Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургадугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 2025 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох, төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг авахыг төсвийн захирагч нарт үүрэг болголоо.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гэрээ байгуулагдаагүй санхүүжилт болох 535,9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо.
Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6,Боловсролын сайдын багцаас 33.7, Зам, тээврийн сайдын багцаас 33.4, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7, бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцож байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын зардалд хамаарах болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний гэрээ байгуулагдаагүй санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тогтоолд тусгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.
Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсөвт батлагдсан санхүүжилтийг бүрэн ашиглах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.
Сэтгэгдэл