Ч.ЛОДОЙСАМБУУ: ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛД ШИЙДВЭР ГАРГАВАЛ ЗАСГИЙН ГАЗАР ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ГЭДЭГ НЬ НОТЛОГДОНО

Aдмин / Хууль

"Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа.


-Хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн цэц энэ сарын 21-нд хурал зарлажээ. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр олгох ёстой гэсэн та бүхний гомдлыг Цэц хүлээгээд авчихлаа. Цэцийн шийдвэрээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Гол нь хүүхэд бүр мөнгө аваасай гэсэндээ биш. Хамгийн чухал нь төр өөрөө Үндсэн хуулиа зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг асуудал юм. Одоо зарим айлд өгөөд байгаа мөнгөний нэр бол “Хүүхдийн мөнгө”. Жилийн өмнө яг энэ Засгийн газар өөрөө “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн хөгжилд зориулсан хуримтлал юм” гэж зарлаж байсан. Гэтэл түүнээсээ хойш нэг ч жил бололгүй “Энэ бол халамж” гээд л хуулиа засаад, журмаа өөрчилчихсөн. Ингээд “Хүүхдийн мөнгө” хүүхдийн нэртэй ч тэр хүүхдийн амьдардаг айлын амьжиргаанд зориулсан мөнгө ч юм шиг утгагүй болж орхисон. Хүүхдийн мөнгө бол хүүхдийн мөнгө гэдэг нэртэй, хүүхдэд л зориулсан мөнгө. Гэтэл хүүхдийг аав ээжийнх нь орлого, амьдралын түвшингээр ялгаварлан гадуурхсан. Үндсэн хуулиар хүнийг гарал угсаа, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй ээ гээд маш тодорхой заачихсан. Засгийн газар гадуурхсан. Зарим гишүүд “Орлого сайтай айлууд угаасаа авдаггүй юм. Хэрэгтэйд нь өгөөд явах нь зөв” гэх мэт тайлбар хэлдэг. Гэтэл бид хэн хэндээ мөнгө өгүүлэх тухай биш Үндсэн хууль, зарчим ярьж байна. Ардчилсан Үндсэн хуулийн маань амин сүнс бол хэн ч байсан хүн бүр тэгш эрх эдэлж тэгш үүрэг хүлээх зарчим юм шүү дээ. Эндээс л ардчилсан орны хөгжил эхэлнэ. Гэтэл төр нь өөрөө энэ суурь зарчмаа ингэж байнга үгүйсгээд байвал ямар ч гоё авлигын төлөөх тэмцэл, ямар ч “ш”, “щ” ажиллагаа байгаад тэр нь эрх баригчдад л цаг зуурын улс төрийн ашиг тус өгөхөөс уртдаа энэ улсад юу ч үлдээхгүй шүү дээ. Суурь зарчмаа ойлгож хүндэлж хамгаалахаас л бүх зүйл эхэлнэ. Энэ бол энэ төрийн хамгийн том даалгавар байх ёстой.

-Хэрэв Цэц энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзвэл яах вэ?

-Мэдээж Цэцийн шийдвэрийг хүндэтгэнэ. Гэвч тийм шийдвэр гарвал Үндсэн хууль маань Үндсэн хууль биш зүгээр нэг тунхаг бичиг л болсон гэсэн үг. Хуульгүй, дур зоргын, хүчирхийллийн нийгэм ингэж бүрэлддэг. Тийм нийгмээс дарангуйлагч төрдөг. Энэ л манай дарга нарын хүсэл юм байна гэж ойлгоно.

-Цэц хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэж шийдвэл төсөвт тодотгол хийж таарах нь ээ?

-Тэгнэ. Тэгэх боломжтой болсон гэдгээ ч Ерөнхий сайд хэлсэн. Гэхдээ Ерөнхий сайдын тэр үг бол маш хариуцлагагүй, утгагүй яриа байсан. Бидний дундын, хамгийн том, үнэт зарчим бол Үндсэн хууль. Мөнгөгүй үедээ үхүүлээд мөнгөтэй болохоороо амилуулчихдаг зарчим, Үндсэн хууль гэж байж болохгүй. Бид нар мөнгөний тухай биш Үндсэн хууль, хэнийг ч үл ялгаварлан гадуурхах зарчим яриад байгааг тэр залуу одоо болтол ойлгоогүй явна билээ. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн талд шийдвэр гаргавал энэ Засгийн газар Үндсэн хууль зөрчиж иргэдээ, иргэдийнхээ хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан гэдэг нь нотлогдоно гэсэн үг. Тиймээс заавал хариуцлага ярих ёстой. Мөн л зарчмын асуудал шүү дээ. Нийгэмд гэм хийсэн хүн гэмээ цайруулахаас гадна заавал хуулийн хариуцлага хүлээдэг шүү дээ. Тэгэхээр төсвөө тодотгохоос гадна дор хаяж иргэдээсээ, Үндсэн хуулиасаа уучлал гуйх ёстой. Ингэж байж дараа дараагийн Засгийн газруудад Үндсэн хуулиа эрхэмлэхийг ядаж эрмэлздэг жишиг тогтоно.

-Хүүхдийн мөнгөний асуудалд Цэц хойрго хандлаа гэж иргэд нэлээд бухимдалтай байгаа харагдсан. Он гараад бүхэл бүтэн дөрвөн сар өнгөрлөө. Хэрэв Цэц хүүхэд бүрт ялгаваргүйгээр тэтгэмж олгох ёстой гэж шийдвэл өнгөрсөн дөрвөн сарын мөнгийг нөхөж олгох хуулийн заалт бий юу?

-Хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Гэхдээ энэ нам яг одоогоор үхсэн хүн амилуулахаас бусдыг хийж чадаж байна. Дураараа аашилж байгаа. Тэд л хүсвэл болгочихно биз. Бид бол том жижиг гэлтгүй хэн ч юу ч гэж байсан зарчмаа л бариасай гэж хүснэ.

-УИХ-ын 71 дүгээр тогтоол Цэц дээр очоод унахыг Засгийн газар анхнаасаа мэдэж л байсан байж таарна. Хуулиа мэдэхгүй ийм шийдвэр гаргах нь юу л бол. Тэгэхээр зориуд төсөв хэмнэх гэж есөн хувьд нь олгохгүй гэсэн шийдвэр гаргасан юм биш үү. Хүүхдүүдийн есөн хувьд нь тэтгэмж олгохгүй байснаар сард 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж мэдээлж байсан шүү дээ?

-Сард 10 тэрбум. Төрийн өмчийн нэг компанийн хоёрдугаар даргын гэрт, шүүгээнд нь л байж байдаг мөнгө. Миний бодлоор бол тэд нэг их хэмнэх тухай боддог хүмүүс биш. Анзаарч байгаа бол эрх баригч нам сүүлийн долоон жил нийгмээ тэгшитгэх бодлогыг хатуу, зөөлөн хосолсон аргаар тууштай явуулж байна. Энэ улсын бүх иргэн хоёр идэхгүй, хоосон хонохгүй дуулгавартай, хүлцэнгүй ард

түмэн болж амар сайхандаа “жаргах” ёстой гэдэг бодлого. Иргэнийх нь орлого өсвөл татвар нэмчихнэ. Хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасчихна. Өөрсдийн хэдэн хэвлэлээрээ дамжуулаад хэдэн бизнесүүдээ бүгдийг нь хулгайч, дээрэмчин гээд цоллочихно. Үр дүнд нь ард нийт хөдөлмөрлөснийхөө хэрээр олсон байна уу, хулгай хийсэн байна уу, мөнгөтэй л хүн байвал хавтгайд нь шулаач дээрэмчин гэж итгэнэ. Үзэн ядна. Ингээд энэ улсад хүн хөдөлмөр хийх аргагүй болно. Ядуурал гүнзгийрнэ. Нэгэнт ядуурсан ард эрх баригчдын гарыг харж алгаа тосч амьдарна. Ам тосдсон даргыг л шүтэж амьдарна. Бидний үзээгүй коммунизмыг аав ээж ах эгч нар маань яг ийм байсан тухай л жигшиж ярьдаг шүү дээ. Монгол ардын намын түүхийн 70 жил нь улс, нийгмийг ийм л байлгахад чиглэж ирсэн. Амь нь болж тогтсон үзэл баримтлал нь тийм. Түүнийгээ л хийж байна гэж ойлгож байгаа. Тэд хүүхдийн мөнгөн дээр Үндсэн хууль зөрчиж байгаагаа мэдэж байсан. Одоо ч ойлгож байгаа. Гол нь нийтээрээ ингэж эсэргүүцнэ гэж бодоогүй. “Муусайн баячуудад өгөх хэрэггүй, болж” гэж хэлээд алга ташина гэж бодсон. Даанч тэгээгүй. Иргэд нь тэдний хүсч байгаа шиг хүлцэнгүй тэнэгүүд болж арай л амжаагүй байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын 71 дүгээр тогтоолд хүүхдүүдийн 91 хувьд нь мөнгөн тэтгэмж олгоно гэсэн. Үнэн хэрэгтээ нийт хүүхдүүдийн дөрөв, таван хувь нь л хүүхдийн мөнгөө авахгүй байгаа” гэж байсан. Гэтэл дундаж давхаргын өрхүүд хүүхдийн мөнгөө авч чадахгүй байна гэх гомдол бишгүй байсан шүү дээ. Энэ тал дээр та бүхэн холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч нягталж үзэв үү?

-Тэдний хэлж байгаа тоо л бидэнд олдоно. Бид нар өөрсдөө тоолж тооцож хүчрэхгүй шүү дээ. Хэлж байгаа олон тоонд нь эргэлздэг. Гэхдээ эргэлзээгээ тайлах бодит чадал бидэнд алга. Гол нь юм бүхэн цаг хугацаатай. Цаг нь ирэхээр үнэн мөн нь тодорно. Үргэлжийн мөнх өмнөх үеэсээ ял асууж ярдаглаж суудаг байдлаасаа гарах юмсан. Төрийн эрх барьж байгаа этгээдүүд тухайн цагтаа жаахан голч, зарчимтай байчихаасай.

