А.Ундраа: XXI зуун эхлээд 20 гаруй жил өнгөрсөн энэ цаг үеийн шаардлагад манай боловсролын агуулга бүрэн нийцэхгүй байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийлээ. Ямар үр дүнтэй чуулган болов гэж дүгнэж байна вэ?

-Хаврын чуулганы хувьд маш олон чухал хууль тогтоомжийг хэлэлцэж, эцэслэн баталж, УИХ маш завгүй ажиллалаа. Энэ олон хууль тогтоомжийг дурдаж болно. Нийгмийн хамгааллын чиглэлээр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, ХХАА-ны чиглэлээр Хүнсний тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, мөн уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг олон хуулийн өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлаар Тамхины тухай хуулийг хэлэлцсэн нь бас чухал үйл явдал боллоо. Гэхдээ эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах асуудлыг амжсангүй. Ер нь олон хууль тогтоомжийг олон талаас нь хэлэлцэн баталж, маш олон ажлын хэсэг ажилласан. Гишүүд ч их завгүй байлаа. Тиймээс энэ хаврын чуулганыг миний хувьд нэлээд бүтээлч чуулган болсон гэж харж байна.

-Хаврын чуулганы хугацаанд та ямар хуулийн төсөл дээр голлон анхаарч ажиллав?

-Хаврын чуулганы сүүлд Засгийн газар болон гишүүдийн өргөн барьсан олон хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ хугацаанд миний хувьд голлон Ойн тухай хуулийн асуудлаар бэлтгэл ажлыг хангах, хэлэлцүүлэгт оролцох асуудалд анхаарч ажиллалаа. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр бэлтгэл ажлыг хангаж, судалгаа хийж, олон улсын туршлагыг судалж, харьцуулан дүгнэж ажилласан. Миний хувьд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд байгаль орчинтой холбоотой, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, доройтлоос хамгаалах асуудлууд дээр голлон анхаарч ажилласан. Мөн хог хаягдлын асуудлаар тогтоолын төсөл боловсруулж ажиллалаа. Манай Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгаль, цаг уурын хувьд онгон дагшин орон гэж бид бахархаж ярьдаг. Гэвч ялангуяа суурин газрын ойролцоо, төв замын дагуу хөрсний болон орчны бохирдлын хэмжээ асар их байна. Хөрсний бохирдол, нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдал, мөн хатуу хог хаягдлын менежментийн асуудал сул явж ирснээс шалтгаалан дахин боловсруулах, цуглуулах, зөв зохистой устгалд оруулах зэрэг асуудлууд хууль тогтоомжийн хүрээнд ч, хэрэгжилтийн шатандаа ч ихээхэн учир дутагдалтай байна. Тиймээс Монгол Улс өргөн уудам газар нутаг, байгалийн онгон дагшин байдлаа хадгалан хамгаалах тал дээр илүү анхаарах зүйл их байна. Энэ чиглэлд голлон анхаарч ажиллалаа.

-Баталсан хуулиуд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд бодит дэмжлэг болж чадах уу?

-Бидний хувьд татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн төлөх ачааллыг бууруулах, шинээр байгуулагдаж байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүд болон бизнес эхлүүлэхэд учирдаг дарамтыг багасгах, эдийн засгийн үйл ажиллагаанд үүссэн түгжрэлийг арилгаж, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх асуудлуудыг хуульчилж зохицуулахаар ажилласан. Мэдээж хуулийн оролцогч талуудын санал, байр суурь маш чухал. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байх үед иргэдийн зүгээс ч, төрийн байгууллагуудын зүгээс ч туршлагатай, олон удаа Засгийн газрын гишүүн, дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулж ажилласан. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь бизнес эрхлэгчдэд дарамт болдог талаар олон удаа ярьдаг атлаа, яг хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бизнесийн бусад байгууллагуудын оролцоо, идэвх харьцангуй сул байлаа. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх асуудал дээр цаашид хувийн хэвшлийн оролцоо, санал санаачилга илүү чухал гэж үзэж байна.

-Баталсан хуулиудын бодит үр нөлөө, хэрэгжилтийг та хэрхэн харж байна вэ?

-Яг хэрэгжилтийн шатандаа ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Мэдээж эдгээр хуулийг эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үзэл баримтлалын хүрээнд баталсан. Ер нь хууль тогтоомжуудыг батлах, хэлэлцэх явцад хийгддэг судалгаануудын ихэнх нь харьцуулсан судалгаа байдаг. Гэхдээ бусад улс орны туршлагыг харьцуулсан судалгаанаас гадна Монгол Улсын нөхцөлд тохирсон шийдлийг олох нь илүү чухал. Тухайлбал, татварын хувь хэмжээг хэрхэн тогтоох, ямар төрлийн татвараас ямар хугацаанд чөлөөлөх зэрэг асуудлуудыг илүү цэгцтэйгээр, янз бүрийн хувилбар, сценарийг тооцож, хуулийн нөлөөллийн үнэлгээг хийх ажил өнөөдөр ч учир дутагдалтай хэвээр байна. Тиймээс олон хууль баталчихаад дараа нь хэрэгжилтийн шатанд "сайн хэрэгжлээ", "сул хэрэгжлээ", эсвэл "хэрэгжихгүй байна" гэж үзээд нэмэлт, өөрчлөлт оруулахын оронд батлахаасаа өмнө боломжит хувилбарууд, өөр өөр сценариудыг сайтар судалж, симуляц хийж үздэг байх нь маш чухал гэж үзэж байна.

