд хүргээд байна гэсэн үг. Энэ мэт бид хүүхдээ хоцрогдолд оруулах, бэрхшээлтэй болгоход аав, ээж болон тухайн орчин их нөлөөлдөг.
Статистистикаар, бүх бэрхшээлээс гадна аутизмын эмгэгтэй 2395 хүүхэд бүртгэгдээд байна. Маш олон байгууллага, холбоо эвсэл байгаа ч бодлогын чанарт бүрэн дүүрэн хүрэхгүй байна гэж үзэж байна. Аутизмын хүрээний эмгэг бол ерөөсөө л зан үйлийн гажуудал, нийгэмшихүйн гажуудал, танин мэдэхүй, сэтгэхүйн цэвэр асуудал болчихдог.
Бага сартайд илрүүлэх тусам хүүхэд маань хөнгөн хэлбэртэй, засан сайжруулах чанар нь сайн байна. "Манай хүүхэд гайгүй ээ, зурагт үзээд, бидэнтэй харьцдаг шүү дээ" гээд байж байтал хүүхэд хэдийнэ орчноосоо өөрийгөө тусгаарлаад, давтагдмал шинж тэмдэг нь илрээд, өөрийгөө өдөөгөөд, сөдөөгөөд байдгийг эцэг эхчүүд маань хүлээн зөвшөөрдөггүй. Хамгийн том бэрхшээл энэ.
Эцэг эхчүүд ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд 3, 4, 5 настайд гэнэт хөөцөлдөж, баахан оношлогоонд явна. Яг зөв оношлогоондоо ч бас хүрч, олж очиж чаддаггүй. Тэгэхээр ерөнхий 10 тооны шинж тэмдэг байдаг. Жишээ нь, өөдөөс нь эгцэлж харахгүй, өлмий дээрээ явах, тоос сорогчноос айж цочих гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
Тэрийг нь мэдсэн тохиолдолд СЭМҮТ-ийн хүүхдийн тасагт очоод, оношлуулаад, эрт илрүүлэх тусмаа эрт засан сайжрах нь илүү байдаг. Орой илрүүлвэл засан сайжрал авах нь хэцүү.
-АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ БОЛОН ХЭЛ ЯРИАНЫ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДИЙН ТОО МАШ ИХ ӨСӨЖ БАЙНА-

Нийслэлийн хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн хөдөлгөөн засалч Б.Бямбадэлгэр:
-Энэ сургалтын гол зорилго нь бага насны хүүхдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах, өрхийн эмнэлэг, цэцэрлэг дээр нь иймэрхүү эмгэгтэй байна шүү гэдгийг илрүүлэхэд суралцах сургалт. Хоёр дахь жилдээ явагдаж байгаа, маш их үр өгөөжтэй сургалт гэж хувьдаа бодож байна.
Ажиглаад байхад, сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний болон хэл ярианы эмгэгтэй хүүхдүүдийн тоо маш их өсөж байна. Энэ эмгэгийн шалтгаан тодорхойгүй. Тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн анхаарал халамж маш сайн байх ёстой.
Бид хэдий хөдөлгөөн заслын дасгал хөдөлгөөн, эмчилгээ хийлээ ч гэртээ очоод ээж, аав нь юу ч хийлгэхгүй бол тэр хүүхдэд ахиц, үр дүн гарах ямар ч боломжгүй. Тэгэхээр эцэг эхийн анхаарал халамж, хариуцлага чухал. Энэ хүүхдэд ийм дасгал хийлгээрэй гээд даалгахад гэртээ эцэг эхчүүд нь гурваа байя гэхэд ядаж нэг удаа хийлгэх ёстой. Манай эцэг, эхчүүдийн оролцоо ер нь сул байдаг.
Эхний ээлжинд цэцэрлэгийн баг, өрхийн эмнэлгийн эмч гээд чиглэсэн сургалт явагдаад, дараагийн удаа ээж, аавуудад сургалт явуулбал бүр илүү их үр өгөөжтэй байх гэж бодож байна. Хүүхдээ ямар нэгэн эмгэгтэй байгааг зарим ээж аавууд бүр 6, 7 нас хүртэл хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр хугацаа алддаг.
Өнөөдрийн сургалтад хамрагдаад, гурван багшийнхаа заасныг түгээн дэлгэрүүлээд, өрхийн эмнэлэг, цэцэрлэг сургуулиудад тараагдсан хэрэглэгдэхүүнүүдийг зөв зохистой ашиглах, хурааж тавилгүй хүүхдээ оношлохдоо зүй зохистой ашиглах мэдэгдэхүүнийг аваасай гэж хүсэж байна.
-“ХҮҮХДИЙГ ИВЭЭН САН”-ГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ ТОХИЖУУЛЖ ӨГЧ БАЙНА-
Нийслэлийн 81 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Эрдэнэтуяа:
-Би тэгш хамруулах боловсролын сургагч багшаар намраас энэ сургалтад хамрагдаж байна. Хүүхдүүдээ бид тэгш, хүртээмжтэй, цогц үйлчилгээнд хамруулж чадахгүй байна гэж үздэг. Манай цэцэрлэг дээр ч гэсэн.
Оношлогдоогүй маш олон хүүхэд байна. Манай цэцэрлэг дээр оноштой хоёрхон хүүхэд бий. Түүнээс гадна ангиудад хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шинж тэмдгүүд илэрдэг, 4 настай мөртлөө хэл ярианы бэрхшээлтэй эмгэгтэй 2-3 хүүхэд ажиглагддаг. Энэ л их тулгамдаж буй асуудал. Энэ нь эцэг, эх нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагтай холбоотой байх гэж боддог.
Манай цэцэрлэг “Хүүхдийг ивээх сан”-гийн төсөлд хамрагдаад, энэ хүрээнд Хүүхэд хөгжлийн танхим тохижуулж өгч байгаа. Ийм танхимтай болсноор давуу талтай. Бид оношлогдоогүй хүүхдүүдтэй ажиллах журам гаргаад, түүнийхээ дагуу хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.

-ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ АУТИЗМТАЙ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ-
Сонгинохайрхан дүүргийн II хорооны “Анан” өрхийн эмнэлгийн хүүхэд хариуцсан ажилтан Э.Байгалмаа:
-Өрхийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон 40 орчим хүүхэд бий. Одоо явагдаж буй илрүүлгээр ийм бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр бид 9, 18, 36 сартай хүүхдүүдийг эрт илрүүлэгт оруулахад шаардагдах тоног төхөөрөмж, өрөө тасалгаа, орчин нөхцөл дээр илүү болсон. Хамруулах хүүхдүүдийн хувь ч өсч байна.
Эцэг эхчүүд хүүхдээ аутизмтай гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Манай ер нь удамдаа тийм байсан даа. Аав нь багадаа их хөдөлгөөнтэй, бүрэгдүү байсан гэж хэлдэг байсан бол сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд харьцангуй гайгүй болж байна.
Аутизм бол өвчин гэхээсээ илүү харилцааны эмгэг шүү дээ. Хүүхэдтэйгээ хэрхэн, зөв харилцаж байна, яаж бие дааж байна гэдэг зэргээс шалтгаална. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ тулж харьцдаг цаг хугацаа их хомс болсон. Аутизм сүүлийн үед их нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан энэ. Мөн энэ өвчнөөр өвчлөх шалтгааны 40-50 хувь нь дэлгэцийн хэт хамаарал гэдгийг судалгаагаар тогтоосон.
Аутизмын хүрээнд эцэг эхчүүд ажлаасаа тарж ирээд, өөрсдөдөө их цаг зарцуулдаг. Утсаа, дэлгэцээ үзээд суучихдаг. Хүүхэд мэдээж эцэг, эхээ харж хөгжиж байгаа учраас хүүхэдтэйгээ илүү их ярилцах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ тоглох цаг хугацаа их бага болсон. Жишээ нь, 9, 18, 36 сартайн үзлэгт ирнэ шүү гэхэд ажилтай гээд ирэхгүй байх тохиолдол маш их гардаг.
Бидэнд сэргээн засах, хэл яриа, хөдөлгөөн, хөдөлмөр заслын сургалт маш их хэрэгтэй байсан. Жишээлбэл, хэл ярианы хоцрогдолтой хүүхэд байна гэж үзээд, хэл засал руу шилждэг. Дараа нь хяналт тавихад маш их хэрэгтэй сургалт. Ийм сургалт хэрэгтэй юм байна шүү гэдгийг сануулах, дээрээс нь дасгал хөдөлгөөнөө хийж чадахгүй байгаа хүмүүст зааварчилгаа өгч хянаад байх боломжтой юм.

-ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛСНААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ХОЦРОГДОЛЫН ИЛРҮҮЛЭГ НЭМЭГДСЭН ЗЭРЭГ ҮР ДҮНГҮҮД ГАРЧ БАЙНА-
“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн ажилтан Б.Цэцэнбилиг:
-0-5 насны хүүхдүүдийн хөгжлийг дэмжих манай төсөл 2024 оноос хойш хэрэгжиж байна. Тэгш хүртээмжтэй болон өрхийн эмнэлэг, цэцэрлэг, эцэг эхчүүдийн оролцоог бүх талаас нь хангаж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хоцрогдлоос урьдчилан сэргийлэх зорилготой төсөл.
Энэ жил шинээр төсөлд хамрагдсан "Мэнд арвижих", "Анан", "Тэмүүлэн" гэсэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс сонгогдсон гурван өрхийн эмнэлгээс эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүд сонгож, сэргээн засалтын сургалтдаа хамруулж байна.
Өнгөрсөн наймдугаар сард Баянхонгор, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 10 цэцэрлэгийн 23 арга зүйч, багш, бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдсан. Ес, аравдугаар сард нийт 10 өрхийнхөө эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт явагдаж, арваннэгдүгээр сард Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулсан.
Одоо хамгийн сүүлийн буюу шинээр төсөлд хамрагдаж буй Улаанбаатар хотын өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг сэргээн засах сургалтдаа хамруулж байна.
Сэргээн засах сургалтыг хөдөлгөөн, хэл засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүд удирдан явуулж байна. Сургалтын ач холбогдол нь, нэгдүгээрт есөн сард зохион байгуулагдсан сургалт буюу хөгжлийн хоцрогдолтой бол бэрхшээлийг хэрхэн эрт илрүүлэх вэ гэдэг аргачлалыг заасан.
Энэ сургалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг илрүүлсэн тохиолдолд дараа дараагийн ямар эмчилгээнд хамруулах вэ гэдгийг, хоёрдугаарт эрт илрүүлгийн ач холбогдол нь юу вэ, хүүхдүүдэд ямар ямар сэргээн засах нэмэлт эмчилгээ шаардлагатай болдог вэ, урьдчилан сэргийлэхийн ач холбогдол нь юу вэ гэх мэтийг ойлгуулах ач холбогдолтой сургалт зохион байгуулж байна.
Мөн аутизм, хэт хөдөлгөөнтөх эмгэг, тулгуур эрхтэний болон булчингийн тонус ихсэлттэй хүүхдүүдийг хэрхэн яаж таних вэ, тусламж яаж үзүүлэх вэ, эмгэг илэрч оношлогдоод буцаад өрхийн эмнэлгийн хяналтад ирж байгаа тохиолдолд тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө тусламжийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр тусламж дэмжлэг болох үүднээс энэ сургалтыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард эхний жилийн болон хоёр дахь жилийн төсөлд хамрагдсан өрхийн эмнэлгүүд дээр бид хяналтын уулзалт, мониторингийн үзлэг хийсэн. Эхний жилийн төсөлд хамрагдсан өрхийн эмнэлгүүдээс 9, 18, 36 сартай хүүхдийн үзлэгийн хувь нэмэгдсэн байна.
Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдолын илрүүлэг нэмэгдсэн байна. Илрүүлэг нэмэгдээд ирэхээр хүүхдүүд тусламж үйлчилгээг эрт авах, дараа дараачийн илүү гүнзгий хоцрогдол үүсэхээс сэргийлж буй үр дүнгүүд нэлээн гарсан байна. Ер нь хөгжлийн хоцрогдол, эрт илрүүлгийн хувь нэмэгдсэн, 9, 18, 36 сартай эрүүл болон эмгэгтэй хүүхдүүдийн үзлэгийн хувь нэмэгдсэн байна.



Д.ЭРДЭНЭТУЯА
































-104035-641377337.jpeg)



































Сэтгэгдэл