-Гадаад байгаа хүүхдүүд энэ тэтгэмжид бүрэн хамрагдаж чадаж байгаа болов уу. Зарим эх сурвалжууд гадаадад байгаа хүүхдүүд хасагдсан гэх юм билээ. Ер нь хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Цэцэд хандсаны дараа та бүхэнд иргэд хэрхэн хандаж байв?

-Мэдээж хасагдсан хүмүүс авахыг хүсч дэмжиж байна. Гэвч дийлэнх нь ямар ч үед ялгаварлан гадуурхалтын эсрэг байгаад маш их баярлаж байгаа. “Хүүхдийн мөнгөө ер нь боль оо. Халамж хавтгайрлаа” гэх хүмүүс ч байна. Бидний юу хүсч шаардаад байгааг ойлгоогүй хүмүүс л тэгэж ярьдаг. Хаана амьдардаг, ямар хүмүүс хүүхдийн мөнгө авч байгаа, авахаа больсон тухай нарийн мэдээлэл алга. Энэ төрд ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Айл өрхүүдээ ч тоолчихож чадахгүй хольж солиод хөглөөд л сууж байгаа шүү дээ.

-Хүн амын орлогын албан татварын шатлал нэмэгдсэн асуудлаар та бүхэн Цэцэд бас гомдол гаргаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Орлогоос хамаарч тэгш бус татвар ногдуулж байгаа, Татварын алба хувь хүний дансны мэдээллийг дураараа онгичих боломжтой болсон зэрэг гурван асуудлаар мэдээлэл гаргасан. Гурвууланд нь тус тусад нь Цэц нэг өдөр маргаан үүсгэсэн. Үлдсэн хоёр асуудлыг хэлэлцэх хурлын тов зарлах хуулийн хугацаа мөн л дууссан. Хүлээж л байна. Тэгэж байна, ингэж байна гээд албан ёсоор мэдэгдэл өгөхгүй юм. Асуухаар нэмж шалгаж байна л гэдэг. Одоо нэг асууна даа. Орхихгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

0202 [59.153.86.205] 2023-04-15 11:10:47

МОНГОЛ УЛСАД ҮНЭН ЗӨВ ХИЙГДЭЖ БАЙГАА АЖИЛ НЭГ Ч БАЙХГҮЙ ХҮН АМЫН БҮРТГЭЛЭЭ Ч ЗӨВ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЯДАРСАН ОЛОН ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫГ ӨЧНӨӨН ОЛОН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ГЭЖ БҮРТГЭЭД ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС НЬ ХАСААД ХАЯЧИХДАГ ХАРИУЦАХ ЭЗЭН БАЙХГҮЙ , ХОРОО НЬ ХАЛАМЖ МЭДНЭ ГЭНЭ ХАЛАМЖ НЬ БИДНЭЭС ХАМААРААГҮЙ ГЭНЭ ХАРИУЦАХ ЭЗЭН БАЙХГҮЙ ЭЗЭНГҮЙ МОНГОЛ УЛС,

судлаач [202.21.107.4] 2023-04-12 16:26:37

Цэц ацан шалаанд байгаа. 100 % өгөх ёстой гэж шийдвэл УИХ буруутан болно.

Зочин [43.228.128.90] 2023-04-12 15:27:42

Лодойг 100 хувь дэмжиж байна.

Зөв [66.181.161.151] 2023-04-12 14:59:25

Зөв л ярьж байна, цэцэд хандсан үндэслэлээ амжилттай хамгаалах хэрэгтэй

Зочин [192.82.89.142] 2023-04-12 14:20:01

Хүүхдийн мөнгийг ЗГ 5 дахин нэмснээс болж хэл ам хийгээд байгаа юм байхдаа. Хуучнаараа байсан бол яах байсан юм бол?!

Mongol [66.181.180.29] 2023-04-12 13:27:01

Энэ нэг өөрийгөө мундаг гээд бодчихсон сэтгүүлч маягийн этгээд одоо улс төр лүү орох нуу Больж үз

Зочин [202.21.108.15] 2023-04-12 10:42:34

eronhii said ni iim domboo um urihaarbusad ni yu gehev lodoi demjiij bna

Зочин [203.23.49.170] 2023-04-12 09:58:42

НДШ төлдөггүй, төлөх ч шаардлагагүй бизнестэй боломжтой хүмүүс хүүхдийн мөнгө аваад төрд ажилладаг цалин авдаг хүмүүсийн хүүхдүүд ялгаварлагдан хоцорч байгаа болохоор энэ яавч зөв зүйл биш болох нь харагдаж байгаа шүү.

Зочин [124.158.112.2] 2023-04-12 09:47:02

Ард түмэн тэдний бодож байгаа шиг арай ч тийм тэнэг болчихоогүй байна.. Тэнэг мулгуй хүмүүс шиг харьцах юмаа..


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.