Бангладешийн нийслэлд цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 27 хүн амиа алдсаны дийлэнх нь хүүхдүүд байна

Бангладешийн нийслэл Дакка хот дахь сургуулийн бүсэд Бангладешийн Агаарын цэргийн хүчний сургалтын онгоц осолдсоны улмаас дор хаяж 27 хүн амиа алдаж, 170 гаруй хүн бэртэж гэмтжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Сайедур Рахман "27 хүн амиа алдсан. Тэдний дунд 25 хүүхэд болон нэг нисгэгч байна" гэж мэдээлсэн байна.
Тэрбээр мөн "Одоогийн байдлаар нийт 78 хүн янз бүрийн эмнэлгүүдэд эмчлүүлж байна" хэмээн хэлснийг AFP иш татан уламжилжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, нисгэгч сургалтын төлөвлөгөөт нислэг хийх үед онгоц техникийн сааталд орсон бөгөөд ослын нарийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй аж.
Би-би-сид гэрчүүд мэдээлэхдээ "Онгоц Milestone School and College нэртэй сургуулийн хоёр давхар барилгыг мөргөжээ. Хойд захын Уттара дүүрэгт байрлах сургуулийн хяналтын камерын бичлэгт ослын дараа хүчтэй гал дүрэлзэж, өтгөн утаа суунаглаж буй нь бичигдэн үлдсэн байна.
Тус улсын Үндэсний түлэнхийн болон гоо сайхны мэс заслын хүрээлэнгийн эмч сэтгүүлчдэд "Хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 50 гаруй хүн түлэгдэлтийн шинжтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн" гэж мэдээлжээ.
Ослын газрын зургуудаас олон арван аврагч онгоцны шатсан үлдэгдэл дундаас амьд үлдсэн хүн байж болзошгүй хэмээн эрлийн ажиллагаа явуулж буй нь харагдаж байгаа аж. Харин эргэн тойрны барилгуудын оройд гарч зогссон асар олон сониуч иргэд болсон явдлыг хөндлөнгөөс ажиглаж буй нь харагдана.
Цэргийн байгууллагаас нэг онгоц осолдсон болохыг баталжээ. Агаарын цэргийн мэдэгдэлд "Бангладешийн Агаарын цэргийн хүчний F-7 BGI сургалтын онгоц Уттара дүүрэгт осолдсон. Онгоц 13:06 (Гринвичийн цагаар 07:06)-д хөөрсөн" гэж дурджээ.
Дакка хотын агаарын цэргийн баазаас хөөрсөн нисгэгч техник хангамжид гэмтэл илэрсний дараа онгоцыг хүн ам цөөтэй бүс рүү чиглүүлэхийг оролдсон байна.
Улсын галын албанаас "Ослын газарт есөн хэсэгчилсэн баг, мөн зургаан түргэн тусламжийн машин ажиллаж байна" хэмээн мэдээлжээ. Мөн ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдсан байна.
Бангладешийн түр засгийн газрын тэргүүн Мухаммад Юнус ослын шалтгааныг шалгах, бүх талаар тусламж үзүүлэх "шаардлагатай арга хэмжээ" авахаа мэдэгджээ.
Тэрээр өөрийн X (хуучнаар Twitter) сүлжээнд "Энэ бол бүх ард түмний хувьд гүнээ эмгэнэх мөч юм. Би шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүсье. Мөн холбогдох эмнэлгүүдийг оролцуулсан эрх бүхий бүх байгууллагад энэ нөхцөл байдалд дээд зэргийн хариуцлагатай хандахыг үүрэг болгож байна" гэж бичжээ.
Бангладешт мягмар гаргийг гашуудлын өдөр болгон зарлаж, улс даяар төрийн далбааг гудайлгасан байна.
Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл