Зогсолтгүй хүч буюу “Миний дэлгүүр”
Монголд сүлжээ дэлгүүрийн шанг тэд анхлан татсан юм. Дэлгүүрийн худалдагчид “Тэр бараа ямар үнэтэй вэ. Тэрийг авах гэсэн юм” хэмээн дугаарлан зогсдог байсан монголчуудад хүссэн бараа, бүтээгдэхүүнээ дэлгүүрийн тавиураас өөрөө сонгон, худалдаж авах соёлыг түгээсэн анхны дэлгүүр бол “Миний дэлгүүр”.
Өдгөө 25 жилийнхээ ойтой золгож буй энэхүү дэлгүүр үндэсний анхны сүлжээ гэдгээрээ онцлог. Цоо шинэ зүйлийг цогцлоон бүтээсэн хүмүүний туулж өнгөрүүлсэн түүхэн замнал бүр тийм ч шулуун дардан байдаггүй. Болохгүй, бүтэхгүй, боломжгүй болгонтой нүүр тулдаг. Гэвч хийж бүтээхийн гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн тэмүүлж, тэр мөрөөдлийнхөө төлөө бүх зүйлээ зориулж, сэтгэл, оюун ухаанаа чилээж зүтгэхэд болохгүй зүйл гэж байдаггүй.
Миний дэлгүүрийн хамт олон нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе гэгддэг хэцүү он жилүүдэд ард иргэдийг хэрэгцээ, шаардлагатай бараа, бүтээгдэхүүнээр хангахын тулд мөс зүсэн урагшлах усан онгоц мэт саад бүхнийг зүсэн туулсаар ирсэн. Бүр өөртөө үйлчилдэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг богино хугацаанд бий болгоод зуун жил болсон мэт Монголын хөрсөнд нутагшуулж чадсан юм. Тэдний суулгасан үр өнөөдөр ч өдөр хоногоор хүрээгээ тэлэн “ургаж” байна. Үүний илрэл нь өдгөө аймаг, сум бүр өөртөө үйлчилдэг дэлгүүртэй болжээ. Тэгвэл уншигч та бүхэнд миний сүлжээ дэлгүүр хэрхэн үүсэн байгуулагдсан, санаачлагчид нь шинэ зүйлийг анх хэрхэн сэдэж байсан гэгээн түүхийн шарласан хуудсыг сөхөн хүргэх гэж байна.
Лангуунаас эхэлсэн Монголын ууган сүлжээ дэлгүүр
Нийтээрээ картын бараанд дугаарлаж, үйлчлүүлэгчийг тусгаарласан том лангууны цаанаас цөөхөн төрлийн бараанаас хэд дахин зааж байж арайхийн хүссэн зүйлээ авдаг байсан 1990-ээд оны эхэн үе.
Бараа, бүтээгдэхүүн ховор байсан энэ он жилүүдэд “Миний дэлгүүр” сүлжээг үүсгэн байгуулагчид хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулах зорилгоор 1993 оны хавар хоёр лангуу худалдан авч, ажиллуулж эхэлсэн байдаг. Түүнээс хоёр жилийн дараа нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хүнсний дэлгүүр худалдан авч “Монхангай” гэрээт диллер 20 ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.
Хоёр ширхэг лангуунаас эхэлсэн ахан дүүсийн бизнес нийслэлчүүдийн үйлчлүүлэх дуртай сүлжээ дэлгүүр болон өргөжих эхний алхмаа хийсэн нь энэ. Ийн явсаар 2000 онд анхны супермаркетаа нээж, худалдан авагч хүссэн бараагаа лангуун дээрээс нь өөрөө сонгодог өөртөө үйлчлэх үйлчилгээг анх нэвтрүүлэв. Удалгүй нийслэлийн захын хороололд есөн дэлгүүр нээж, “Миний дэлгүүр” хэмээн нэрлэв.
Тухайн үед Монголын худалдааны салбарт сүлжээ дэлгүүр гэж байсангүй. Үүнийгээ дагаад сүлжээ дэлгүүрийн санхүүгийн тооцоолол, бусад зүйлийг тооцож, хянах тогтолцоо байсангүй. Гэсэн ч үүсгэн байгуулагчид алхам алхмаар суралцаж, ахиц дэвшил гаргасаар Монголын худалдааны салбарт сүлжээ дэлгүүрийн санхүүгийн хяналтын систем, бараа, бүтээгдэхүүний бар кодыг анх суурьшуулсан түүхтэй.
Бараа нэг бүрийнхээ үнийг тооны машинд бодож, дэвтэрт тэмдэглэдэг байсан болхи бөгөөд хүнд сурталтай гэмээр худалдааны системийг халж, бараа тус бүрийг кодтой болгож, уг кодоо төхөөрөмжид таниулаад л худалдаа хийдэг өнөөдрийн цаг хэмнэсэн, шуурхай аргыг тэд анхлан нэвтрүүлсэн нь энэ.
