Б.Жавхлан: Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгох агуулгатай

Aдмин / Улстөр

Өнгөрсөн онд баталсан Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт энэ оноос эхлэн үйлчилж буй. Уг татварын зорилго, хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулав.

-ХХОАТ-ын шаталсан төлөлт иргэдийн хэдэн хувийг хамарч байна вэ? Дундаж давхаргын хэсэгт татварын дарамт ирж байна гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Шаталсан болон тансаг хэрэглээн дээр тавьдаг татвар нь олон улсад нийтлэг байдаг, сонгодог татварын нэг хэлбэр юм. НӨАТ-тай хэлбэр адил, суурь татвар. Хуучин социалист системд байсан улс орнууд татварын энэ нийтлэг хэлбэр рүү хожуу орцгоосон.

Манай улс шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн болохоос биш нэмсэн шатлалын татвартай байгаагүй. Хэдийгээр шаталсан төлөлт 10 хувиас эхэлж байгаа боловч тооцоолоод үзэхээр бид бага орлоготой хэсгээсээ 4.8 хувийн татвар авдаг. Сарын 10 саяаас дээш буюу жилийн 120 сая төгрөгийн орлоготой иргэд нийт Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) төлөгч 816 мянган хүний 0.5 хувь нь болж, 1300 иргэн хамрагдаж байгаа.

Манай улс ХХОАТ-ыг ажиллаж буй хүмүүсээс суутган авах, иргэд өөрсдөө мэдүүлэх замаар сайн дураар төлөх гэсэн хоёр тусдаа хэлбэрээр тооцдог. Одоо зөвхөн эхний хэлбэр буюу суутган төлөлтөөс л бид 10 сая төгрөгөөс давсан хэсэг дээр л шаталсан татвар тавьж байгаа. Түүнээс биш орлогоо сайн дураар тайлагнан тооцдог хэсэгт үйлчлэхгүй, ногдохгүй, хуучин 10 хувийн аргачлалаар явна гэсэн үг юм. Тусдаа хоёр өөр ойлголт бүхий хэлбэрүүд юм.

Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл юм. Нөгөө талдаа тансаг хэрэглээн дээр тавьдаг, ААН-үүд дээр ч тэр өндөр орлоготой нь их төлдөг татварын шинэчлэл юм. Энэ бол нэг өдөр хийдэг үйл явц биш.

Энд өнөөдөр хэдийгээр цөөн хэсэг хамрагдаж буй боловч хөгжлийн дунд болон урт хугацааны зорилт болох “2030-2050 Алсын хараа”-д тусгасан эдийн засгийн суурийг тэлэх, түүн дээрээ үндэслэн ДНБ буюу нэг хүнд ногдох үндэсний орлогыг 2030 онд 10 мянган ам.доллароос давуулна гэсэн зорилтод нийцүүлнэ.

Тэр үед өндөр орлоготой хэсэг өнөөдрийнх шиг 0.5 хувь биш, магадгүй 5-10 хувь болж, өнөөдрийн төсөвт оруулж буй 10 тэрбум шиг бус, нийт төсвийн орлогын зохих хувийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс 10 жилийн дараа очих татварын шинэчлэлийг бид өнөөдөр тавьж байна гэсэн үг. Ийм шилжилтийн бодлого.

-Татварын төлөгчдийн суурь баазыг нэмэгдүүлж, тэгш, шударга төлөлтийг бий болгох үүднээс орлогоо сайн дураар тайлагнан тооцдог болон татварын гадна байгаа хэсгийг хэзээ татварт хамруудж, төлдөг болгох вэ?

-Аль аль хэсэгт нь бид татварын болон санхүүгийн боловсролыг олгох хэрэгтэй. Ийм шаардлага тулгарсан. Манай татварын болон хууль эрхзүйн орчинд өнөөдөр хэдийгээр сайн дураар буюу орлогоо тайлагнахгүйгээр авч үлдэх, нуух, улмаар татварын өр үүсэх зэрэг дараа дараагийн эрсдлийг дагуулан үүсгэх нөхцөлтэй байгаа боловч ийм явдлыг далд эдийн засгийг бий болгож байна хэмээн хүчээр буруутгах арга байхгүй.

Харин эсрэгээр татвараа илүү хялбар аргаар тайлагнадаг амархан, ойлгомжтой байдалд оруулан цахимжуулж өгөх хэрэгтэй байна. Ингэж байж шат дараатай алхамаар сайн дураар татвар төлөгчдийн тоо болон татварын суурь орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Энд татварын байгууллага олон ажил хийнэ. Тухайлбал, тогтмол цалин авдаггүй ч тодорхой хэмжээний орлого олдог бүлэг, хэсгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч, чөлөөт уран бүтээлчид, худалдаачид, урлаг соёлынхон, нотариач, өмгөөлөгч нарын хүмүүсийг татварын эрсдлээс зайлсхийх, татвараа тайлагнадаг болгоход нь сургалт явуулж, боловсрол олгох юм. Дээр нь татвараа тайлагнадаг үйл ажиллагааг дээр хэлснээр илүү хялбаршуулна.


Сэтгэгдэл

Irgen [202.55.188.123] 2023-02-02 17:54:01

Sangiin said n bank bustai ulsad yaj shudarga yos togtoh we dee!!! Haa saigui sugalaa, coin , ondor huutei bank busuud!!! Togrogiin gadaad value tai haritsah hansh ulam sulraad!!!! Said pazda n buh yum boljiine gd shaagaad bhiin !!!! Banknii huu g buuruulah chigleleer yamar awch heregjuulsen ajil bhgui, heden ariljaanii bankniii lobby d ortson !!!! Zgr ajilaa ogood zail

Bagi [202.21.97.30] 2023-02-02 13:46:08

Tegsh huviarlalt gej kommunist um yariad bh um aa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.