Монгол, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд Сорилт, шинжилгээ, тохирлын үнэлгээний үр дүнг шууд хүлээн зөвшөөрөх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ.
Монгол Улс ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийсэн гадаад худалдаа өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 тэрбум ам.долларт хүрч, үүнээс экспорт 92.3 сая ам.доллар, импорт 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд хайлуур жонш, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт, адууны мах, сүлжмэл хувцас зонхилж байгаа бол импортын дийлэнхийг нефтийн бүтээгдэхүүн, бордоо, эрчим хүч, хүнсний болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн хоёр дахь том нийлүүлэгч, адууны махны хамгийн том экспортлогч орны нэг хэдий ч ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийж буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг УИХ-ын дарга нээлтийн үгэндээ онцлов.
Иймээс бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор Худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо байгуулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсныг тэмдэглэв. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү нийлүүлэх экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын дарга хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв.
Тэрбээр, аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү техникийн семинарын хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэв. УИХ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэн стандартчиллын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой санаачилгуудаас дурдлаа.
Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэдгийг тэрбээр тодотголоо.
Энэ үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурав.
Санамж бичиг байгуулснаар хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, томоохон алхам болсныг хэлэлцүүлэгт оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, эдийн засгийн асар их давуу талтай гарна гэж байлаа.
Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлууд багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.































































Сэтгэгдэл