Монголын хүнсний дэлгүүрийн салбарт шинэ үйлчилгээ, шинэ тэмүүлэл, үйлчлүүлэгч нар сэтгэл дүүрэн инээмсэглэн гарах үүд хаалгыг тэд цэлийтэл нээж өгсөн юм. Түүнчлэн нэгдсэн түгээлтийн системийг 2004 онд нэвтрүүлээд зогсохгүй сүлжээ дэлгүүртээ худалдаж буй хүнсний бүтээгдэхүүндээ лабораторийн шинжилгээ бие даан хийж, үйлчлүүлэгчиддээ эрүүл хүнс хүргэхийг зорьсон нь амжилт олж, олны талархлыг хүлээсэн юм. Гэсэн ч тэд амжилтаа улам бататган анхны “Миний зах”-ыг нийслэлийн X хороололд ашиглалтад оруулж, санхүү бүртгэлийн “Майкрософт Динамикс Эс Эл” нэгдсэн программыг нэвтрүүлж, бүх салбараа онлайн болгосон нь худалдааны салбарын нэгэн дэвшил болсон билээ.
Монголын худалдааны салбарт тэдний нэмэх шинэ өнгө, түүх жил ирэх тусам зузаарч байв. 2007 онд тэд бусад сүлжээ байгууллагад бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх Гадагшаа түгээлтийн алба байгуулж, “Франчайзинг” загварыг анх удаа жижиглэнгийн худалдааны салбарт нэвтрүүлж, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч Монголын анхны хайпермаркет төслийг эхлүүлсэн.
Жилийн дараа “Миний Дөт” хаягтайгаар хот, хөдөө орон нутагт 70 гаруй салбар нэгжтэй бараа, бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр худалдан борлуулах, өөртөө үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлснээр үндэсний хэмжээний анхны сүлжээ болсон билээ. Энэ мэтээр жил ирэх тусам шинэ, дэвшилтэт бүхнийг сүлжээндээ нэвтрүүлсээр Хайпермаркетыг олон улсын стандартад хүргэн өдгөө хэрэглэгчдийн хамгийн ойрын, үйлчлүүлэх хамгийн дуртай сүлжээ дэлгүүр болж чадсан билээ.
Хорь гаруйхан жилийн өмнө иргэдийн олонхи нь дэлгүүрээс ямар нэгэн зүйлс худалдаж авах гэж уур уцаараа барж, хөмсгөө атируулсаар хаалгыг нь саваад гардаг байсан. Тэгвэл тэр байдлыг “Миний дэлгүүр” өөрчилж, нийслэлийн томоохон дүүргүүдэд салбараа нээж, барууны хэв маягийг үйлчилгээндээ шингээхийг хичээж, дэлгүүрийнхээ дотоод засалд гойд анхаарч, худалдагч, борлуулагч нарынхаа харилцааны соёл, үйлчилгээнд өндөр шаардлага тавьж, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангах болсон.
Үйлчлүүлэгч “ХААН” байх ёстойг анхнаасаа мөрдлөг болгосон нь тус сүлжээ дэлгүүр хэдхэн жилийн дотор монголчуудын, ялангуяа нийслэлчүүдийн байнга үйлчлүүлдэг үйлчилгээний газрын нэг болж чадав. Өдрөөс өдөрт бараа, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж, чанарт илүүтэй анхаарч, шив шинэхэн бүхнийг үйлчлүүлэгчиддээ зориулахыг зорьсоор иржээ.
Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ авсан бараа, бүтээгдэхүүнд хөнгөлөлт, урамшуулал үзүүлж, хамгийн чанартайг хамгийн хямд үнээр борлуулж эхэлсэн нь ард иргэдийн мөнгийг хэмнэхийн зэрэгцээ сэтгэл ханамжийг нэмсэн хамгийн оновчтой шийдэл болж байлаа. Миний дэлгүүрийн хамт олны хийж бүтээж, өнөөдрийн амжилтад хүрсэн 25 жилийн гэгээн түүхийн шаргал хуудасны багахан хэсгийг сөхөж уншигч танд хүргэхэд ийм ажээ.
Тэд бусад шиг хий хоосон магтуулах гэж биш чин сэтгэлээсээ Монголын ард түмэнд шинэ зүйл, шинэ сонголт авчрах гэж зүтгэсэн. Тэр зүтгэл монголчуудын итгэл найдвар, сэтгэл ханамж, инээмсэглэл болж, биеллээ олсоор байна.
Н.БАЯР
Сэтгэгдэл