Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Японы ерөнхий сайд саяхан хүнсний суурь бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөллөө. Монголд ийм бодлого хэрэгжүүлэх нь инфляцийг бууруулах бодит гарц болж чадах уу?
-Япон бол НӨАТ-ын систем дээр бүртгэл нь тодорхой уялдаат байдал ихтэй, далд эдийн засаг багатай улс учраас иймэрхүү зүйл дээр бодлого явууллаа гэхэд үр нөлөө нь нэлээд мэдрэгдэх байх. Иргэдийнх нь бодит амьдралын хэв маягт хүчтэй нөлөөлөх болов уу гэж харж байна. Манай улсын хувьд НӨАТ-ын систем 2016 оноос орж ирсэн. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийг иргэдээр хянуулъя, далд эдийн засгийг албан сектор руу ил гаргаж ирье гэдэг концепци шүү дээ. Монгол шиг хүнсний инфляци 30 гаруй хувьтай оронд бол НӨАТ-ыг хөнгөлөх юм бол эргээд амьдралын өртөг талаасаа эерэгээр нөлөөлнө. Гол нь НӨАТ-ын буцаан олголтыг өндөр хувиар өгөх нь яг яриад байгаа албан сектор руу ороход илүү нөлөөлөх юм болов уу гэж харж байна.
-Манайд бараа үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр очих хүртэл дамжлага бүрд НӨАТ давхар, давхар шингэдэг. Үйлдвэрлэгчээс бөөний төвийнхөн НӨАТ төлж авна. Бөөний төвийнхнөөс жижиглэнгийнхэн НӨАТ төлнө. Тэднээс иргэд дахиад НӨАТ-тай үнээр худалдаж авна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэр их дарамт үзүүлдэг вэ?
-Онолынхоо хувьд НӨАТ бол бусад татваруудтай давхцахгүй. Монгол Улс дэд бүтэц, системийн асуудал, мэдээж суурь дэд бүтэц зэрэгтэй холбоотойгоор үнэ тогтоох процесс дээр давхцаж байгаа. Эндээс хамаараад бараа бүтээгдэхүүний үнэ дээр аж ахуйн нэгж эрхлэгч чинь ашгаа бууруулахгүйн тулд өөрийнхөө үнийг нэмэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр мэдээж эцсийн хэрэглэгч давхар НӨАТ-ыг нь үүрнэ гэсэн үг. Яалт ч үгүй дэд бүтцийн асуудалтай холбоотойгоор Монголд үнийн дарамт үүсээд байгаа л даа.
-Хэрвээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас бүрэн чөлөөлбөл богино хугацаанд үнэ хэдий хэмжээгээр буурах боломжтой вэ. Иргэд бодитоор хямдралыг мэдэрч чадах уу?
-Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн дээр 10 хувь гээд орчихсон байгаа учраас энэ хэмжээгээр НӨАТ чинь нэмэгдэж байгаа шүү дээ. Мэдээж хүнсний бараа бүтээгдэхүүн дээр энэ хэмжээгээр эргээд буурах боломж нь байгаа гэсэн үг. Гэхдээ үнэ өссөн бол буурдаггүй гэдэг зүйл нэгэнт Монголд тогтчихсон. НӨАТ-аас аж ахуйн нэгжүүдийг чөлөөллөө гэж бодоход одоогийн байгаа үнэ буурах эсэх нь эргэлзээтэй байна. Тэгэхээр НӨАТ-ын давхардал үүсэх, НӨАТ ороод тооцох учраас үнэ өсдөг зэрэгтэй холбоотойгоор ирээдүйн үнийн өсөлтийн дарамтаас сэргийлнэ гэж харж байна. Зах зээл нь одоохондоо үнэ бууруулж сураагүй, яг тогтсон үнэ хэвээр хадгалагдаад байдаг. Бизнес эрхлэгчдийн шунал, сонирхол гэж юм байна. Үүнтэй холбоотойгоор нөлөөлөх вий гэж бодож байна.
-Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монголд өргөн хэрэглээний барааны үнэ буурсан бодит жишээ бараг байхгүй. Энэ нь татварын бодлого, ялангуяа НӨАТ-тай холбоотой юу?
-Ер нь сүүлийн жилүүдэд үнэ буурахгүй жишиг тогтчихоод байгаа нь төрийн бодлого, төрийн бодлогод итгэх итгэлтэй холбоотой. Тэр дундаа инфляци, валютын ханш, улс төрийн янз бүрийн шийдвэр, төрийн албан хаагчдын цалин хөлс гэх мэт бодлогуудтай уялдаж байна. Хэрэв энэ бодлого дээрээ бодит нөхцөл байдлын үнэнийг хэлээд, хүний итгэл олоод, нөлөөллийг нь бууруулах чиглэлд нь төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангардаг ч юм уу. Инфляци нь ядаж нам дор түвшинд очдог, төрийн бодлого нь үнэн зөв удирддаг, худлаа ярьдаггүй иймэрхүү бодит байдалд зах зээл дээр өрсөлдөхийн тулд үнээ бууруулаад, өсгөөд яваад байж болно. Гэтэл эдийн засгийн бүтэц жижиг учраас төгрөгийн ханш нь байнга суларч байдаг, бодлого нь үнэн зөв хүссэнээр явдаггүй. Популизмтай, ядаж л мөнгөний бодлого зэрэг нь иргэдийн хүлээлтийг удирдаж явах түвшинд биш хүмүүст итгэдэггүй шүү дээ. Иймд сууриараа зах зээл дээр нэг л өсгөсөн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулдаггүй юм байна гэдэг дүр зураг бий. Дээрээс нь татвар болоод НӨАТ-ын бодлого зэрэг нөлөөлж байгаа л даа.
Татварын дарамтаас бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг чөлөөлж байсан удаа бараг байхгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах сонирхол байхгүй гэж харагдаж байна.
-НӨАТ-аас чөлөөлөхөд төсвийн орлого буурна гэсэн болгоомжлол байдаг. Гэхдээ үүнийг эдийн засгийн идэвхжил, хэрэглээ өсөх замаар нөхөх боломж бий юу. Хэрвээ Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргавал ямар давуу тал хамгийн түрүүнд гарах вэ. Та эдийн засагчийн хувьд ийм бодлогыг дэмжих үү?
-Мэдээж НӨАТ 2016 оноос идэвхтэй авч улсын төсөвт орлого бүрдүүлж өгсөн. Улсын төсвийн орлогын голлох хувиудыг бүрдүүлж байгаа учраас НӨАТ-ын орлогыг төрөөс татварын орлого буурна гэдэг айдсаас болоод ер нь авахгүй байя гэдэг сонирхол өндөр байгаа. НӨАТ-аас мэдээж чөлөөлөхгүй. Дээр хэлсэнчлэн НӨАТ-аар төсвийн орлогыг бүрдүүлэх сонирхол өндөр байгаа. Олон улсад бол НӨАТ бүртгэл, татварын систем далд эдийн засаг дахь татварыг өргөжүүлэх замаар ил тод нээлттэй болгох юм бол татвар илүү нэмэгдэх жишээтэй. Татварыг буулгах замаар далд эдийн засагт байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж албан сектор руу оруулж ирж байж татварын нийт бааз сууриа өсгөх тухай ярьдаг. Тийм жишгээрээ явах юм бол татварын орлогоо өсгөх боломжтой. Монголд НӨАТ-ыг болиулаад татварын орлогоо бууруулъя гэдэг айдас байгаа учраас үүн дээр хөдлөхгүй байх гэж бодож байна л даа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХЦЭЦЭГ






























































Сэтгэгдэл