Мөнгөний нийлүүлэлт 6.1 их наядаар өсөхөд валют, төгрөгийн хадгаламж голлон нөлөөлжээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын оны эхний 5 сарын үзүүлэлтийг ҮСХ-ноос өнөөдөр танилцуулж мэдээллээ. ҮСХ-ны Хүн амын нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Н.Должинсүрэнгийн танилцуулснаар, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын НДШ төлөлтийн тайланд энэ оны I улиралд нийт 45 мянган ААН, байгууллагын 682 мянган ажилагч хамрагдаад байгаагаас НДШ төлөгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 21 мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас 6.9 мянгаар буурчээ.

Тайланд хамрагдсан ажиллагчдын сарын медиан цалин 945.7 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх улирлаас 50 мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны I улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Харин өмнөх улирлаас 13.2 мянган төгрөгөөр буурчээ. Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны эхний улиралд 2015 оны IV улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 18 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбараар ангилж авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг байна. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээнд ажиллагсдын сарын цалин хамгийн бага буюу 775 мянган төгрөг байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 6.1 мянган төгрөгөөр буюу 0.6 хувиар нэмэгджээ. Статистик мэдээллээр гарч буй дундаж цалин нь гарт шууд олгож буй бус бодогдсон цалингийн дүн хэмжээ юм гэдгийг тайлбарлав.

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч Д.Мөнхзулын танилцуулснаар мөнгөний нийлүүлэлт энэ оны 5 дугаар сарын эцсийн байдлаар (урьдчилсан гүйцэтгэлээр) 26.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд валютын хадгаламж 0.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн дүн гарчээ. ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 18.3 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 580.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 их наяд төгрөг буюу 50.2 хувийг иргэдийн авсан зээл эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 5 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 23.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 164 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж байна. Чанаргүй зээл энэ оны 5 дугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 30 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 51.8 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.1 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.