Үр /1-р хэсэг/ цуврал өгүүллэг

Aдмин / Боловсрол

Дунгаа хэн нэгний амьсгаадах, хувинтай усны цалгих чимээнээр сэрлээ. Хар шөнө юу байдаг билээ гэж гайхан зүүд үү эс бодит чимээ юу ялгах гэж хэсэгхэн зуур чагнан хэвтэв. Яах аргагүй бүсгүй хүн модон шалыг нь угааж буй чимээ сонстов. Дунгаа гайхаж хажууд нь хэвтсэн Гүнсэнг тэмтэрч үзэхэд сэрсэн янзгүй унтаж байв. Дунгаа жаахан эвгүйцэж сэмээрхэн Гүнсэнг нударч сэрээгээд чишшш чи энэ чимээг сонсож байна уу? гэж асуутал Гүнсэн аль.? юу гэж асуухдаа өлгөн сонсож үтэрхэн босоод гэрэл асаан хартал салаа гэзгээ жавхайтал сүлжиж баантиклаад, бор формоо өмссөн Сэндэр амандаа ямар нэгэн юм үглэн шал угааж байв. Гүнсэн, Дунгаа хоёр гайхсан ч төд удалгүй тайвширч миний охин яах нь вэ дээ, өглөө босоод л угаахгүй. Одоо хэвт унтаж амарцгаая гэж хэлэхэд Сэндэр сонссон янзгүй угаасаар байв. Гүнсэн гайхаж Дунгаа руу нэг хараад, хананд өлгөөтэй том цаг руу хартал шөнийн 03:45 цаг болж байх юм. Орос цагны чаг чаг чимээ, Сэндэр охины юу хэлж буй нь үл мэдэгдэх шивнээ хоёр нийлэн Дунгаа, Гүнсэн хоёрын тэр шөнийн нойрыг юу ч үгүй үлдэн хөөж үүрийн гэгээтэй золгов. Үүр хаяарахтай зэрэгцэн Сэндэр орныхоо доороос дөрвөн өнцөгтөө төмөр даруулгатай бор арьсан чемоданаа гарган учиргүй халбага, сэрээ, хутга хийж эхлэв. Айж гайхах зэрэгцсэн Дунгаа, Гүнсэн хоёр сая л газар дээрхи ганц охин нь ухаан саруул бус болсныг ойлгов. Сэндэр за ингээд би харьлаа, баяртай гэсээр гарах гэхэд нь Гүнсэн хүүе миний охин юу яриад байнаа гэсээр гараас нь барих гэтэл Сэндэр чангаар орилж, удалгүй уйлж яагаад намайг явуулахгүй байгаа юм бэ? Би ээж аав хоёртоо очмоор байна. Тэд намайг хүлээж байгаа шүү дээ гэхчлэн орилж, буланд шигдэн өвдөгөө тэврээд уйлав. Балмагдаж цочирдсон Гүнсэн, Дунгаа хоёр арай ядан өглөө болгоод аймгийн төв рүү охиноо аваад санд мэнд гарлаа...

Энэ явдалаас хойш тэдэнд нутагтаа очиж үзээгүй лам, бөө, эмч, домч үлдсэнгүй. цагийн эрхээр Сэндэр нас бие гүйцэж нүдэнд дулаахан сайхан бүсгүй болон хувирч байв. Гэвч Гүнсэнгийн ганц хүүхэн тэр жил ургац хураалтанд яваад ирэхдээ галзуураад ирсийм гэнэлээ гэх яриа хол алдуурч дэлгэрээд, зарим нэг нь хов болгон цаг өнгөрөөж байхад хөгшид эмгэд нь хөөрхий охиныг нь өрөвдөн халаглаж нулимсаа нууцаар арчин суух нь Дунгаа, Гүнсэн хоёрт нойтон бургасаар ороолгоод авахаас ч хэцүү байдаг боллоо. Хөөрхий Сэндэр хүн өрөвдөж эсвэл элдэвлэж байгааг ялгах ухаангүй амьтан тул эхийнхээ бүснээс уяатай инээсээр даган алхана. Хүн бүрлүү хараад л чухам инээж явдаг амьтан болон хувирчээ... Хүний л эх эцэг болсон хойно цөхөрч цуцахыг үл мэдэн охиноо эрүүл саруул болгочих гэсэн чин хүсэлдээ хөтлөгдсөн Гүнсэн, Дунгаа хоёр хол ойр ямар л шидтэн домчины сураг гарна тийш зүглэх нь тэр... Зүүн аймгаас нэг айхавтар гэгээнтэн ирсэн сурагаар Гүнсэн, Дунгаа хоёрч эртлэн босож охиноо дагуулсаар хамгийн түрүүнд л золгож амжив. Гэгээнтэн охины нь судсыг бариад танай охин лус хилэгнүүлжээ. Иймд та 2 охиноо аваад нутгаасаа гар, тэгэж гэмээнэ охины чинь амь хэлтэрч мэднэ гэсэнд даруй 7 хоногийн дотор хамаг мал хуйгаа арилжаад 5 ханатай гэртэйгээ хотын зүг хөдлөв. Тээр жил Гүнсэнгийн том эгч Жавзанг хотын бэр болоход Гүнсэн аавтайгаа хамт эгчээ хүргэж Улаанбаатар хотод ирж байсан удаатай. Түүнээс хойш огт зүглээгүй их хотын газар нутаг том атлаа 5 ханатай гэрээ барих зийхэн өнцөг олдохгүй хоёр гурав хоног хамаатан саднаар хэсүүчлэв. Дунгаа өнгөрдөг жил Жавзан эгчийн бага хүү нь хуримаа хийж хотын төв рүү хоёр өрөө байранд орсон тухайгаа ярьж байсныг чи санаж байна уу? тэднийх хашаагаа яасан юм бол Гүнсээн гэснээр Гүнсэн эгчтэйгээ уулзахаар хөдлөв. Орой нь Гүнсэн за Дунгаа минь сайн мэдээтэй шүү хө, гэсээр орж ирэв...

Зохиолч Үжин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.