Ши Жиньпин, К.Токаев нар хэлэлцээ хийжээ

Зургадугаар сарын 16-ны үдээс хойш Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Хятад улсын дарга Ши Жиньпин нар Астана дахь Ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Казахстан хоёр орон өөр өөрийн хөгжил, сэргэн мандалтын чухал үе шатанд байгаа бөгөөд хоёр орон бүх талын хамтын ажиллагааг ахиулах ёстой. Нэгдүгээрт, хоёр орны харилцааны хөгжлийг дээд түвшний стратегийн харилцан итгэлцлээр удирдан чиглүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудалд тууштай дэмжлэг үзүүлэх.
Хоёрдугаарт, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг уламжлалт хамтын ажиллагааны давуу талыг бататгаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, боомтын дэд бүтцийн өөрчлөлтийг ахиулж, ногоон, тогтвортой хөгжлийг ахиулах.
Гуравдугаарт, аюулгүй байдлын бүх талын хамтын ажиллагаагаар хоёр орны амгалан тайван байдлыг сахин хамгаалж, батлан хамгаалах салбарын солилцоог өргөтгөж, терроризм, гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Дөрөвдүгээрт, олон талт соёлын солилцоогоор хоёр орны найрамдлын үндсийг бататгаж, Казахстанд "Хятадын аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, судалгааны төв, орон нутгийн солилцоог эрчимжүүлэхийг дэмжих ёстой.
Казахстан Хятад-Төв Азийн дээд хэмжээний 2 дахь уулзалтыг сэтгэл гарган бэлтгэж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд энэхүү уулзалт нь Хятадын Төв Азийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээнэ гэдэгт найдаж байна." гэжээ.
К.Токаев хэлэхдээ, "Хятад улс бол Казахстаны найрсаг хөрш, дотны анд, найдвартай түнш юм. Казахстан, Хятадын өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ алтан эринд орж байгаа нь хоёр орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлж, хоёр талын ард түмэнд үр өгөөжөө өгч, улс орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна.
Ши Жиньпин даргын удирдлага дор шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үйлс асар их амжилтад хүрсэн. Хятад улс цаашид ч илүү их амжилтад хүрнэ гэдэгт Казахстан чин сэтгэлээсээ баярлаж, бат итгэлтэй байна. НҮБ, ШХАБ, БРИКС, Хятад-Төв Азийн механизм, CICA зэрэг олон талт механизмд нягт хамтран ажиллаж, олон улсын дэг журмыг илүү шударга, үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна." гэсэн байна.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, гааль, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг харилцан солилцоход байлцжээ.
Г.БЯМБА
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.149] 2025-06-17 11:21:51
хятад хүний гүйлгээ ухаанаа гаргаж байна даа