"Эрдэнэт үйлдвэр"-ийн борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөгт хүрч, улс орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ерөнхий захирал Г.Ёндон Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчидтэй уулзав. Энэ үеэр тэрбээр 2025 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ үр бүтээлтэй ажилласныг онцоллоо.
2025 онд үйлдвэрлэл, борлуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр түүхэн дээд үзүүлэлтүүдийг тогтоож, Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрээ улам бататгажээ.
Тус үйлдвэр 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, 574 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь үйлдвэрийн 47 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болов. Үүний үр дүнд борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь эдийн засаг, төсөв, валютын нөөцөд оруулсан бодит хувь нэмэр байв.
Ирээдүйн тогтвортой ажиллагааг хангах чиглэлд “Оюут” ордын нарийвчилсан хайгуулыг бүрэн дуусгаж, 357 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөц тогтоосноор шинэ орд нээснээ албан ёсоор зарлаж, “Эрдэнэт үйлдвэр” 100 гаруй жил тогтвортой ажиллах боломжоо баталгаажуулжээ.
Үйлдвэрлэлийн үр ашиг, зардал бууруулах зорилгоор баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, хүчин чадлыг шат дараатай нэмэгдүүлсэн бол хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын томоохон шинэчлэлийн төслийг эхлүүлж, хүдэр боловсруулах хэмжээг жилд тогтмол 40 сая тоннд барих суурийг тавьсан байна.
Мөн хиймэл оюунд суурилсан TenderEval тендерийн үнэлгээний систем, байгууллагын ERP цахим системийг нэвтрүүлснээр худалдан авалтын үйл ажиллагаа бүрэн цахимжиж, ил тод байдал, үр ашиг мэдэгдэхүйц сайжирчээ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, зэс, молибден, кабель утас боловсруулах нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулсан нь аж үйлдвэрийн хөгжлийн шинэ шатны эхлэл болсон байна.
Тогтвортой уул уурхайн бодлогын хүрээнд олон улсын ISO болон “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартуудыг нэвтрүүлж буй Монголын анхны төрийн өмчит үйлдвэрийн газар болж, байгаль орчин, нийгэм, засаглалын тэнцвэртэй хөгжлийг бодитоор хэрэгжүүлж эхэлжээ.
Нийгмийн салбарт оруулсан бодит хувь нэмрийн хүрээнд “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлж, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлснээр жилд 50 мянга гаруй иргэнд чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэв.
Ийнхүү үйлдвэрлэл, санхүү, хөрөнгө оруулалт, нийгэм, хүний хөгжил, спортын амжилтаараа манлайлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн шилдэг байгууллагаар шалгарч, “Очир эрдэнийн цом”-ын эзэн болсон нь уурхайчдын эв нэгдэл, мэргэжлийн ур чадвар, тогтвортой хөгжлийн бодлогын бодит илэрхийлэл болжээ.
































































Сэтгэгдэл