"Диого Жота хурд хэтрүүлсний улмаас осолдож амиа алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ
"Ливерпүүл"-ийн довтлогч Диого Жота, дүү Андре Силвагийн хамт Испанид осолдох үед Диого Жота автомашинаа өөрөө жолоодож явсан бөгөөд хурд хэтрүүлсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, тэдний унаж явсан "Lamborghini" маркийн машины дугуй хагарсны улмаас замаас гарч, улмаар шатсан байна. Осол үүрээр гарчээ.
Испанийн Иргэний Хамгаалалтын Цагдаа (Guardia Civil)-гийн төлөөлөгч "CNN Sports"-д өгсөн мэдээлэлдээ, урьдчилсан байдлаар Диого Жота ослын үеэр автомашиныг жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд хурд хэтрүүлсэн нь осол гарах нэг шалтгаан байх магадлалтай гэж үзэж буйгаа хэлжээ. Үүнийг хурдны зам дээр үлдсэн дугуйны мөр тодорхой харуулсан байна.
Испанийн Иргэний Хамгаалалтын Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа энэ долоо хоногийн сүүлээр дуусах бөгөөд үүний дараа орон нутгийн шүүгчид дүгнэлтээ хүргүүлж, олон нийтэд мэдээлэх аж.
Жотагийн нас барсан тухай мэдээ цацагдсанаас хойш хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ уй гашууд автаад буй. "Ливерпүүл" болон дэлхий даяар хайрлаж байсан хөлбөмбөгчний хувьд хуучин багийн нөхөд, дасгалжуулагчид болон олон улсын хөгжөөн дэмжигчид нь эмгэнэл илэрхийлсээр байна.
Криштиану Роналдо олон нийтийн сүлжээнд "Үнэхээр итгэхгүй байна. Бид дөнгөж саяхан шигшээ багтаа хамт байсан. Чи дөнгөж саяхан гэрлэсэн шүү дээ. Гэр бүл, эхнэр, хүүхдүүдэд нь гүнээ эмгэнэл илэрхийлье. Чи тэднийхээ дэргэд үргэлж байх болно гэдэгт би итгэж байна. Амгалан нойрсоорой, Диого болон Андре. Бид бүгдээрээ та хоёрыг үгүйлэх болно* хэмээн бичжээ.
Жота ослоос ердөө хоёр долоо хоногийн өмнө, олон жил найзалсан Руте Кардозотой гэрлэж, гурван хүүхдийн хамт амьдарч байжээ. Диого Жота, түүний дүү Андре Силва нарыг оршуулах ёслол өнгөрсөн бямба гарагт тэдний төрсөн нутаг болох Гондомард (Португал) болсон билээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл