“Цалинтай ээж” хөтөлбөрийн журмыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг баталлаа. Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга.
Мөн ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт гурван сая төгрөг байхаар тогтоож, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна. Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохоор болсон юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлэхээр болсон. Уг хуулийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөх юм.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл