Цэргийн шалган нэвтрүүлэх байранд ар гэрийнхний уулзалт зохион байгуулахгүй

Aдмин / Хууль

Өнөөдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хурал зохион байгуулсан бөгөөд хурлын эхэнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарын товч илтгэлийг сонссон юм.

Цахим хурлын үеэр дэлхий дахинд болон манай эх оронд тархсан коронавирусийн халдварт өвчний улмаас Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг тэмдэглэх асуудлыг ирэх жилийг хүртэл хойшлуулсан хэдий ч “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу 7 дугаар сарын 10-19-ний өдрийг хүртэлх хугацаанд олон хоногоор амрах болсонтой холбогдуулан ЗХЖШ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу дараах үүргийг хүргүүллээ. Үүнд:

  1. Улс орны хэмжээнд тархаж буй цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан коронавирусийн халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэх, амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлийн хүрээнд зөв зохистой, үр дүнтэй өнгөрүүлэх;
  2. Баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ЗХЖШ-ын даргын 2021 оны А/338 дугаар тушаал гарч Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагуудад хүргүүлсэн ба энэхүү тушаалын хэрэгжилтийг бүрэн хангах, энэхүү тушаалыг заалт бүрээр нь цэргийн алба хаагч, ажилтнуудад нэг бүрчлэн танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, амралтын өдрүүдийг өнгөрүүлсэн дүнг гаргаж, 19-ний өглөө албан бичгээр болон биечлэн илтгэх;
  3. Амралтын өдрүүдэд зайлшгүй шалтгаанаар хөдөө, орон нутаг явах болсон албан хаагч нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчид хувийн өргөдөл, хүсэлтийг гаргаж, албан ёсны зөвшөөрөл авах, ингэхдээ нэгтгэл, анги, байгууллагын жижүүрт заавал бүртгүүлж хэвших;
  4. Баяр, амралтын өдрүүдээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эргүүл, жижүүрт туйлын хариуцлагатай, тэргүүний офицер, ахлагч нарыг сонгон томилж, тэдэнтэй сурган зааварлах хичээлийг явуулах, байнгын удирдлагаар хангаж, үүрэг гүйцэтгэлтэд нь хяналт тавьж, үр дүнг тооцох;
  5. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэлтийг эрчимжүүлэх, хоёроос доошгүй цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эргүүлийг гурван ээлжээр нэгтгэл, анги, байгууллагын байрлал, албан тушаалын байр, эрсдэл бүхий объект, голын эргийн дагуу томилон үүрэг гүйцэтгүүлэх, энэ үед “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”-ыг ягштал мөрдөх;
  6. Бие бүрэлдэхүүний сонор сэрэмжийг өндөржүүлэн, дотоодын хяналт шалгалтыг чангатгах, амралтын өдрүүдэд зайлшгүй гарах тээврийн хэрэгслүүдийн техникийн бэлэн байдлыг шалгаж, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанд бүртгүүлснээр үйлчилгээний зөвшөөрөл авах;
  7. Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын ахуй хангалт, эрүүл мэндэд онцгой анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж, дайчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангаж ажиллах. Ингэхдээ түр цагийн чөлөө олгохыг бүр мөсөн хориглож, шалган нэвтрүүлэх байранд ар гэрийнхний уулзалтыг зохион байгуулахгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;
  8. Баяр, амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэн ялангуяа улсын хэмжээнд гол, мөрний усны түвшин нь үерийн хэмжээнээс дээшилсэнтэй холбоотойгоор гол, усанд орохгүй байж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
  9. Нэгтгэл, анги, байгууллагуудад “Галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө”-г тодотгож, орон тооны бус томилгоот бүрэлдэхүүнтэй сурган зааварлах хичээлийг явуулан, галын эргүүлийг тогтмол ажиллуулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх;
  10. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиуд нисдэг тэрэг болон нисдэг тэрэгний багийн бүрэлдэхүүний томилгоог тодотгож, эрүүл мэндийн байдалд нь хяналт тавих, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгах,
  11. Тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүнийг тодотгож, хүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ялангуяа хөдөө, орон нутагт байрлаж байгаа нэгтгэл, анги, салбарууд энэ чиглэлд онцгой анхаарах;
  12. Нийт алба хаагчдад гэр бүлийн хүрээнд зөв боловсон, үр ашигтай, ая тухтай амрах, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуулахтай холбоотой ямар нэгэн асуудал гаргахгүй байхыг хатуу анхааруулж, хяналт тавих зэрэг үндсэн асуудлуудаар үүрэг, даалгаврыг өглөө.

Цахим хурлын төгсгөлд ЗХЖШ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүдээс нийт генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдад Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлснийг уламжилсан юм. Дараа нь зарим нэгтгэл, ангийн захирагчийн асуултад хариу өгснөөр цахим хурал өндөрлөв.

Хурандаа Б.Отгонбаяр (ЗХЖШ)


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.