-Үндэсний эвсэл Засгийн газарт хамтраад удаагүй байна. Засгийн газрын үйл ажиллагаа, үр дүнг одоогоор дүгнэхэд эрт байгаа ч бодлого нь зөв чиглэлд явж байна гэж харж байна уу?

-Манай Үндэсний эвсэл энэ удаагийн Засгийн газарт хамтарсан. Энэ нь манай эвслийн мөрийн хөтөлбөрт туссан зарим зорилт, бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдсэнтэй холбоотой. Ийм боломжийг зөв ашиглаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Үндэсний эвсэл Засгийн газарт хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний эвсэл "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя" гэсэн бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн гар дээр очих орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй дарамтыг бууруулах, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр хууль тогтоомжуудад санал тусган идэвхтэй ажилласан. Мөн Засгийн газрын хүрээнд Шадар сайдын түвшинд эдийн засгийн чөлөөт бүс, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хариуцан манлайлан ажиллаж байна. Энэ хүрээнд тодорхой ахиц, дэвшил гарч байгаа гэж харж байгаа. Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, улс орны эдийн засгийг илүү найдвартай болгох, үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулах, стандартчиллын асуудлыг цэгцэлж, хөгжлийн үндэс болсон зөв стандартыг мөрдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ахиц гарч байна. Тиймээс Үндэсний эвслийн зүгээс Засгийн газар зөв чиглэлд ажиллаж байна гэж үзэж байгаа.

-Та өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Ногоон намын даргаар сонгогдсон. Энэ талаар тодруулбал?

-Миний хувьд дөрөвдүгээр сард болсон Монголын Ногоон намын Их хурлаар намын даргаар сонгогдсон. Үүний дараа Улсын Дээд шүүхэд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн баталсан намын дүрмээ бүртгүүлсэн. Мөн Дээд шүүх намын даргын бүртгэлийг шинэчлэн хийсэн. Тиймээс миний хувьд нэгдүгээрт, намын дүрэм шинэчлэгдсэн, хоёрдугаарт, намын шинэ удирдлага албан ёсоор бүртгэгдсэн гэж хэлж болно.

-Намын даргын хувьд цаашдын улс төрийн зорилго, үйл ажиллагааныхаа чиглэлийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Монголын Ногоон намын хувьд тогтвортой, ногоон хөгжлийн бодлогыг онцгойлон анхаарч ажиллана. Байгаль орчин, уур амьсгалтай холбоотой хууль тогтоомжууд дээр түлхүү ажиллах чиглэл баримталж байна. Энэ хүрээнд түрүүн дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль зэрэг асуудлууд дээр ажлын хэсгүүдэд ажиллан, судалгаанд суурилсан, үндэслэлтэй хууль боловсруулах, олон талын байр суурийг сонсож хуулинд зөв зүйтэй зохицуулалтыг тусгах зорилготой байна.

-Боловсролын чанар, бодлогын асуудал нэлээн эргэлзээтэй байгаа нь сая ЭЕШдүнгээс харагдлаа. Өндөр оноо буюу 800 оноо авсан сурагчид өмнөх жилүүдийгээ бодоход тун цөөхөн байна. Бид ер нь боловсролын асуудлаа яаж шийдэх, яаж зөв замд нь оруулах ёстой бол?

-Боловсролын асуудал бол бүх асуудлын суурь, үндсийн үндэс гэж үздэг. Саяхан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс харахад математикийн боловсрол ямар хүндрэлтэй байгааг бид харлаа. Зөвхөн математик төдийгүй байгалийн шинжлэх ухааны бусад салбарын боловсролын асуудал ч мөн адил хүнд байна. Жишээлбэл, математик, физик, хими, биологийн чиглэлээр багшийн дутагдалтай байна.

Ялангуяа орон нутагт багшийн хомсдол маш ноцтой асуудал болоод удаж байна. Бид хүүхэд багачуудаа ирээдүйн өрсөлдөөнтэй дэлхийд, боловсролын шаардлагад нийцсэн мэдлэг, боловсролоор хангаж чадахгүй байна. Өнөөдөр боловсролын чанарын асуудал үнэхээр хүнд байна. Тиймээс багш бэлтгэх тогтолцооноос эхлээд суралцах орчин хүртэл боловсролын бодлогыг шинэчлэх шаардлагатай. Энэ хүрээнд би боловсролын асуудлаарх ажлын хэсэгт ажиллаж, бусад гишүүдийн хамт нийслэл болон орон нутгийн сургуулиудаар явж, үйл ажиллагаатай нь танилцсан. Мөн байгалийн шинжлэх ухааны боловсролоос гадна сурагчдын эрүүл өсөж бойжих орчинд анхаарч ажилласан. Тухайлбал, спортын орчин, Үдийн цай, Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн гал тогооны нөхцөл байдал орчин үеийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийх зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулан ажилласан. Энэ чиглэлээр намрын чуулганы үеэр ч үргэлжлүүлэн ажиллана. УИХ-ын бүх гишүүд боловсролд онцгой анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

-Боловсролын асуудлыг яаж шийдэх ёстой гэж та үздэг вэ?

-Боловсролын асуудалд миний хувьд маш их санаа зовж байгаа. Үүний нэг гол асуудал нь боловсролын агуулга юм. XXI зуун эхлээд 20 гаруй жил өнгөрсөн энэ цаг үеийн шаардлагад манай боловсролын агуулга бүрэн нийцэхгүй байна гэж харж байна. Тиймээс экологийн боловсрол, байгалийн шинжлэх ухааны боловсролын агуулгыг шинэчлэх асуудалд онцгойлон анхаарч ажиллах зорилготой байна.

-Ирэх сарын сүүлээр COP17 зохион байгуулагдах гэж байна. Ногоон намын даргын хувьд уг асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ хурлын хүрээнд олон орны бодлого боловсруулагчид, шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын нэр хүндтэй төрийн бус байгууллагуудын төлөөлөл зэрэг маш олон хүн Монгол Улсад хүрэлцэн ирж оролцоно. Энэ удаагийн бага хурлын гол сэдэв нь цөлжилттэй тэмцэх асуудал байх юм. Монгол Улсын хувьд цөлжилт бол хамгийн тулгамдсан байгаль орчны асуудлуудын нэг. Цөлжилт нь зөвхөн дэлхий нийтийн хэмжээнд тоосжилт, элсэн шуурга, уур амьсгалын өөрчлөлтийн нэг шалтгаан, мөн үр дагавар болоод зогсохгүй, монголчуудын амин чухал үнэт зүйл болох малчдын амьжиргаа, бэлчээрийн доройтол зэрэг асуудалд шууд нөлөөлж, бидний оршин тогтнох нөхцөлтэй салшгүй холбоотой асуудал болоод байна. Тиймээс бид монгол ахуй, соёлоо хамгаалах, бэлчээрээ хамгаалах, малчдынхаа амьжиргааг хамгаалахын тулд цөлжилттэй тэмцэхээс өөр сонголтгүй. Энэ хүрээнд байгаль орчны доройтолтой тэмцэх чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, мөн "Цэнхэр алт" хөдөлгөөний хүрээнд 330 суманд 330 хөв цөөрөм байгуулах ажлыг дэмжин ажиллаж байна.

-Байгаль орчны асуудал нэг талдаа хүний нөлөөлөл, хандлагаас их шалтгаалдаг. Олон нийтийн хандлагыг яаж засах уу гэдэг нь том асуудал байх шиг байна, тийм үү?

-Монголчууд бид нутаг орноо магтан дуулдаг ард түмэн. Урин дулаан цаг ирж, аялал, зугаалга, найр наадмын улирал болж байна. Аймаг, сум бүр өөрийн уул ус, гол мөрөн, нутаг орноо магтан дуулсан сайхан дуутай. Алтайн магтаал, Завхан гол, Хэрлэн голын тухай дуу, Хөвсгөл нуурыг магтан дуулсан "Далай ээж" зэрэг олон сайхан бүтээл бий. Бид Говь, хангай, уул ус, тал нутгаа магтан дуулдаг атлаа зундаа аялж явахдаа, эсвэл өөрсдийн амьдарч байгаа нутаг орондоо яг тэр дуугаа дуулж байгаа шигээ эх орноо хайрлаж, хоггүй, цэвэр байлгаж, нүдний цөцгий мэт хамгаалж чаддаг уу гэвэл учир дутагдалтай байна. Тиймээс миний хэлэхийг хүсэж байгаа уриалга бол дуулж байгаа дуу шигээ амьдарцгаая. Эцэг эхтэйгээ зүйрлэн магтан дуулдаг нутаг усаа бодитоор хайрлаж, хамгаалдаг байя. Зөвхөн магтаж, тунхаглаад өнгөрөх биш, бодит үйлдлээрээ эх орноо хайрладгаа харуулж, энэ үзлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх ёстой гэж үздэг вэ?

-Байгаль орчноо хамгаалах, уул ус, гол мөрнөө хамгаалах, байгалийн баялгаа зохистой ашиглах асуудал бол тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд, залуучуудын оролцоотой байж л бодит ажил болж хэрэгжинэ. Ямар ч хууль тогтоомж, тогтоол шийдвэр гарсан иргэд оролцохгүй, дэмжихгүй бол тэдгээр нь цаасан дээр үлдсэн тунхаг төдий зүйл болно. Хэрэв бид бүгдээрээ эх орноо хамгаалж, ирээдүй хойч үедээ байгаль орчноо унаган төрхөөр нь өвлүүлж үлдээе гэж зорьж байгаа бол төр, иргэн, байгууллага гээд бүх талын оролцоо шаардлагатай.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.