О.Батнайрамдал: Монголын олон нийт 53 хувийн өгөөжөө авах асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгалаа
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны гишүүд өнөөдөр /2025.12.26/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл маань өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдэж батлагдлаа.
Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Түр хороо нь парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл орсон 11 гишүүнтэй байгуулагдсан.
Оюутолгой төсөл анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 16 жилийн туршид нийтдээ 22 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт.
Ирэх 20, 30 жилд Монголын эдийн засагт хамгийн том ач холбогдолтой төсөл байсаар байх болно. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувь, Монгол Улсын өрийн 50 орчим хувь, валютын нөөцийн 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа төсөл юм.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын 30 жилийн гэрээ байгуулснаас хойш 16 жил нь өнгөрсөн. Хагасаас илүү хугацаа нь өнгөрчээ. Энэ цаг мөчид Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар төсөлд үнэлэлт дүгнэлт өгч чадлаа, оноогоо засаад урагшлах болж байна.
Мөн энэ цаг мөчид томохон үйл явдал давхцаж байгаа нь Оюутолгой төсөл 16 жилийн туршид томоохон бүтээн байгуулалт хийсээр энэ жил ажлаа 100 хувь дусаад цаашдаа илүү тогтвортой олборлогч үйлдвэрлэгч компани болж шилжиж байгаа шилжилт 2025 онд тохиож байна.
Удахгүй хоёр, гурван жилийн дараа Оюутолгой төсөл дэлхийн гуравдагч том зэсийн үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа. Монголын олон нийт өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлтэй холбогдуулж анх амалсан 53 хувийн өгөөжөө нэхсээр байсан ч энэ нь асуудал дагуулсаар ирсэн. Хянан шалгах түр хороогоор энэ чухал асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгалаа.
УИХ-аас өнөөдөр баталсан Оюутолгой төсөлтэй холбогдох тогтоол нь түүхэн шинэ хуудсыг нээж байна гэж бид бүхэн үзэж байгаа.
Хяналт шалгалтаар нийт 94 мянга орчим нотлох баримт цуглуулаад 18 шинжээч ажиллаад тайлан дүгнэлтээ гурван өдрийн сонсголоор тайлагнасан. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, санал дүгнэлтийг нь авсан.
Ингэснээр харилцан ашигтай, хамтдаа тэгш эрхтэй, илүү нээлттэй ил тод байх урт хугацааны түншлэлийг хөрөнгө оруулагч талтай баталгаажуулж явах түүхэн шинэ хуудас нээсэн гэж үзэж байна.
Бас энэ завшааныг ашиглаад зургаан сарын турш хамт байсан, дэмжсэн Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайд, Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг дэмжсэн УИХ-ын 89 гишүүн, өнөөдөр тогтоолыг батлахад дэмжсэн УИХ-ын гишүүддээ, Хянан шалгах түр хорооны 11 гишүүн, шинжээчиддээ, төрийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг харуулж чадсан, амаргүй асуудлыг олон нийтэд ойлгуулж чадсан хянан шалгагч, шинжээч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Мөн арын албанд ажилласан УИХ-ын Тамгын газрын ажлын албандаа энэхүү завшааныг ашиглаад талархлаа илэрхийлмээр байна.
94 мянга орчим нотлох баримт цуглуулахад оролцсон, хамтран ажилласан, цаг хугацаандаа материалаа гаргаж өгсөн 30 гаруй төрийн албан байгууллага болон аж ахуй нэгж байгаа. Бид бүхэнтэй хамтран ажилласанд баярлалаа гэж хэлмээр байна.
Оюутолгой бол ард түмний өмч. Энэ хугацаанд сэтгэлээ чилээн бид бүхэнтэй хамт байсан ард иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна.































































Сэтгэгдэл