Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэв
“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа талаар “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өнөөдөр мэдээллээ. Тус төвөөс дэлхийн зөнгийн дэмжлэгтэйгээр 20 сургуульд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байгаа аж. Тухайн хорин сургуулийн 11-17 насны 8,465 хүүхдэд сэтгэл зүйн байдал буюу зан төлөвийн хурцадмал байдал байгаа эсэх тал дээр судалгаа хийхэд таамагласан дүнгээс гурав дахин их гарсан байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 58.3 хувь нь сэтгэлзүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэх хариу гарсан байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч яригдах асуудал гэдгийг сэтгэл зүйчид хэллээ. Үүнд гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлөвийн өөрчлөлт, бүрэн бус гэр бүл, хойд эцэг эх, хүчирхийлэл, өөртөө итгэх итгэл, амиа алдах эрсдэл, үе тэнгийн дарамт, цахим орчны гадуурхал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Хүүхдээ ийм байдлаас гаргахын тулд эцэг эхчүүд 20 минутын турш хүүхэдтэйгээ сэтгэлээсээ ярилцах, сонсох, хийсэн зүйлийг шударгаар үнэлэх, өөрийгөө хайрлан хүндэтгэхийн учрыг ойлгуулах, амьдрах ур чадварт суралцуулах зэргийг хийх ёстой аж.
“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч С.Баасанбат: “Судалгаа хийсэн 20 сургууль дээр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа ч энэ нь зөвхөн Дэлхийн зөн болон хорин сургуулийн түвшинд хязгаарлагдаж болохгүй юм. Энэ нь боловсролын болоод хүний хөгжлийн бодлогын түвшинд, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэх ёстой асуудал юм. Манай боловсролын салбарын бодлого дэлхий нийтээс их хоцорч байгааг харж болох юм. ЕБС-ийн сурагчдын суралцах, харилцах, амьдрах чадваруудыг илүүтэй хөгжүүлэх нь зөв юм. Хэрэв үүнийг орхичихвол бид 20 жилийн дараа хорих ангийн зардал, халамжийн зардал, эрүүл мэндийн салбарын зардал, гэр бүл салалт, хүсээгүй жирэмслэлт, архидалт гэх мэт асуудлыг шийдэж чадахгүй. Хорин жилийн дараах өөрчлөлтийг урьдчилан эхийн хэвлийд байхаас нь анхаарахгүй бол 20 настай залуустай ажиллахад хэцүү болно” гэв.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл