Б.Хосбаяр: Тамирчны менежер бол М.Бадарчийн өмнөөс хэвлэлд үг хэлэх хүн

Aдмин / Спорт

Монгол Улсад мэргэжлийн тамирчны менежер хомс байдаг билээ. Монголын Спортын Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай тамирчид яагаад менежертэй байх хэрэгтэй талаар ярилцлаа


-Ярилцлагын эхэнд тамирчны менежер гэж ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг та хэлж өгөөч?

-Зах зээлийн шаардлагаар ойрын хэдэн жилээс тамирчид хүссэн хүсээгүй менежертэй болох хэрэгтэй болж байна. Тамирчид спортын менежмэнтийн харилцаанд оролцож ивээн тэтгэгч олох, сурталчилгаанд тоглох гэх мэт олон зүйлсийн хажуугаар тоглолтдоо, бэлтгэл сургуулилтдаа 100 хувь анхаарах бэрх л дээ. Бараг боломжгүй. Тамирчин бие дааж компани, хувь хүнтэй гэрээ, тохиролцоо хийнэ гэдэг бол хэцүү зүйл. Гэрээ хийх явцад асуудал гардаг, талууд үл ойлголцох бэрхшээл тулгардаг. Тамирчны менежмент гэдэг зүйл Монголд хөгжиж эхэлж байна, илүү ч хөгжих болно. Тамирчныг тоглолтдоо 100 хувь анхаарах боломж олгож, энэхүү олон эрх зүйн, бизнесийн харилцаанд төлөөлөх хүнийг л тамирчны менежер гээд байгаа юм.

-Тамирчид менежергүйгээр гэрээ хийх үед нийтлэг ямар бэрхшээл гардаг вэ?

-Энгийн жишээ хэлбэл, зарим тамирчид нэрэлхээд, нэрээ бодоод өндөр үнэ хэлэхгүй байх хандлагатай байдаг. Сагсан бөмбөгийн лигээс тамирчин менежергүй байхын хор уршиг их анзаарагддаг. Жишээлбэл, шинэхэн од тамирчин ямар нэгэн ивээн тэтгэгч, спонсортой өөрөө уулзаж, үнэ хөлсөө тохирдог. Тэгээд 20-25 насны залуухан тамирчид “нэрлэхээд” маш бага үнийн дүнтэй гэрээ хийдэг. Тус тамирчны зах зээл дээрх сарын үнэлгээ нь илүү өндөр байх боломжтой байтал өөрөө очоод уулзахдаа нэрлэхүү зан гаргадаг.

-Саяхан М.Бадарч хэвлэлд өөрийн биеэр мэдэгдэл хийлээ. Уг нь тамирчны менежер иймэрхүү асуудалд тамирчнаа төлөөлдөг юм аа даа?

-Тамирчны менежер бол М.Бадарчийн өмнөөс хэвлэлд үг хэлэх үүрэгтэй хүн юм. Аль ч спортын тамирчин допингийн маргаанд холбогдлоо гэхэд менежер нь өмнөөс нь төлөөлөөд байж байх ёстой. М.Бадарч менежертэй эсэхийг мэдэхгүй ч өөрөө гарч ярих ямар ч шаардлагагүй. Э.Оюунболд юмуу, М.Бадарчийн кейс бол 100 тамирчин дунд ганц тохиолдох кейс. Гэхдээ 100 тамирчин бүгдээрээ менежертэй байх ёстой.

-Тамирчны менежер хийх хүн яагаад Монголд мэргэжлийн түвшинд алга байна вэ?

-Монголд арав хүрэхгүй жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн агент бол шинэ зүйл байлаа. “Миний үл хөдлөх хөрөнгийг зараад дундаас нь мөнгө авах гэж байна” гэсэн нүдээр хүмүүс хардаг байлаа шүү дээ. Одоо бол үл хөдлөх хөрөнгө зарах, авах гэж байгаа хүмүүс заавал үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байдаг болсон байна шүү дээ. Энэхүү зүйл зах зээлийнхээ жамаар, органикаараа явсаар байгаад нийгэмд төлөвшсөн. Тухайн үедээ хүмүүс ойлгохгүй байсан. Яг үүнтэй адил тамирчны агент, менежер гэдэг зүйл удахгүй Монголд бий болж, тамирчид ч түүгээр үйлчлүүлнэ ээ.

-Тамирчид өөрсдөө менежертэй болохыг хүсэхгүй байна уу?

-Өмнө нь бөхчүүдийг гэхэд нутгийн ах нар нь шууд ивээн тэтгэдэг байлаа шүү дээ. Тэр харилцаан дунд менежер байх ямар ч боломжгүй. Зах зээлийн зарчмаараа явахгүй байсан. Мөн шинэхэн од болсон тамирчинд маш олон багш гараад ирдэг. Багийн багш, шигшээгийн багш, анхны дугуйлангийн багш гэх мэт олон багш, дасгалжуулагч гараад ирдэг. Жаахан од болоод ирэхээр тэр тамирчинг тал талаас нь булаацалдаад эхэлдэг дээ. Спортын агент тэрхүү тамирчинтай ажиллах гэхээр дээр дурдсан хүмүүс “Миний хүүхдийн мөнгийг шулах гээд байна” гээд менежергүй байхыг ойр тойрны хүмүүс нь ятгах хандлагатай байдаг.

