CU сүлжээ дэлгүүрүүдэд "шивээсний киоск” нэвтрүүлжээ

CU сүлжээ дэлгүүрийн оператор “BGF Retail” компани зургадугаар сарын 11-ний лхагва гарагт хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээгээ тэлэх зорилгоор салбартаа анхны “шивээсний киоск”-ийг нэвтрүүлсэн талаараа мэдэгджээ.
Тус киоск нь маш энгийн бөгөөд булцуу хэлбэртэй төхөөрөмжөөр хэрэглэгчдийн бие дээр шивээсийг 1-2 секундын дотор хэвлэх аж. Тус компанийн хэвлэлийн мэдээнд “Нийт 100 гаруй загварын шивээснээс сонгох боломжтой ба тэдгээрт Солонгосын соёлын онцлогийг харуулсан орд харш, бар зэрэг дүрслэлүүд багтсан” гэж дурджээ.
Солонгосын гоо сайхны аюулгүй байдлын стандартын дагуу батлагдсан будгаар шивээс хийх бөгөөд ойролцоогоор хоёр хоногийн турш хуурч арилахгүй юм байна. Мөн энэхүү киоскийг гадаадын жуулчдыг татах үүднээс англи, хятад, япон гэсэн гурван хэл дээр ашиглах боломжтой аж.
BGF Retail: CU дэлгүүрийг хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн төв болгон хөгжүүлнэ
“BGF Retail” компани ирээдүйд CU сүлжээ дэлгүүрүүдээ зөвхөн уламжлалт жижиглэн худалдаа эрхлэх байдлаар бус, хэрэглэгчдийн туршлагад суурилсан, харилцан үйлчилдэг үйлчилгээ санал болгодог амьдралын хэв маягийн төв болгон өөрчлөх зорилготой байгаагаа мэдэгджээ.
Өнгөрсөн онд CU дэлгүүрүүдэд "капсул тоглоом"-ын, смүүти бэлтгэгч машин зэрэг шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь залуу хэрэглэгчдийн талархлыг хүлээж, амжилттай хэрэгжсэн байна. Тус компани “CU дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ төрлийн үйлчилгээг цаашид тогтмол нэвтрүүлсээр байх болно” гэж онцолжээ.
Өнөөдрийн байдлаар “BGF Retail” компани Монгол, Малайз, Казахстан зэрэг гурван улсад нийт 680 CU салбар, мөн Өмнөд Солонгост 18600 гаруй дэлгүүр ажиллуулж байгаа аж.
Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.245] 2025-06-17 18:32:48
Тохирох уу. Хүн амын хэдээс дээш хувийг гаж буюу өвөрмөц хүмүүс эзлэх ёсгүй