Авто инженер Б.Отгонбат: Газын хөдөлгүүр нэмэлтээр суурилуулах нь моторын элэгдэлд сөрөг нөлөөгүй
Сүүлийн үед Монгол улсад үүсээд байгаа шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэд автомашиндаа газан хөдөлгүүрийг нэмэлтээр суурилуулах болжээ. Үүнтэй холбогдуулан тус үйлчилгээг нэвтрүүлээд байгаа “Green engine” газ сервисийн авто инженер Б.Отгонбаттай ярилцлаа.
-Шатахуун хөдөлгүүртэй машинд газан хөдөлгүүр нэмж суурилуулахад ямар давуу талууд байгаа вэ?
-Хамгийн эхэнд манай улсын үүсээд байгаа шатахууны хомсдолоос үүссэн автомашины хөдөлгөөн хязгаарлалтад өртөхгүй. Хоёрдугаарт, агаарын бохирдол гаргахгүй, утаа гарахгүй эко байдлаар давуу талтай. Гараажид асаасан байхад ямар ч угаарын хий гарахгүй гэсэн үг. Дараа нь мөн моторын элэгдэл багасч, тос маслын бохирдолт буурдаг. Газ буюу шингэрүүлсэн хий гэдэг нь октав өндөртэй, 100% шаталт явагддаг учраас катализатор бөглөрөх, холимогийн хаалт бохирдох асуудал байхгүй
болно. Мөн газ нь бензинээс үнийн хувьд хямд өртөгтэй байдаг.
-Бүх төрлийн машинд суурилуулж болох уу. жишээ нь, хайбрид хөдөлгүүртэй приус машинд тавиж болох уу. Газын баллоныг хаана нь байршуулдаг юм бол?
-Нэмэлт турбо хөдөлгүүртэй машинаас бусад бүх төрлийн бензин болоод хайбрид машинд суурилуулж болно. Хайбрид машинд суурилуулахад батарей, шатахуун эсвэл батарей газ гэсэн сонголттой болно гэсэн үг. Өөр ялгаа байхгүй. Турбо хөдөлгүүртэй машинд тавих зохимжгүй. Баллоныг машинд байрлуулах байрлал машин бүрт өөр өөр. Ихэвчлэн запас дугуйн зайнд болон машины доод хэсэгт байршуулж байна. Машины хэмжээнээс хамаараад баллоны хэмжээ том жижиг ялгаатай. Ганц нэг онцгой мотортой машинуудад суурилуулах боломжгүй. Гэхдээ бид машинаа харж байгаад зөвлөж шийддэг.
-Ямар машинууд ихэвчлэн суурилуулж байна. Суурилуулахад хэр уддаг вэ. Орон нутагт газын олдоц хэр байдаг бол?
-Манайд бүх л машинууд орж ирж байна аа. Ланд круйзер 200, 470, 570 том мотортой машинуудаас гадна хот хоорондын болон жуулчдын тээвэрт явдаг алфард, велфайр гээд зайлшгүй их явдаг машинууд түлхүү орж ирж байгаа. Суурилуулахад машинаас хамаараад нэгээс хоёр хоног шаардлагатай. Ажиллагаа ихтэй том машинуудад заримдаа гурав хоног болдог. Манайх есдүгээр сарыг хүртэл захиалга дүүрсэн байгаа. Одоо Монгол Улсын аймгийн төвүүд бүгд газан станцууд байршсан. Алслагдсан жижиг сумдад гэхээс томхон сумдууд ч газын станцууд очсон байгаа. Олдоц хангалттай, ямар ч асуудалгүй.
-Ажиллуулах зааварчилгаа нь хэр төвөгшилтэй юм бол. моторын элэгдэлд нөлөөлдөг үү. Буцаагаад шатахуун хөдөлгүүртэй болгоход асуудал байгаа юу?
-Хөдөлгүүрээ сольж ажиллуулахад ямар ч төвөггүй. Ганцхан товчлуур дараад хөдөлгүүр солигдоно. Газан хөдөлгүүрийг буцааж шатахуун хөдөлгүүрт шилжүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ тэгэх бараг шаардлагагүй. Зэрэгцээд шатахуун хөдөлгүүр ажиллаж байгаа болохоор шатахуунаараа яваад байсан ч болно. Нэг суурилуулсан хүмүүс буцаадаггүй дээ. Ялангуяа монголын нөхцөлд хэзээ бензин хомсдохыг таашгүй болоод байна. Моторын элэгдэлд ямар ч сөрөг нөлөөгүй. Хамгийн гол нь зөв тохиргоог хийлгэх хэрэгтэй.
-Суурилуулах үнэ ханшийн тухайд хэдэн төгрөг вэ. Баталгаат хугацаа ямар байдаг вэ?
-Үнэ ханшийн тухайд машин бүрт орж буй сэлбэг эд анги, моторын багтаамжаас хамаараад өөр өөр байдаг. Манайх газан хөдөлгүүр суурилуулсан машинд 1 жилийн баталгаат хугацааг олгож байгаа. Энэ хугацаанд ямар нэг байдлаар эвдрэл гэмтэл гарах сервис үйлчилгээ шаардлагатай үед хариуцаж ажилладаг.
-Хаанахын ямар технологиор хийгдэж байгаа хөдөлгүүр юм бол?
-ОХУ-д 20 орчим жил туршигдсан арга технологийг бид очиж судалж туршиж байгаад өөрсдөө оруулж ирсэн. Энэ төхөөрөмж маань эрс тэс уур амьсгалд зохицох чадвартай. Газан хөдөлгүүр хэт хүйтэнд ажиллахгүй гэсэн асуудал байдаг учраас энэ төхөөрөмжийг тийм асуудал үүсэхгүй туршигдсан байдлыг харгалзан уур амьсгалын хувьд Монгол Улстай ижилхэн эрс тэс гэсэн утгаар ОХУ-аас оруулж ирсэн байгаа. ОХУ-даа тавиулсан автомашинууд дээд тал нь 18 жилдээ асуудалгүй явж байна.
-Газан хөдөлгүүр суурилуулсан тохиолдолд юуг онцгой анхаарах шаардлагатай вэ?
-Мэдээж шатамхай шингэрүүлсэн хий учраас анхаарах шаардлагатай зүйлс байгаа. Бид жолооч нартаа тусгайлан заавар зөвлөгөөг нэг бүрчлэн өгч, авах арга хэмжээг хүртэл нарийн хэлж явуулдаг. Ерөнхийдөө хүмүүсийн дунд газ шатамхай бодис гэсэн ойлголт байдаг. Энэ тал дээр тохиргоог маш сайн хийх хэрэгтэй. Судалгааны явцад газын хөдөлгүүр 1900-2200С дотоод халалт явагддаг. Гэтэл бензин хөдөлгүүр мөн адил 2000 хүртэл халдаг гэдэг. Тэгэхээр их ялгаа байхгүй гэсэн үг. Ирж байгаа хүмүүс маань дэлхий нийтэд туршигдсан арга технологиудыг сайтар уншиж судлаад ирж байгаа тал бий. Одоо цахим хөгжөөд бүр төрлийн мэдээлэл авч болдог болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.ДАРИЙМ










.jpg)


























































Сэтгэгдэл