И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 7-8-ны өдрүүдэд Туркийн Анкара хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ болон НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. И Жэ Мён Анкара хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзахаас гадна, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Ви зөвлөх тэмдэглэлээ. Тэрбээр мөн НАТО-гийн батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн асуудлаарх форумд оролцож, салбар хуралдаануудын нэгд үг хэлэх аж.
"Геополитикийн байдал улам тогтворгүй болж байгаа энэ үед НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, дотоодын цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлэхэд анхаарч байна. НАТО-гийн гишүүн бус БНСУ-ын хувьд батлан хамгаалахын бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөхийн тулд тус эвслийн стандартад суурилсан түншлэлийг ахиулах шаардлагатай" хэмээн Ви Сон Лак хэлсэн байна. Украины дайн эхэлснээс хойш НАТО болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж байгааг тэрбээр нэмж дурджээ. "Европын аюулгүй байдал Азийнхтай салшгүй холбоотой. Украинд ОХУ-ын талд тулалдаж буй Умард Солонгосын цэргүүд үүний тод жишээ юм" гэж тэрбээр хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах асуудлаар бусад орны удирдагчидтай дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдсан хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Туркт хоёр өдөр айлчилсныхаа дараа И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар долоодугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, гурван өдрийн төрийн айлчлал хийнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мөн мэдээлжээ.
Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргахаас гадна, харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурна гэж Ви зөвлөх мэдээлэв. БНСУ нь Монгол Улсыг нэн чухал ашигт малтмалын нөөцтэй орны хувиар гол түнш, мөн Умард Солонгостой тогтоосон нягт харилцаагаараа дамжуулан Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадах чухал түнш гэж үздэг болохыг Ви Сон Лак онцолжээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

























































Сэтгэгдэл