Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

“Парламентын залгамж холбоо” байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн хүрээнд болж буй эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэлийг Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүн асан Д.Лүндээжанцан “Парламентын 35 жилийн сорилт, сургамж” сэдвээр танилцуулав.
Тэрбээр, одоогоос 35 жилийн өмнө энэ өдрүүдэд 13-ны өдрийн чуулганы хуралдаандаа бэлтгээд Улсын Бага Хурлын гишүүд ямар тангараг өргөх вэ гэдгийг хэлэлцэж байсан бол өнөөдөр байнгын ажиллагаатай парламентын ололт амжилт, сургамжийн талаар илтгэл тавихаар болж байгаадаа талархаж байна гэв.
Мөн Монгол Улс парламентын уламжлалтай орон гэдгийг тодотгоод байнгын ажиллагаатай парламентыг 1990 оноос эхэлсэн гэж үзэж болохгүй хэмээн илтгэлээ.
Тус илтгэлд парламентат ёсны угтал үед Монголын нэгдсэн төр улсаас Олноо өргөгдсөн Монгол Улс хүртэл хамааруулахын зэрэгцээ Хүннү, Сянбигаас өмнө төр улс байж, хуралдаан хийдэг байсныг онцлохын зэрэгцээ Монголын нэгдсэн төр улсын Их хуралдай үндсэндээ парламентын шинжийг агуулж байсан хэмээн дурдaв.
Мөн тэрбээр 1924-1990 онд парламентат ёс хэлбэрээ олж, эхлэл нь тавигдсан гэсэн бол 1990 оноос хойш парламентат ёсны төлөвшлийн үе гэж авч үзэх ёстой гэж байлаа.
Түүнчлэн илтгэлд 1990 онд ажилласан Улсын Бага Хурал нь парламентат ёсны төлөвшлийн суурь, үндсийг тавьсан анхны парламент. Улсын Бага Хурал үйл ажиллагаандаа төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх, ардчиллын суурь зарчим бодитойгоор хэрэгжих, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар төрийн дээд байгууллагууд ажиллах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдсан байх, хууль дээдлэх, төр засгийн аливаа дур зорго хязгаарлагдах зэрэг парламентат ёсны үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж чадсан хэмээн дурдсан байв.
Төр улсаа парламент, Засгийн газар, шүүхтэй нь нийт иргэн, иргэний нийгэмтэй нь нэгэн гэр бүл хэмээвээс төрийн эрх мэдэл хуваарилахуй нь гишүүдийнх нь хоорондын харилцааны дүрэм журам юм. Харин Үндсэн хуульт ёс, ардчилал, иргэний нийгэм, хууль дээдлэхүй нь шүтэн барилдахуйн үндэс болно. Ардчилал үгүй бол Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт үгүй, эрх мэдлийн хуваарилалт үгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус болох тул өнгөрсөн хугацаанд бартаат замыг туулж олсон ардчиллаа төгөлдөржүүлэхэд Монголын парламентын үйл ажиллагаа чиглэх учиртайг илтгэгч онцлон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүн асан Р.Гончигдорж “Ардчилсан хувьсгал ба Улсын Бага Хурал” сэдвээр илтгэл танилцуулсан.
Тэрбээр илтгэлдээ, 1990 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ардчилсан соёлын хөдөлгөөн”-өөс БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд явуулсан ил захидалдаа тавьсан шаардлагын дотор нэгдүгээрт, Ардын түр хурлыг 1990 оны эхний хагаст багтаан сонгуулиар байгуулах, Ардын түр хурал нь Үндсэн хууль, төрийн сонгуулийн хуулийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлэн баталж, төрийн сонгууль явуулан шинэ төрийн тогтцыг байгуулаад өөрөө огцрох, хоёрдугаарт, Ардын түр хурлын сонгуулийн журмыг боловсруулахад улс төрийн хүчний төлөөлөгчдийг тэгш эрхтэй оролцуулах, төслийг ард түмнээр хэлэлцүүлж, улс төрийн хүчнүүдийн дугуй ширээнд ярилцахаар батлах гэж томьёолсон байсныг дурдаад Улсын Бага Хурлыг байгуулах хүртэлх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн Улсын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 13-нд эхэлсэн анхдугаар чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулж, гол чиг үүргээ хэрэгжүүлэх гараагаа эхэлсэн бөгөөд хуучин ба шинэ үзэл баримтлалын зөрчлийн түүхэн зангилааны амаргүй үе байсан. Ардын Их Хурлаар ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцүүлж батлуулах нь хэцүү сорилт байсан бөгөөд Улсын Бага Хурлын гишүүд бусад депутатуудын нөр их ажил, ойлголцлын үр дүнд энэ зорилт хэрэгжиж чадсан гэлээ.
