Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ
“Hurun Report” судалгааны байгууллагаас хамгийн сүүлд гаргасан “Hurun Global Rich List” жагсаалтыг Хятад улс дахин тэргүүлжээ. Тус улсад тэрбумтнуудын тоо нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн өсөлт болон хиймэл оюуны салбарын хөгжилтэй холбоотой байна.
Өчигдөр нийтэлсэн “Hurun Group”-ын жил тутмын тайланд дурдсанаар, дэлхий даяар тэрбумтнуудын тоо 4020-д хүрснээс 1110 нь Хятадын бизнес эрхлэгчид бөгөөд энэ нь нэг жилийн хугацаанд 287-гоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр тус улс сүүлийн гурван жилд алдсан байр сууриа эргүүлэн авч, 1000 тэрбумтантай АНУ, 308 тэрбумтантай Энэтхэгийг ардаа орхижээ.
Технологийн салбарын хөгжил, тэр дундаа хиймэл оюуны технологийн эрчимтэй хөгжил нь Хятадад олон тэрбумтан төрсөн гол шалтгаан юм. “MiniMax” компанийг үүсгэн байгуулагч, 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Янь Жюньзе, мөн Knowledge Atlas Technology JSC (Zhipu) компанийн захирал, 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Лю Дебин зэрэг бизнес эрхлэгчид Хятадад шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Дэлхий даяар нийт 114 тэрбумтан хиймэл оюунтай холбоотой компаниудад ажилладаг бөгөөд тэдний 46 нь энэ удаагийн жагсаалтад анх удаа багтсан байна.
“Hurun Global Rich List” жагсаалтын эхний гурван байрт Илон Маск (792 тэрбум ам.доллар), Жефф Безос (300 тэрбум ам.доллар), Ларри Пейж (281 тэрбум ам.доллар) нар бичигджээ. И.Маск хөрөнгийнх нь хэмжээ 700 тэрбумыг давсан анхны хүн болсон байна.
Харин хотуудаас Нью-Йорк хот 146 тэрбумтантайгаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус хотын дараа Шэньжэнь (132), Шанхай, Бээжин, Лондон хотууд бичигджээ. Дэлхийн тэрбумтнуудын дундаж нас 65 байна.
































































Сэтгэгдэл