Эрүүгийн хуулийн АНХААРАХ заалтууд
УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, Эрүүгийн хууль болон бусад дагалдах хуулиудын төслийг хэлэлцсэн боловч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нар Эрүүгийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэд бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулах тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж байгааг эргэж харах шаардлагатай гэв. Мөн Эрүүгийн хууль үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан хууль болж байгааг шүүмжилж буй юм. Эрүүгийн хуулийн амьдралд ойр зарим зүйл заалтаас тоймлон хүргье.
1.7 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх
1. Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй.
2. Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт шалгуулах, ял эдлүүлэхээр шилжүүлэн өгөхгүй.
5.5 дугаар зүйл. Гэрийн хорионд байлгах
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон замаар зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахыг гэрийн хорионд байлгах ял гэнэ.
6.2 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлага оногдуулах насны хязгаар
1. Арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2. Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.19 зүйлийн 2/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
8.5 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах
1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.
2. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хувьцаа, хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг Хохирлын санд шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
9.4 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогыг хураах
1. Гэмт хэрэг үйлдсэн хүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1. Хүнийг алсан бол арван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Хүнийг:
1.1. онц харгис хэрцгийгээр;
1.2. олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
1.3. захиалгаар;
1.4. өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
1.5. өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
1.6. хоёр, түүнээс олон хүнийг;
1.7. хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, эсхүл бага насны хүүхэд, эсхүл жирэмсэн болохыг мэдсээр байж;
1.8. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
1.9. хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, эсхүл түүний ойр дотны хүнийг;
1.10. зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
1.11. бүлэглэж;
1.12. эрүүдэн шүүж;
1.13. цус, эд, эрхтэнийг авах зорилгоор;
1.14. үзэл бодол, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван таван жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
10.5 дугаар зүйл. Эх нярай хүүхдээ алах
1. Эх нь сэтгэцийн гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан нярай хүүхэд гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.
11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, тохуурхан даажигнаж тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, эсхүл догшин авирласан бол нэг сараас зургаан сар хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг, эсхүл түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.5 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1. Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөөс арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх
1. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хийсэн гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.10 дугаар зүйл. Хувь хүний нууцад халдах
1. Хувь хүн нууцалж хамгаалсан, олон нийтэд ил болгоогүй баримт, мэдээллийг өөрийнх нь эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.12 дугаар зүйл. Хууль бусаар мөрдөж мөшгих
1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл. Хүнийг гүтгэх
1. Хүний нэр төр алдар хүндэд халдаж илт худал мэдээлэл, баримт сэлт тараасан эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй мэдээлсний улмаас тухайн хүн мөрдөн шалгагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн, эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсан, сургуулиас хасагдсан, гэрлэлтийг цуцалсан, өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн бол бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.3 дугаар зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах
1. Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.5 дугаар зүйл. Хууль бусаар үр хөндөх
1. Эмнэлгийн нөхцөлд жирэмсэн эмэгтэйн амь бие, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагыг үндэслэн жирэмслэлтийг зогсоохоос бусад тохиолдолд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.6 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах
1. Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1. Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих хуулиар хүлээсэн үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, зориуд орон гэрээ олох боломжгүй газар орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.4 дүгээр зүйл. Хүүхдээр гуйлга гуйлгах
1. Хүүхдэд амлалт өгч, эсхүл хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж байнга гуйлга гуйлгасан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших, үрэгдүүлэх
1. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үрэгдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн;
2.2. хүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан;
2.3. их хэмжээний хохирол учруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.1 дүгээр зүйл. Хууль бусаар өрсөлдөх
1. Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, эсхүл хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр эрх олгогдсон хуулийн этгээдийн удирдах ажилтан үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс тавин гурван мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой төрлийн ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах ял шийтгэнэ.
18.2 дугаар зүйл. Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх
1. Үнэт цаас, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, үйлчилгээний зах зээлийн үнийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, үйлчилгээ, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;
2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хоёр зуун мянган тооцооны нэгжээс дөрвөн зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
18.3 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх
1. Татварын маргаантай асуудлаар эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих их хэмжээний татвар, торгууль, алдангийг төлөхөөс санаатай зайлсхийсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ зүйлийн 1, 2-т заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
18.15 дугаар зүйл. Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах
1. Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл их хэмжээний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс арван дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.1. Эх орноосоо урвах
1. Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны болон дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
19.9 дүгээр зүйл. Төрийн нууцыг хууль бусаар олж авах
1. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.10 дугаар зүйл. Төрийн нууцыг задруулах
1. Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан эсхүл албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуул алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн онц чухал-маш нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасах, гурван жилээс долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
22.1 дүгээр зүйл. Эрх мэдлээ урвуулан ашиглах
1. Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох, эсхүл нийтийн албаны чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлэх эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсоны улмаас аж ахуйн нэгжийн төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.9 дүгээр зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1. Төрийн албан хаагчөөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, дөрвөн зуун тооцооны нэгжээс арван дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
26.1 дүгээр зүйл. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах
1. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол нэг мянган тооцооны нэгжээс хоёр мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах ял шийтгэнэ.
2. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эсхүл комьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, комьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан эсхүл мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын ашиг сонирхолд хохирол учирсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл