ХААН Банкны санхүүжилтээр орон нутагт 4 бага сургууль барилаа
Монголын алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн хүрээнд ХААН Банкны санхүүжилтээр баригдсан дөрөв дэх сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
“Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар, ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Ховд аймгийн Үенчийн отряд, Увс аймгийн Боршоо боомтод, энэ оны эхээр Сэлэнгийн Мандал сумын Тарни багт тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль барьж, хүлээлгэн өгсөн билээ.
Үдлэг багт ашиглалтад орж буй энэхүү сургууль нь төслийн хүрээнд өмнө баригдсан сургуулиудын адил олон улсын стандартын дагуу төлөвлөгдөж, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, суралцах тав тухыг бүрэн хангаад зогсохгүй барилга нь ухаалаг агааржуулалт, шалны халаалтын систем бүхий орчин үеийн инженерийн дэд бүтэцтэй. Мөн Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим сургалтын орчныг бүрдүүлснээр технологид суурилсан боловсрол эзэмших боломжийг сурагчдад олгож буй.
Улаанбаатар хотоос 98 км, Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс 18 километрийн зайд оршдог Үдлэг багт 6–11 насны албан ёсны бүртгэлтэй 150 гаруй хүүхэд байгаагаас Улаанбаатар хот болон сумын төвд суралцдаг хүүхэд цөөнгүй. 1997 онд баригдсан, багийн сургуулийн өмнөх сүрлэн барилга ашиглалтын шаардлага хангахаа больж, дулааны алдагдалтай болсон төдийгүй анги, танхим дотуур хулгана гүйх болсноор өнгөрсөн оны 6-р сард нураасан юм байна. Шинэ сургууль ийнхүү ашиглалтад орсноор тухайн багийн айл өрхийн хүүхдүүд гэрээсээ хол сумын төв, эсвэл хот руу явж сурах шаардлагагүй болж, гэрийнхээ ойр боловсрол эзэмших боломж бүрджээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 36 мянга гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд жилийн есөн сард нь гэрээсээ хол амьдардаг бөгөөд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ шаардлага байгааг онцолсон байна. Иймээс багийн түвшинд боловсролын дэд бүтцийг хөгжүүлэх, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь алслагдсан орон нутагт амьдарч буй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
ХААН Банк нь Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудыг ХААН Банк сангаараа дамжуулан 2007 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг салбарт 520 гаруй төсөл, хөтөлбөрт нийт 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



































































Сэтгэгдэл
Зочин [202.21.116.2] 2026-03-10 17:45:26
болоош дээ ХААНБ