МЭЗФ-2025: "Бид хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс орон байх ёстой"

Монголын Эдийн Засгийн Форум-2025 арга хэмжээ өнөөдөр (2025.07.08) Төрийн ордонд "Итгэлцлийг дахин сэргээх нь" уриан дор болж байна. Монголын Эдийн засгийн форумын Удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг МЭЗФ-2025 арга хэмжээний эхэнд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын нийт зочид, төлөөлөгчдөдөө талархаж буйгаа илэрхийлээд, форумдаа амжилттай оролцохыг хүслээ.
Тэрбээр энэхүү форумыг хийхээр өмнөх Засгийн газартай хамтын ажиллагаагаа эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжин ажиллаж байсанд талархаж буйгаа илэрхийлээд, шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатартай энэхүү форумыг хамтран зохион байгуулахаар маш богино хугацаанд бэлтгэж, амжилттай эхлүүлж байгаагаа дурдсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эдийн засгийн форум 2025 арга хэмжээг нээж үг хэлэхдээ эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар онцоллоо. Тэрбээр “Бид хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс орон байх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж бид өөрсдийгөө биш, хөрөнгө оруулагчид хэлдэг болсон тэр цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ” гэлээ.
Мөн Засгийн газрын тэргүүн "Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцлон анхаарч, цахим үндэстэн болохыг зорино. Байгалийн баялгаараа дэлхийд эхний 10-т багтдаг улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжинэ. ЭЗХЯ хөгжлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн эрүүл орчин бүрдүүлэхэд манлайлж ажиллана" хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Энэхүү форумд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүд болон гадаад, дотоодын 3000 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монголын Эдийн Засгийн Форум-2025 салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
Д.ТУЯА
Сэтгэгдэл