М.Оюунчимэг: Эмэгтэйчүүд шударга болохоор нэр хүндийг нь унагах захиалгат ажиллагаа явж байна
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байнгын хорооны хуралд сууж байхдаа кофе ууж, юм идсэн нь шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. Тэрбээр энэ талаараа тайлбар хийхдээ “Эмэгтэй гишүүд чуулганд хариуцлагын тухай ярьж байна, хариуцлага нэхэж байна, өөрөөр хандаж, хяналт тавьж байна. Хуралдаа идэвхитэй сууж байна. Хор найруулгад оролцохгүй байна.
Эмэгтэй гишүүдийн хэлж байгаа үг, хийж байгаа ажил руу анхаарал хандуулахгүй байж, эмэгтэйчүүдээс өө хайж байна. Жишээ нь миний ганц удаа кофе уусан бичлэгийг зориуд аваад төлбөртэйгээр цацаж байна. Ганц намайг ч биш шат дараатайгаар эмэгтэй гишүүдийг “онилсон” маягтай яваад байна. Тэгсэн хэрнээ сөрөг хүчнээс орж ирсэн эмэгтэй гишүүн хуралдаа суухгүй байхад бичихгүй байна.
Эмэгтэйчүүд дэндүү шударга байгаа болохоор нэр хүндийг нь унагах захиалгат ажиллагаа явж байна. Чуулганы хуралдаан дээр манай гишүүд бүгдээрээ л кофе авч орж ирээд уудаг. Заримдаа 00-д ч орж чадахгүй хуралддаг. Яагаад гэхээр гарсан хооронд буруу, зөрүү кноп дарагдчих вий гээд янз бүрийн асуудал байдаг. Бие биетэйгээ шоколад хуваагаад идсэний төлөө янз бүрээр бичиж, доромжилж байна. Хүн байгаагаараа байх нь чухал, архи ууж тамхи татаж элдэв хор найруулгад оролцож, хурлаа тасалж явж байгаа хүмүүстэй хатуу дурангаар ажиллаасай гэж хэлмээр байна” гэлээ.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл