“Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Aдмин / Боловсрол

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургагч багш бэлтгэх арга хэмжээ 2022 оны наймдугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний сургалтыг өнөөдөр (2022.08.25) Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

“Парламентын боловсрол-Залуу багш” сургагч багшийн хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны чиглэлээр 3-7 дахь жилдээ ажиллаж байгаа 100 багш хамрагдаж байна.

Монгол Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулах, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.

Улсын Их Хурлын Тамгын газраас өсвөр үеийнхэнд зориулан боловсруулж, хэрэгжүүлж байгаа “Парламентын боловсрол” хөтөлбөрөөр ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрын талаарх мэдлэг олгох, шийдвэр гаргахад оролцох чадвартай, хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

“Парламентын боловсрол-Залуу багш” сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад танилцуулах, парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх арга зүйн сургалтыг зохион байгуулах, сургагч багш нарын сүлжээ үүсгэх, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн сургалт хамтран сурахуйн арга зүй, мэтгэлцээний боловсрол олгох арга зүй, бүтээлч сэтгэлгээний арга зүй гэсэн үндсэн сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд сургалт бүрийн дараа зөвлөн туслах үйл ажиллагаа хийх аж.

“Парламентын боловсрол” хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухаан, иргэний боловсрол хичээлийн хөтөлбөртэй нягт уялдаатай бөгөөд сургагч багш нар парламентын боловсролын гарын авлага, хэрэглэгдэхүүнийг хичээлдээ нэмэлтээр ашиглах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.