Н.Учрал: Иргэдээ өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг үе шаттай бууруулна
Улсын их хурлын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд намрын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон хаврын чуулганаар хэлэлцэх багц хуулиудын хүрээнд иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож байна.
Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.
Эдийн засгийн 85 хувь нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилдаг Архангай аймгийн иргэдтэй УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нар өчигдөр уулзаж, “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаанаас танилцуулсан байна. Өнгөрсөн оны байдлаар тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24 төсөл хэрэгжүүлжээ.
УИХ-ын дарга Н.Учрал энэ оны төсвийг батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонд үндэслэж, татвар төлөгчдийн ачаа дарамтыг бууруулж, төрийн бүтэц, оролцоог хумиснаар эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх, цаашлаад татварын реформыг хэрэгжүүлэх орон зай гаргасныг онцлов. Бүх шатны төсвийн захиран зарцуулагчид нэгдмэл байр суурьнаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг хэллээ.
Тэрбээр “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл гэдгийг хэлээд энэ хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай УИХ-ын тогтоол баталснаа дурдав.
Энэ тогтоолоор Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгч, тус бүрийнхээ чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх 16 багц ажил хийхээр тусгажээ. 2026 оны байдлаар 406 барааны үнэ өссөн нь инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэнтэй холбоотой.
Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах ёстойг УИХ-ын дарга тодотгоод, өрхийн орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг тоон үзүүлэлтүүдийн хамт танилцуулсан байна. Мөн ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлж, зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд хийх ажлуудаа дурджээ.
Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкнуудын салбаруудыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажлуудаа ярилаа.
Орон нутаг эдийн засгийн хувьд бие дааж хөгжихийн тулд орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нэмэгдүүлэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Цаашид төр өөрөө худалдан авагч болсон тогтолцоог халснаар аль нэгэн төрийн өмчит компанид давуу эрх олгодог байдлыг зогсоож, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, харин чиглүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэхээ дуулгалаа.
Тэрбээр шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болсныг сануулаад, өөрийн ахалж боловсруулсан Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа хэлсэн байна. Түүчнлэн хүчин төгөлдөр мөрдөж буй 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийхэд иргэний эдийн засгийн эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгаа бол хүндрэл үүсгэдэг 228 хууль байгааг тогтоожээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал ярихдаа “Хүний эрх, хүүхдийн эрхийн бүх хэлбэрийн зөрчлийг арилгаж, 2026 оныг үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх жил болгосон.
Бүх аймгат хүүхэд хамгаалах түр байр ажиллуулж, орчин, үйлчилгээг жишиг, стандарттай болгоход манлайлах болно. Газар зүйн байршлын онцлог, нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний хараат байдлаас ангижрах шийдэл юм.
Энэ хүрээнд 3х100 хөтөлбөрийг санаачилж, айл өрх, сум орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулах, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжинэ. Түүнчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цэнэглэх байгууламж бүхий иж бүрэн цогцолборыг 100 байршилд байгуулахаар төлөвлөсөн.
Мөн малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, орлогыг нь төрөлжүүлэх зорилгоор “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүнээс гадна арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг татваргүй экспортлох эрх зүйг бололцоог Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрээр баталгаажуулсан. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хянаж, хянан шалгах сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Тэгвэл иргэдийн зүгээс хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багийн сургуулиудын шинэчлэлд анхаарч, орон нутаг дахь газар олголттой холбоотой асуудлуудыг цэгцлэх талаар хөндсөн байна.
Түүнчлэн салбар хоорондын уялдаа бага, хууль тогтоомж хоорондын нийцэл алдагдсаны улмаас ойлгомжгүй, тодорхой бус нөхцөлүүд үүсдэг болохыг сануулсан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах санал ч гарсан байна.
Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон орон нутгийн удирдлагууд хариулжээ.
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймгийн иргэдтэй уулзсан талаараа цахим хуудастаа "Нийслэлчүүдийг хямд үнэтэй махаар хангах гэж хөдөөгийн 200 мянган малчин халуунд халж, хүйтэнд хөрөх ёстой юу? гэж Архангай аймгийн залуу малчин асууж байна.
Ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнээ худалдах гэхээр хүчээр үнэ тогтоож, олон журам гаргаж, бизнесийн эрх чөлөөнд халдаж байгааг хөндөж байна.
Захиргаадалтын аргаар үнэ барьдаг цаг ард хоцорсон.
Үнэ тогтоохын оронд өрсөлдөөн бий болгож, зах зээлийн зарчмаар нь хөгжих орон зайг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Иргэдээ өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг ч ингэж үе шаттай бууруулна.
Бугшсан өр, хоцрогдсон менежменттэй нийгмийн даатгалын тогтолцоог ч ижил жишгээр шинэчилнэ.
Хаврын чуулганаар Банкны тухай хууль хэлэлцэж, гадаадын банк оруулж ирэх үе шаттай зохицуулалтууд тусгана" хэмээн бичжээ.
































































Сэтгэгдэл
mongol [66.181.180.246] 2026-02-01 14:25:20
учрал аа хятадуутай хэт их ойртож банк манкийг оруулж ирж байгаад өөртөө Учу ра Ля нэртэй болох эх үүсвэр бүрдүүлэх бий болгоомжтлоорой олон жилийн гашуун түүх бий шүү, манж гэж их үндэстэн байж байгаад алга болсон шүү