Саяхан нэг зүйл анзаарагдлаа. Монголд анх удаа сагсан бөмбөгийн “Draft” болсон. Үүний үр дүнд тамирчны менежерийн эрэлт хэрэгцээ өсөх болов уу гэж бодож байна. Менежерийн хэрэгцээ маш их гарч байгаа юм. 200 гаруй тамирчин “draft”-д нэрээ өгч. Тэндээс 32 тамирчинг л багууд сонгож авна. Үлдсэн 170 гаруй тамирчныг багт борлуулах, ирэх жилийн “draft”-д өрсөлдүүлэх хүн нь менежер юм. Энд л менежерийн чадвар, мэдрэмж, үүрэг тод харагдана. Сагсан бөмбөгийн дээд лигийн нүдэнд өртөж байгаа 19, 20 настай хүүхдүүд чинь яг үнэндээ бизнес, гэрээ хэлцэл, наймааны мэдлэггүй шүү дээ. Ихэнх тамирчин хичээлээсээ чөлөө аваад бэлтгэл, сургуулилтаа хийдэг болохоор энэ талын мэдлэг хомс шүү дээ. Гэрээ унших, танилцах гэдэг чинь хэцүү ажил.

-Эргээд агент хэрхэн цалинждаг юм бэ, тамирчид өөрсдөө сайн цалинжиж чадахгүй хэрнээ өөр хүнд цалин өгөх гэдэг хэцүү биз дээ?

-Манай зах зээл жижигхэн учраас хэцүү. Цалин ч бага. Тамирчнаасаа хамаараад янз янз л байдаг. Гадны жишигийг харах юм бол менежер 3-10 хувийн шимтгэл авдаг. Жишээлбэл, сарын хоёр сая төгрөгийн цалин авч байгаа тамирчин 3-10 хувийг менежертээ өгөх юм. Маш бага дүн биз. Тийм бага орлоготой менежер салбартаа бүтэн цагаар ажиллах бол хүндрэлтэй.

-Менежер яг ямар үүрэг, хариуцлага хүлээж байна вэ?

-Ямар үйлчилгээг менежер үзүүлэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Манай компани гэхэд 2028 он хүртэл энэхүү салбарт орохгүй. Бизнесийн хувьд одоогоор ашиггүй төсөл байгаа юм. Нэгдүгээрт, тамирчны гэрээг хамгаалах ёстой. Тамирчиндаа ашигтай гэрээ хийхийг эрмэлзэх. Тамирчин гэрээндээ сэтгэл хангалуун байх. Хоёрдугаарт, даатгалын үйлчилгээ байх ёстой. Тамирчин гэмтэл бэртэл авсан тохиолдолд даатгалтай байх нь чухал. Сурталчилгаа, арилжаа, рекламд тоглох зэрэг нь дараа дараагийн асуудал. Хамгийн гол нь эрх зүйн хамгаалалт. Representing Business буюу төлөөллийн бизнес бол гадны орнуудад их хөгжчихсөн шүү дээ.

-Монголын тамирчид, морьдыг олон улсад гаргах хүн нь менежер хүмүүс шүү дээ?

-Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хэлж байсан юм. Би 32 төрлийн ажил хийгээд байна аа гэж. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр тэдгээр 32 чиг үүргийг менежер хүн хийх ёстой. Тэр бол тамирчин, дасгалжуулагч зэргээс тэс өөр чиглэлийн, өөр чадвар мэдлэг шаардах ажил. Тэгэхээр 24 цагийн турш хурдны морийг яаж гадагшаа зарах вэ, яаж чадварлаг тамирчнаа олон улсад тоглуулах вэ, яаж ивээн тэтгэгч олох вэ гэж боддог, ажилладаг хүн бол менежер юм.

-Та өөрөө тамирчны менежер хийж байсан уу?

-Би 2011 онд тав, зургаан тамирчны агент хийж байсан. Тэр үед сагсан бөмбөгийн Т.Санчир, Н.Төгсцогт, Г.Мандахнаран гэх мэт тамирчдыг төлөөлж рекламд тоглуулахаас гадна спонсор хайх гэх мэт ажлыг нь хийж байлаа. Яг амжилттай ивээн тэтгэгч, сурталчилгаанд тоглуулах үед дасгалжуулагч, багш, гэрийнхэн нь миний хийж байгаа ажлыг ойлгохгүй байсан. “Чи миний хүүхдийн төлөө юу ч хийгээгүй байж мөнгө авах гэлээ” гэх мэт. Гэхдээ би тэдгээр хүмүүст бурууг өгч байгаа юм биш. Нийгэм бол одоо энэхүү ажлыг ойлгох цаг үе нь ирсэн. Шаардлага нь ч бий болж байгаа нь нийгэмд өрнөж буй кейсүүдээс харагдлаа.

Н.Нарванчин

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.167.4] 2024-05-27 14:14:05

Манайд тамирчид нь агент хөлслөх хэмжээнд хүрсэн спорт сагс л байж магадгүй, хөлбөмбөг, волейбол арай л болоогүй болов уу, ганц нэг тамирчин байж болох ч нийтээрээ бол үгүй, бөх энэ тэр бол угаасаа дэмий дээ, тэдэнтэй тэнэг хүн л орооцолдоно биз дээ

Guest [202.21.127.187] 2024-05-26 11:49:10

ЭЗМЗ 2008 мандтугай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.