Хятадын цахилгаан машинуудад татвар ногдуулахыг И.Маск дэмжихгүй

Aдмин / Гадаад мэдээ

Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд татвар ногдуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены саяхан хийсэн мэдэгдлийг дэмжихгүй байгаагаа “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск илэрхийлжээ. “Тесла” ч тэр, би ч тэр тэдгээр татварыг ногдуулах хүсэлт тавиагүй. Үнэндээ уг шийдвэрийн талаар зарлахад би их гайхсан” гэж И.Маск Парис хотноо пүрэв гарагт болсон “VivaTech” бага хурлын үеэр “CNBC” телевизийн сэтгүүлч Карен Цо-гийн асуултад хариулахдаа хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Ж.Байдены засаг захиргаа Хятадын хямд үнэтэй цахилгаан машинууд АНУ-ын зах зээлд хэрэгцээнээс давсан тоогоор нийлүүлэгдэхээс сэргийлэхийн тулд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд 100 хувийн татвар ногдуулна гэж зарласан юм. Бээжингээс өгч буй татаас нь нарны зайн хавтан, цахилгаан машин зэрэг цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүнийг дотоодын эрэлтээс давсан хэмжээгээр үйлдвэрлэхэд нөлөөлж байна гэж Цагаан ордон мэдэгджээ.

“Тесла”-гийн хувьд энэ жил цахилгаан машинууд хуучирч байгаа, эрэлт суларсан, дэлхийн хэмжээнд, тэр дундаа Хятадад өрсөлдөөн ихэссэн зэрэг асуудлуудтай тулгарч байгаа юм. Тус компанийн орлого эхний улиралд 2012 оноос хойших хамгийн их хэмжээгээр буурч, 2024 онд хувьцааных нь үнэ 30 орчим хувиар унаад байна.

И.Маск пүрэв гарагт хэлэхдээ “Тесла” Хятадын зах зээлд ямар ч тарифын дэмжлэггүйгээр маш сайн өрсөлддөг, би татвар ногдуулахгүй байхыг дэмжиж байна" гэжээ. Тэрбээр мөн цахилгаан автомашины татварын хөнгөлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Хачирхалтай нь, энэ оны эхээр И.Маск "худалдааны хязгаарлалт байхгүй тохиолдолд Хятадын цахилгаан автомашины компаниуд бусад өрсөлдөгчөө бут цохино" гэж хэлж байсан юм. “Үнэнийг хэлэхэд, хэрэв худалдааны татвар оноохгүй бол тэд дэлхийн бусад ихэнх компаниудыг бут цохино гэж би бодож байна” гэж тэрбээр нэгдүгээр сард компанийн орлогын талаар танилцуулах үеэрээ хэлж байв.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.