Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Жапаров болон Киргиз Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэж байгаа нь харилцааны түүхэнд бичигдэн үлдэж буйг онцоллоо.

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгснийг тэмдэглэж, төрийн тэргүүн нар богино хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг онцолж, цаашид дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар өмнө нь ярьж тохирсон зүйлс 90 орчим хувьтай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаалаа.

Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргизэд экспортлох, жимс, жимсгэнэ, загас, загасан бүтээгдэхүүн зэргийг Монголд нийлүүлэх, мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.


Сэтгэгдэл

Монгол нэр хүндээ алдачих гээд байна уу? [66.181.160.40] 2025-07-21 16:17:21

ОХУ-ын Гадаад хэргийн сайл Лавров 2 дохь удаагаа Монголын талаар мэдэгдэл хйлээ. Эхнийг нь 3-р сард, нөгөөгий нь саяхан 7-р сард. Агуулга нь "Монгол Улс аль 2002 оноос хойш Евразийн Эдийн засгийн Зөвлөлийн хуралдаануудад ажиглагчаар л оролцоод байх юм. Одоо дэндүү удаж байна. Гишүүнээр элсэх болоогүй юм уу?" гэсэн утгатай. Хажуугаар нь сэтгүүлчид "Монгол нь АНУ-тай сүлбэлдээд элдэв төсөл тэндээс оруулж ирээд байгаа","Монгол 2 нүүртэй, 2-дмол байр суурьтай гулжигнасан орон болсон" гэх мэтээр нэмж бичивш. Тэгэхлээр Монгол Улс чинь бүс нутгийнхаа байгууллагад ажиглагчаар 20 гаруй жил байчихаад түүнд элсдэггүй юм уу? Гулжигнаад л байх уу? НҮБ-д элсэхээс илүү удаан болж байна ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000