Вьетнамын Халонг буланд жуулчид тээвэрлэж явсан завь хөмөрч, хэдэн арван хүн нас баржээ

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас жуулчид тээвэрлэж явсан завь хөмөрч, Вьетнамд дор хаяж 35 хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болжээ. Энэ харамсалтай явдал тус улсын хойд хэсэгт орших, жуулчдын дунд маш алдартай Халонг буланд болсон байна.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр, зорчигчдын дийлэнх нь нийслэл Ханой хотоос ирсэн Вьетнамын гэр бүлүүд байсан аж. Одоогийн байдлаар нийт 10 хүнийг уснаас эсэн мэнд гарган авч аварсан байна. 21 настай хүүгээ алдсан нэгэн эмэгтэй уйлан "Би хүүгийнхээ оронд үхэхийг л хүсэж байна. Би үхмээр байна" хэмээн хэлжээ.
Нгуен Ти Лиен Ройтерс агентлагт "Надад энэ дэлхий дээр юу ч хэрэггүй болсон. Би маш их ядарч байна" гэж ярьсан бол 32 настай ах нь осолд өртөн амиа алдсан Чанг Чунг Тү "Ах минь сэлж чаддаг байсан. Гэхдээ бүх зүйл хэтэрхий хурдан болсон гэж надад хэлсэн" хэмээн мэдэгджээ.
Вьетнамын хилийн хамгаалалт болон тэнгисийн цэргийн мэдэгдэлд "Wonder Seas" нэртэй завь гэнэтийн шуурганд өртөж хөмөрсөн. Нийт 53 хүн тээвэрлэж явсан хэмээн дурдсан байна.
AFP агентлагт ярилцлага өгсөн нэгэн гэрчийн хэлснээр, бямба гарагт орон нутгийн цагаар 14:00 цагийн үед (GMT цагаар 07:00) тэнгэр гэнэт харанхуйлжээ. Тэрбээр "Эрхий хурууны чинээ мөндөр орж, аадар бороо шаагиж, цахилгаан цахиж, аянга ниргэсэн" гэж ярьсан байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хөмөрсөн завины доод хэсгийн агаарын хөндийд гацсан байсан 10 настай хүүг аварчээ. Эцэг, эхийнхээ хамт аялж явсан хүү "VietnamNet" сайтад “Би гүнзгий амьсгаа аваад… шумбаж, дараа нь дээш сэлсэн. Би тусламж хүсэж хашгирсан, дараа нь нэг завинаас намайг татаж гаргасан” гэж ярьсан байна.
"VNExpress" сайтад мэдээлснээр, одоогийн байдлаар олдсон цогцсуудын дунд наад зах нь найман хүүхэд байгаа аж. Хүчтэй аадар бороо аврах ажиллагаанд саад учруулсан ч эрлийн ажиллагаа шөнөжин явуулж, ням гаргийн өглөө хүртэл үргэлжилсэн байна.
Ерөнхий сайд Фам Минь Чинь осолд өртсөн иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн бөгөөд, осол гаргасан этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах юм байна.
Куанг Нинь муж дахь Халонг булан олон зуун жижиг аралтай, 2019 онд 4 сая орчим жуулчин хүлээн авсан бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын нэг юм.
Эхэндээ 37 хүн амиа алдаж, 11 хүн аврагдсан гэж мэдээлж байсан ч, цагдаагийн байгууллагаас дараа нь уг тоог шинэчлэн залруулсан байна.
Эх сурвалж: BBC, SKY NEWS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл