Ангийн буу, сумыг хэсгийн цагдаад бүртгүүлээд ашигладаг хялбар зохицуулалт хэрэгтэй байна, УИХ-ын гишүүд ээ!
Баавгай дайрлаа. Баавгай бол өвсөн тэжээлтэн биш. Хүн, мал руу дайрах эрсдэлтэй араатан гэдгийг бүгд мэднэ. Ялангуяа намар ичээндээ орохын өмнө идэш тэжээлээ эрчимтэй хайдаг, хүн амьдардаг газар руу ойртдогийг ч мэднэ. Гэтэл мэддэг зүйлээ урьдчилан сэргийлэх бодлого болгож чадсангүй. Улиастайн Бурхантын амны суурьшлын бүсэд орж ирсэн баавгай айлын гэр рүү дайрч, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээлээ. Нэг хүний амь нас эрсдэж, нөгөө нь хүнд гэмтсэн энэ хэрэг бол зөвхөн баавгай орж ирсэн, эсвэл баавгайн идэш тэжээл хомсдсон асуудал биш шүү. Харин Монголын төр иргэнийхээ амь насыг урьдчилан хамгаалах тогтолцоотой байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хүний амьтнаас ялгардаг гол зүйл нь оюун ухаан. Хүн төрөлхтөн өөрт нь аюул учруулж болох байгаль, амьтан, өвчин, осол, гамшгийг урьдчилан тооцож, түүнээс хамгаалах арга замыг бий болгож ирсэн. Техник технологи, мэдээллийн эрин үед амьдарч байгаа бид зэрлэг амьтан хүн рүү дайрах эрсдэлийг урьдчилан тооцоолж, иргэдээ хамгаалах тогтолцоотой байх ёстой. Гэтэл баавгай айлын гэр рүү орж, хүн барьж, амь нас эрсдэсний дараа бид баавгайг хайж, алъя гэж байна.
Өнгөрсөн хавраас эхлээд өдий хүртэл нийслэлийн Байгаль орчны газарт баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан гэх 597 тохиолдол бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Ийм олон удаагийн дуудлага дохио байхад эс тоож байгаад хүний амь насанд хүргэсэн нь урьдчилан сэргийлэх тогтолцоо ямар байх ёстойг дахин бодох шалтгаан болж байна. Харамсалтай нь манай төрийн байгаа царай, гаргаж байгаа бодлого нь баавгайд алим, мандарин, мах, самар тавьж өгөх хүрээнд байсан нь эмгэнэлтэй. Баавгайг хүнээс айх ёстой гэдгийг ойлгуулах, суурьшлын бүсээс хол байлгах бодлого хэрэгтэй болохоос хүний суурьшлын бүсийг баавгайд хоол өгдөг газар болгох бодлого байж болохгүй. Дан ганц манай улсад л баавгай аюул болоод байгаа юм биш шүү дээ. АНУ-ын Аляски гэж муж бий. Баавгайн тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт жагсдаг. Иргэд нь баавгайтай таарвал амь нас, гэр бүл, бусдыг хэрхэн хамгаалахаа маш сайн мэддэг.
Энэ талаар төрийн бодлого нь ч ойлгомжтой, цэгцтэй, хялбар. Энэ мужид баавгайн бамбарууш гэхээс илүү нас бие гүйцсэн хүрэн болон хар баавгай хүн рүү, суурин газар руу дайрах нь элбэг байдаг. Баавгай дайрлаа, баавгай орж ирлээ гээд иргэнийх нь амь нас эрсдэх тохиолдол бараг л байдаггүй. Тэнд иргэдэд баавгайн зан төлөв, хүнсний хог хаягдлыг хэрхэн хадгалах, баавгайтай таарвал хэрхэн зөв харьцах, ямар хамгаалах хэрэгсэл хэрэглэх талаар системтэй зөвлөмж өгдөг. Галт зэвсэг, баавгайн шүршигч зэрэг хамгаалах хэрэгслийг ашиглаж болох ч зөвхөн буунд найдах бус хүнсний хаягдал, үнэрт татагчийг хяналтдаа байлгах, баавгайг цочоохгүй байх зэрэг урьдчилан сэргийлэлтийг цогцоор нь чухалчилдаг. Монголд ч ийм тогтолцоо хэрэгтэй байна. Иргэн өөрийгөө хамгаалах эрхтэй байх ёстой. Хангай, Алтайн уулын ам, ой модны зах, тал хээрт ганц айлаараа малаа малладаг өрхүүд манай хөдөөд олон бий. Хөдөө битгий хэл хотын зах орчмоор уулын орой, ойн цоорхойд хэдэн малаа ойр зуур бэлчээрлүүлж, шим ашгаар нь амьдралаа залгуулдаг олон хүн байна. Аялаж зугаалж яваа нь ч бий.
Харамсалтай нь тэдэнд гэнэтийн халдлагаас амь насаа хамгаалах буу шийдэм алга. Хоттой хонио битгий хэл, галаа тойрч суугаа халуун ам бүлээ хамгаалах ч зэр зэвсэг алга. Учир нь Монголын төр иргэндээ галт зэвсэг эзэмшихэд тодорхой шаардлага тавьдаг. Цагдаагийн байгууллагын мэдээллээр 21 нас хүрсэн байх, хүсэлт гаргах, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэх, бууны бүртгэл, сумны хошуу, хонгионы дээжийн бүртгэл, аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээ зэрэг баримт шаарддаг.
Мөн эрүүл мэндийн шаардлага тавьдаг. Худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах зөвшөөрлийг ажлын таван хоногт шийдвэрлэхээр заасан байна. Буу бол аюултай хэрэгсэл гэдэг нь үнэн. Тиймээс бүртгэл, хяналт, сургалт байх нь ч зүйтэй. Гэхдээ амь насаа хамгаалах боломжийг нь төрийн олон шат дамжлагаар ингэж хааж болохгүй. Бусад оронд иргэн болгон нь халаасандаа гар буутай явах эрхтэй байхад манайд хутгатай явж байгаагаа солиотой, өвчтэйгөөр нь дуудаж байна. Иймээс түмэн зөвшөөрөл, хүнд суртал, татвар хураамж авсныхаа дараа иргэнд буу эзэмших зөвшөөрөл өгдөг дарамтаа хөнгөрүүлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна, эрхэм УИХ-ын гишүүд ээ.
Товчхондоо иргэний оршин суугаа газар, эзэмших бууны марк, сери, сумны мэдээллийг бүртгэж, тухайн иргэний эрүүл мэнд, сэтгэцийн байдлыг шалган, буу эзэмших, ашиглах аюулгүй ажиллагааны заавар, сургалт өгсний дараа сум, баг, хэсгийн цагдаагийн алба хаагчаар бүртгэл хийлгэж, буу эзэмших, ашиглах боломжтой болгох хялбар зохицуулалт хэрэгтэй байна. Дээр жишээ авсан Аляскад буутай харьцах, байгаль, араатан амьтнаас амь насаа хэрхэн хамгаалахыг нь иргэн хүнд багаас нь төлөвшүүлдэг. Галт зэвсэг ашиглах тухайд ч хүүхдэд буугаар хаашаа, юу руу буудах вэ гэсэн тактикийн мэдлэг өгөхөөс илүү бууг хэзээ ч тоглоом гэж үзэхгүй байх, зөвшөөрөлгүй барихгүй байх, сумыг тусад нь аюулгүй хадгалах, насанд хүрсэн хариуцлагатай хүнээс заавар авах зэрэг аюулгүй ажиллагааны соёлыг гэр бүл, боловсролын хөтөлбөрөөр дамжуулаад төлөвшүүлдэг тогтолцоо байх юм.
Харин манайд ийм тогтолцоо битгий хэл, үр хүүхдээ буунаас айлгаж өсгөдөг нь хандлагын том алдаа гэлтэй. Нөгөөтэйгүүр баавгайн асуудал энэ жилээр, хүний амь эрсдэснээр дуусахгүй. Баавгайн тоо толгой олширч, суурьшлын бүс рүү ойртож байгаа нь ганцхан шалтгаантай үзэгдэл биш. Ялангуяа хойд хөршийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд үргэлжилж буй цэргийн ажиллагаа, дрон, тэсрэлт, буудлагын чимээ зэрэг хүний хүчтэй нөлөөлөл зэрлэг амьтдын амьдрах орчинд дарамт учруулж, зарим амьтан тайван бүс рүү шилжих нөхцөл үүсгэж болзошгүй. Үүний зэрэгцээ идэш тэжээл хомсдох үед баавгай хүн, малын суурьшилтай газар руу ойртох магадлал нэмэгдсэн талаар албаны хүмүүс хэлж байсан. Ялангуяа залуу, нутаг дэвсгэрийн хувьд шахагдсан баавгай шинэ орчин руу шилжих үзэгдэл ч үүнд нөлөөлсөн учраас манайх руу орж ирэх баавгайн тоо толгой олширсон шалтгаануудыг нэг гэж үзэх хүн ч байна.
Тиймээс ядаж л баавгай үзэгдсэн газар бүрд дуудлага хүлээгээд суух биш, давтамжтай үзэгддэг бүсүүдийг зураглаж, тандалт хийж, эрсдэлийн бүс тогтоож, шаардлагатай үед ангийн бригад гаргаж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар хүний амь нас хохирсон газрын баавгайг эрэн хайх ажиллагаанд цагдаа, байгаль орчны байгууллага, анчид оролцож байна. Энэ бол нэг удаагийн ажиллагаагаар дуусах асуудал биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хавар баавгай ичээнээс гарна. Намар дахин идэш тэжээлээ хайна. Хүн, зэрлэг амьтны зөрчил цаашид ч гарна. Тиймээс одоо бодлогоо яаран өөрчлөх шаардлагатай. Баавгайд жимс тавьж өгөхөөс илүү баавгайг суурьшлын бүсэд оруулахгүй байх бодлого хэрэгтэй байна. Хүн рүү дайрсны дараа эрэн хайхаас илүү дайралтаас өмнө эрсдэлийг бууруулах бодлого хэрэгтэй байна. Иргэн амь насаа алдсаны дараа харамсахаас илүү иргэн өөрийгөө хамгаалах хууль ёсны боломжтой байх бодлого хэрэгтэй байна, эрхэм гишүүд ээ.
Монголын хээр хөдөө, уулын ам, ой хангай, Алтайн бүсэд ганц айлаараа малаа маллаж байгаа иргэн шөнө гэрийнхээ гадна баавгай ирэхэд төрийн байгууллагаас тусламж ирэхийг хүлээгээд суух нөхцөлтэй байж болохгүй. Иргэдээ сургах ёстой. Иргэдээ буутай, зэвсэгтэй болгох хэрэгтэй байна. Тиймээс энэ удаагийн эмгэнэлт явдлыг зөвхөн нэг баавгайн араас эрэн хайх ажиллагаагаар дуусгах бус, иргэдийн амь нас, зэрлэг амьтантай харилцах бодлого, галт зэвсгийн эрх зүйн зохицуулалтаа шинэчлэх сэрүүлэг болгох шаардлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН

.jpg)






































































Сэтгэгдэл