“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын удирдлагуудыг хүлээн авч уулзан, бизнесийг дэмжих болон хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг зөвхөн нэг удаа шалгаруулаад өнгөрөх биш, тэднийг алдаршуулах, бусад бизнесүүдэд хөшүүрэг болох зорилгоор хүндэтгэлийн хөшөө, цогцолбор байгуулахад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Хотын дарга Б.Пүрэвдагва энэхүү санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, улсын хөгжил, ажлын байр, татварын бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж буй компаниудын манлайллыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Үүнээс гадна талууд ирэх есдүгээр сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Улаанбаатар Түншлэл–2026” олон улсын үзэсгэлэн яаргийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Энэ жилийн үзэсгэлэнг Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны 19 дэх удаагийн чуулга уулзалттай нэгтгэн хийхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон МҮХАҮТ-ынхан уг арга хэмжээг илүү өргөн хүрээнд буюу хөрөнгө оруулалтын агуулга давамгайлсан, хотын томоохон төслүүдийг танилцуулсан, дотоод, гадаадын бизнесүүдийг холбосон хэлбэрээр зохион байгуулах боломжтой гэж үзэж байна. Мөн энэхүү олон улсын арга хэмжээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах асуудлыг судалж ажиллахаар тохиролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.