“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ онд 10 төсөл хэрэгжүүлнэ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгожээ. Мөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр хуралдаанаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг тус паркт нүүлгэн шилжүүлснээр паркийн суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Түүнчлэн “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлнэ. Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ. Орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Эдгээр төслөөс 2023 онд хэрэгжиж дуусах 10 төсөл байна. Үүнд: Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам, Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам, Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам, Хэнтий аймгийн нисэх буудал, Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал, Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ус хангамжийн систем, Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминалын төслийг хэрэгжүүлэхээр тохирчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.