ЗХЖШ хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагатай уулзалт хийлээ

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний Жанжин штабаас Хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай хийх уулзалтыг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахад мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, тэдгээр байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад үйл ажиллагааныхаа үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий энэхүү уулзалтыг нэгдүгээр сарын 13-ны өдөр Офицеруудын ордонд зохион байгуулсан юм.

Уулзалтад ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд, төрлийн цэргийн командлагч нар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод болон байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм.

Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдэд талархаж байгаагаа илэрхийлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэний нийгэмд сурталчлах, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүн болоод энхийг сахиулагчдын гавьяа зүтгэл, улс орны бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр, бүтээлч ажлыг шуурхай сурвалжлан мэдээлэх, түгээх ажилд цаг ямагт хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ онд Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярыг нийт ард түмнийхээ баяр бахдалын баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэхүү ойн хүрээнд энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт, олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн, Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал, олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургууль, олон улсын цэргийн наадмын хүрээнд “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж явуулна. Эдгээр олон ажил, арга хэмжээг олон нийтэд нээлттэй хүргэх, сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.

Үүний дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа үг хэлж, өөрийн санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар, Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэлтэй ажилласан 20 гаруй тэргүүний ажилтныг ЗХЖШ-ын “Жуух бичиг” болон дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

Үүний дараа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзүүлсэн бөгөөд уулзалтад оролцсон удирдах ажилтнууд, сэтгүүлч, сурвалжлагч нар талархсан сэтгэгдлээ бидэнд илэрхийлж байлаа.

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэний нийгэмд сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт бүтээлч үйл ажиллагаагаа зориулж, идэвх зүтгэлтэй ажиллан шударга үнэний дуу хоолой болж ажиллаж буй Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлч, сурвалжлагч, ажилтнууд, үзэг нэгт дайчин нөхдөдөө ажил, уран бүтээлийн арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Та бүхнийг Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь өнө мөнх ивээж явах болтугай! гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.