Монгол төрийн шинэ тогтолцоог бэхжүүлэн шинэчлэх, нийгмийн амьдралын бүх тогтолцоог ардчилах, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэн баталгаажуулах нь Улсын Бага Хурлын эн тэргүүний зорилт байлаа. Энэ онцлогт Үндсэн хуулийн 5 дугаар сарын 10-ны өдөр оруулсан нэмэлтээр 1960 оны Үндсэн хуулийн 3,4 дүгээр бүлгээс бусад нь хүчинтэй хэвээр байсан. Үүнийг 3 дугаар сард орсон өөрчлөлтөөр нэг намын удирдан жолоодогчийн бүлгээсээ татгалзаж, олон намын тогтолцоо болох үндсийг бий болгосон. Иймд зорилтоо хэрэгжүүлэхээр баталж гаргасан Улсын Бага Хурал хуулиуддаа тэр үеийн Үндсэн хуульд биш ирээдүйд батлагдах ардчилсан Үндсэн хуульдаа нийцүүлэн гаргаж байсныг онцолж байв.
Улсын Бага Хурлын гишүүд улс үндэстнийхээ эв нэгдэл, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, бусдын санаа бодлыг хүндэтгэн хүлээн авч чаддаг байсан нь ямар ч хэцүү асуудлыг шийдвэрлэх үндэс болж байлаа. Ийм уур амьсгал Улсын Их Хуралд уламжлагдан үлдээсэй гэж хүсэж байгаагаа анхны Улсын Их Хуралд хэлж байсан бол үүнийгээ үе үеийн парламент, өнөөгийн Улсын Их Хуралд ч гэсэн давтан хэлье гэдгийг Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж илтгэлийнхээ төгсгөлд тодотгов.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Байнгын ажиллагаатай парламентын ажлын алба: Төрийн ардчилсан институц болох төрийн эрх барих дээд байгууллагын ой санамж-ажлын албаны түүхэн хөгжил, зорилго, зорилт” сэдвээр илтгэл тавьсан.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлээд Монгол оронд парламентат ёс үүсэж, төлөвшсөн хийгээд түүний цаашдын хандлага нь хөгжлийн зүй тогтол, үүх түүхтэй бөгөөд өмнөх болон өдгөө, ирээдүй цагийн түүхэн үйл явц болно гэдгийг тодотголоо.
Улсын Бага Хурлын даргын 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот захирамжаар парламентын Тамгын газрыг байгуулсныг дурдаад, уг захирамжид заасны дагуу Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоог нийт 56 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор профессор Бяраагийн Чимид Улсын Бага Хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга буюу байнгын ажиллагаатай парламентын ажлын албаны анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Байнгын ажиллагаатай парламентын анхны аппаратын бүрэлдэхүүний 70 гаруй хувь нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газраас бүрэлдэн, хууль тогтоох байгууллагын залгамж чанарыг уламжлан үргэлжлүүлсэн. Дийлэнх нь олон жил Тамгын газартаа ажиллаж ахмад болсны сацуу одоо хүртэл ажиллаж байгааг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж байлаа.
Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын онцлогийн талаар дурдлаа.
Тухайлбал, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын эхний 12 жил буюу 1992-2004 он бол Улсын Бага Хурлын бүрэн эрхийн 2 жилийн хугацаандаа эхлэлийг нь тавьсан эрх зүйн шинэчлэлийн нүсэр ажлыг нугалж, өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсын шинэ үеийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлж чадсан том ололттой түүхэн цаг хугацаа байсан. Энэхүү нүсэр ажлын ачааны хүндийг байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын үе үеийн бүрэлдэхүүн нэгж эд, эс бүрээрээ үүрэн гарч, тэр хэмжээгээр чадавхжин бэхжиж байсан нь үнэн гэлээ.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын хоёр дахь 12 жилийн онцлогийн тухайд Улсын Их Хурлын 2004-2016 оны хугацаанд хамаарах парламентууд нь Монгол Улсын эрх зүйн системийг чанаржуулахад чиглэж байсан гэж байлаа.
Түүнчлэн 2016 оноос эхлэн өнөөдөр бид Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн цаг хугацааны гурав дахь 12 жилийн мөчлөгийг туулж байгааг тэрбээр дурдаад, энэ үеийн онцлог нь Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулиар хуваарилсан төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч төрийн тогтолцоог эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэх, хууль тогтоомжийг үндсэн зорилгод нь хүргэж, нийгэм дэх асуудал, бэрхшээлийг бодитоор арилгаж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн их эрэл хайгуулын жилүүдийг туулж байна хэмээн тодорхойлов.
Монгол Улсын Их Хурлын төлөөллийн чанарыг нэмэгдүүлж, гишүүдийн тоог 126-д хүргэж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж чадсанаар Монгол Улсын парламентад салбар бүрийн өндөр мэргэшсэн чадамжтан орж ирэх боломж бүрдсэн. Энэхүү өөрчлөлт үр дүнгээ өгч 2024 оны парламент олон нам, эвслийн төлөөллөөс бүрдсэний дээр мэргэшсэн улстөрчид, дотоод гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн салбар бүрийн мэргэжилтнүүд бүрэлдэхүүнд нь багтсанаараа нэн онцлог гэдгийг тэмдэглэсэн.
Өөрчлөгдөн байгуулагдсан парламентын хэрэгцээ, шаардлага, ажлын арга барил өмнөх парламентуудаас эрс өөр байсан онцлогт Тамгын газар нийцэж ажиллах хэрэгцээ, шаардлага ч үүссэн нь байнгын ажиллагаатай парламент болон түүний Тамгын газрын түүхийн шинэ хуудсыг нээснээрээ онцлогтойг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж илтгэлдээ дурдсан.
Эрдэм шинжилгээний хурал Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Бумдарийн “Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл” сэдвийн илтгэлээр үргэлжлэв.
Тус илтгэлд шийдвэр гаргах түвшинд буюу монголын улс төрийн тогтолцоонд эмэгтэй улстөрчид, ялангуяа Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн манлайлал парламентын 35 жилийн хугацаанд хэрхэн өрнөсөн талаар хөндсөн байлаа.
2024 оны 4 дүгээр сард Олон улсын парламентын холбооноос тогтоосон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр Монгол Улс 190 улсаас 129 дүгээр байранд бичигдэж байсан бол 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр 27-30 байраар урагшилж, Азидаа жендэрийн тэгш байдлын дундаж үзүүлэлтийг ахиулж 26.9 хувь буюу дэлхийн дундаж руу ойртсон гэдгийг тус илтгэлд дурдсан байлаа.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд яагаад байх шаардлагатай талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласныг доорх зурагнаас танилцана уу.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг хэрхэн оролцуулж байсан талаар мэдээлэхдээ, Улсын Бага Хурлыг байгуулахад 50 гишүүний хоёр нь эмэгтэй байсан бол 1992 оны Улсын Их Хуралд гурав болж нэмэгдэж, энэ үзүүлэлт цаашид тогтвортой өсөж, 2024 оны парламентад 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Гэхдээ энэ хүртлэх зам амаргүй байсныг доктор, дэд профессор Д.Бумдарь илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн улс төрийн судлалын доктор, дэд профессор Э.Гэрэлт-Од “Монголын парламентын хөгжил ба сонгуулийн тогтолцооны сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Тэрбээр илтгэлдээ ардчилал ба парламент, Монголын сонгуулийн тогтолцооны түүх, парламентын хөгжил, сонгуулийн тогтолцооны сонголт, үр дүн, анхаарах асуудлыг хөндсөн байлаа.
Тэрбээр, Парламент бол нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага гэдгийг дурдаад, сүүлийн үед парламентыг "Ард түмнээс чөлөөт, шударга сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдсэн, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хянах, олонхын засаглалыг баталгаажуулахын зэрэгцээ цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг институци" гэж тодорхойлдог болсон гэж байлаа.
Олон улсын парламентын холбоо нь дэлхийн парламентуудын хамтын ажиллагааг дэмждэг хамгийн том байгууллага бөгөөд парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд парламентын чадавх, бие даасан байдал, төлөөллийн тэгш байдал, иргэдтэй харилцах, олон нийтийн оролцоог хангах, тогтвортой хөгжил ба хүний эрх, шударга, хариуцлагатай парламент гэсэн асуудалд голлон анхаардаг гэдгийг тодотгосон.
Түүнчлэн Монгол Улсын сонгуулийн тогтолцооны түүх, сонгуулийн тогтолцооны сонголт, Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон төлөөлөх чадвар, Улсын Их Хуралд сонгогдсон улс төрийн нам, гишүүдийн мэргэжил, хүйсийн төлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Илтгэлд цаашид Улсын Их Хурал гишүүдийг чадавхжуулах, парламентын ил тод байдлыг дэмжих, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн парламентад итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн иргэдийн парламентын боловсрол, оролцоог хөхиүлэн дэмжих, иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төрийн нам, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн санхүүжилтийг ил тод болгоход анхаарах шаардлагатай хэмээн дүгнэсэн байлаа.
Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хурал түр завсарлав.
Үдээс хойших хурал ИБУИНХУ-ын Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчирын Парламентат ёс, засаглалыг судлах олон улсын чиг хандлага сэдэвт илтгэлээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл