Хятад, АНУ-ын хооронд “гал асаасан” Нэнси Пелоси

Aдмин / Нүүр

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси богинохон боловч маргаан дагуулсан Тайвань дахь айлчлалаа дуусгаад буцав. Тэрбээр энэ айлчлалаараа БНХАУ болон АНУ-ын дунд зөрчлийн “гал асаасан” бол Тайванийн ард түмний сэтгэлд итгэлийн гал асаасан гэхэд болно. 82 настай АНУ-ын эмэгтэй удирдагч Нэнси Пелосигийн “асаасан гал”-ууд цаашид хэрхэн үргэлжлэх нь олон улсын түвшинд анхаарал татаж байна. Анхнаасаа маргаан дагуулж байсан дээрх айлчлалыг амжилттай дуусгаж чадсанаараа Нэнси Пелоси гэх эмэгтэй улстөрч дэлхийн түүхэнд бичигдэх нь тодорхой болов. Түүний Тайвань дахь айлчлалыг БНХАУ-ын тал эсэргүүцэж, АНУ-ыг "Нэг xятад зарчмыг баримтлахыг" шаардаж байсан юм. Гэсэн ч Нэнси Пелоси том гүрний бодлогыг сөрж зогсож чадсан байдаг. Тайвань, Хятадын харилцаа тогтворгүй байгаа энэ үед Нэнси Пелоси гэх энэ хатагтай Хятадын эрх баригчдын анхааруулгыг үл тоон Тайпэй хотод газардсан билээ. Хятад, АНУ-ын хооронд “гал асаасан” Нэнси Пелоси гэж хэн бэ. Түүний улс төрийн замнал, гэр бүл, хувь хүний талаар онцолж байна.
Нэнси Пелоси нь Итали гаралтай. 1940 онд онд төржээ. Өдгөө 82 настай. Түүний аав Томми Д.Алесандро нь Конгрессын гишүүн, Балтимор хотын захирагч байсан. Хожим нь Н.Пелосигийн ах Томас мөн Балтимор хотын дарга болсон. Нэнси Пелоси багаасаа л аавынхаа сонгуулийн сурталчилгаанд туслаж, үүгээр ч барахгүй 1961 оны нэгдүгээр сард Жон Ф.Кеннидигийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байв. Нэнси Пелоси өдгөө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар ажилладаг. Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаал бол Америкийн улс төрийн босоо тэнхлэгийн гурав дахь чухал албан тушаал юм. АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ямар нэг шалтгаанаар улсаа удирдаж чадахгүй болсон тохиолдолд дараагийн сонгууль хүртэл парламентын дарга ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлдэг.


Түүний нөхөр нь бизнесмен, тэд таван хүүхэдтэй. Н.Пелоси улс төрд харьцангуй хожуу буюу 47 насандаа орсон. Тэрбээр хүүхдүүдээ коллеж төгстөл улс төрд ороогүй гэж тайлбарладаг. Нэгэн цагт түүний санхүүгийн гол ивээн тэтгэгчдийн нэг нь АНУ-ын дотоодын зах зээлд нийт дарсны нийлүүлэлтийн дөрөвний нэгийг хангадаг “E & J Gallo Winery” байсан юм. Өнөөдөр Н.Пелоси Калифорнид усан үзмийн хоёр талбай эзэмшдэг байна. Нэнси Пелоси бол АНУ-ын түүхэн дэх олонхийн анхны эмэгтэй удирдагч бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй дарга юм.


Ардчилсан намын хэрэгцээнд зориулж хамгийн их хандив цуглуулж чадсан түүнийг улс төрийн хүрээнийхэн "Ардчилсан намын хүчирхэг хүчин" гэж үздэг. Түүнчлэн зөвхөн Н.Пелоси тэргүүлж буй Төлөөлөгчдийн танхимд сууж буй намын нөхдөө намын үзэл баримтлалын дагуу санал өгөхийг албадаж чадсан юм. Энэ үзүүлэлтийн дагуу Н.Пелоси урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн, тохиолдлын 88 хувьд Ардчилсан сенаторууд эв санааны нэгдэлтэй санал өгсөн байна. Мөн 2018 онд тэрбээр танхимын түүхэн дэх хамгийн урт илтгэл тавьсан. Н.Пелоси найман цагийн турш индэрээс буугаагүй. Тэр өдөр сенаторууд төсвийн зарцуулалтад тавьсан хязгаарлалтыг арилгах тухай хэлэлцсэн юм.


Тэрбээр Д.Трампыг тэвчиж чаддаггүй. 2019 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгчийг Төлөөлөгчдийн танхимд үг хэлүүлэхгүй, цуцлахын тулд бүх зүйлийг хийсэн. Үүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгч Д.Трампыг үг хэлэхэд протоколд заасны дагуу түүнтэй гар бариагүй, илтгэлийнх нь дараа түүний текстийг олны өмнө урж шидсэн байдаг. Харин Доналд Трамп түүнийг хэд хэдэн удаа “гуравдугаар зэрэглэлийн улстөрч” гэж тодорхойлж байсан аж.


Нэнси бол католик шашинтай. Гэвч Н.Пелосигийн амьдардаг Сан Францискогийн хамба эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг дэмжсэн тул түүнийг ариун нөхөрлөлөөс хасчээ. Н.Пелоси өөрийн оффисдоо тодорхой брэндийн шоколадтай байхыг шаарддаг. Тэрбээр кофе, цай уудаггүй, нимбэгтэй бүлээн усыг илүүд үздэг. Н.Пелосигийн гэр бүлийн хөрөнгө 150 сая ам.доллараар үнэлэгддэг. Хосууд ашгийн дийлэнх хувийг Нэнси засгийн эрхийг барьж байх тэр жилүүдэд олж авсан. Төлөөлөгчдийн танхимд тодорхой хуулиудыг хэлэлцэж эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Пол Пелоси тодорхой компаниудын хувьцааг худалдсан эсвэл худалдаж авсан гэсэн хачирхалтай тохиолдлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа олж мэдэн хэлсэн байдаг.

Түүний хобби нь “The New York Times” сонинд хэвлэгдсэн маш хэцүү үгийн сүлжээг таах гэжээ. Оросын эсрэг үзэл бодолтой. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж, Оросыг "терроризмыг дэмжигч улс" гэж зарлахыг шаарджээ. Үгүй бол түүний хэлснээр ийм тунхаглалын баримт бичгийг Конгресс батлах болно гэжээ. Тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгогдох бодолтой байгаагаа хэдийнэ мэдэгдсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Zochin [37.76.26.188] 2022-08-08 07:55:20

EMGEN SHULAM.

Амраа, амар. Бусдад боломж олго [66.181.160.53] 2022-08-06 20:02:36

Тэтгэвэртээ удахгүй сууна биздээ. Америкт ажлыг нь хийх арай залуу өчнөөн улс төрч эмэгтэйчүүд байгаа ш дээ.

зОЧИН [66.181.188.107] 2022-08-05 20:32:09

бААС, бААС,бААС

B [24.126.109.130] 2022-08-05 18:56:37

Зөв

Иргэн [192.82.78.176] 2022-08-05 18:33:32

Энэ эмэгтэй 82 нас хүртлээ ажиллаж байгаа юм чинь Путин ч гэсэн 80 гартлаа ажиллаж чадна.

Зочин [202.126.89.92] 2022-08-05 18:09:35

Зөнөсөн чавганц өөрийгаа л рекламдаж 2 талын байдлыг улам хурцатгалаа!!!!!

Зочин [66.181.161.18] 2022-08-05 14:22:26

Зөнөг өвгөн , тэнэг эмгэн АНУ.

del [202.55.188.118] 2022-08-05 12:41:18

хятадын төвийг сахисан байр суурийг үгүй хийчлээ

Зочин [202.21.109.57] 2022-08-05 11:07:28

Мундаг эмэгтэй.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.