Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна

Aдмин / Нүүр

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Монгол Улс энэ чиглэлийн хуулийг анх 2001 онд баталж, дараа нь 2015 онд шинэчлэн найруулснаас хойш өдгөө 10 гаруй жил өнгөрчээ. Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлийн сангаас үзвэл, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд иргэн болон хуулийн этгээдийн өмчлөлд нийт 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 50,627-г нь иргэд, 1,697-г нь аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.

Үүнээс зориулалтаар нь ангилж үзвэл спорт-сургалтын чиглэлээр 2,521, харуул хамгаалалтад 1,103, харин үзмэр, цуглуулгын зориулалтаар 595 галт зэвсэг тус тус бүртгэгджээ. Түүнчлэн жил бүр дунджаар 1,500 орчим галт зэвсгийг иргэд, хуулийн этгээдүүд шинээр худалдан авч өмчилдөг байна. Мөн галт зэвсэг ашигласан спорт, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг есөн байгууллага идэвхтэй ажиллаж, тэдгээрт жилд давхардсан тоогоор 1,000 гаруй хүн тогтмол хичээллэхийн зэрэгцээ улсын хэмжээний 10 гаруй уламжлалт тэмцээн тогтмол зохиогдож байна.

Шинэ хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан иргэнийг гэмт хэрэг, халдлагын золиос болохоос сэргийлэх, хүний аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтыг удирдлага болгожээ. Мөн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах салбар болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дэмжих бодлоготой нягт уялдуулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад спорт-сургалтын зориулалттай буудлагын үйл ажиллагаа, түүнд тавигдах аюулгүй байдлын стандартыг нарийвчлан тусгасан байна. Үүнээс гадна галт зэвсэг болон сум худалдах төвүүд, импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагчдад хүлээлгэх нөхцөл шаардлага, хяналтын механизмыг илүү тодорхой болгожээ. Мөн далд эргэлтэд байгаа галт зэвсгийг хууль ёсны бүртгэлд хамруулах зорилгоор бүртгэлгүй зэвсгийг тодорхой хугацааны дотор нөхөн бүртгүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгайлан тусгаж өгсөн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.182] 2026-07-03 19:45:16

ихэнхи нь хасгуудад байгаа шүү. энд тэндээс маш их буу цуглуулж байгаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.