Ц.Раднаа: Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг чинь үнэн шүү

Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Ц.Раднаа гуайтай ярилцлаа. Тэрбээр өдгөө 91 настай ч өдөр бүр бэлтгэлээ хийдэг учраас эмнэлэгт хэвтэж, эм ч уудаггүй гэж ярилаа. Өнгөрсөн сард Тайвань улсын Тайпэй хотод болсон WMG-2025 дэлхийн мастеруудын наадамд таван төрөлд оролцон, таван алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Түүнчлэн “Дэлхийн хамгийн хурдан өвөө” хэмээх нэрийг хүртсэн аж.
-Нас бол тоо гэдгийг та өөрийн биеэр үлгэрлэж харуулсан. Танаас залуу үеийнхэн гэлтгүй ахмадууд ч үлгэр дуурайл авдаг байх. Та хэзээнээс эхэлж спорттой амьдралаа холбосон бэ?
-Би 1962-1966 онд Улсын Багшийн Дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тэр үеэс л спортын ажил өрнөж эхэлсэн дээ. Багш дасгалжуулагчаар улсад тасралтгүй 35 жил ажилласан.
2014 онд Японы Нара хотод Азийн тэмцээнд оролцож анхны мөнгөн медалиа авч байлаа. Урьд нь эх орондоо жил болгон улсын аваргад оролцож, шагналт байранд орж алтан медаль авдаг байлаа.
Бага байхдаа их гүйдэг хүүхэд байсан. Хонь мал бэлчээд явахаар л харайлгачихдаг байлаа. Одоо бодоход тэр нь надад их хэрэг болсон юм шиг. Дээр үед чинь хөл нүцгэн гүйдэг байлаа. Хонины халуун хэвтэр рүү очиж хөлөө бүлээцүүлчихээд явдаг байсан. Ийм орчинд л өслөө. Ингээд яривал энэ өвгөн юу яриад байна гээд одооны хүүхдүүд гайхаж магадгүй. Байнга хөдөлгөөнтэй, гүйж явсны ачаар л өдий хүрлээ. Би бараг эм ууж үзээгүй гэхэд болно. Эмнэлэгт нэг удаа долоо хоног хэвтэж байсан юм. Түүнийг эс тооцвол эмнэлэгт хэвтдэггүй. Нас бол тоо гэдэг чинь үнэн юм билээ. Ер нь хүн амьдарч байх хугацаандаа хөдөлж л байх хэрэгтэй. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг чинь үнэн шүү. Би хааяа ханиад хүрвэл өглөө гадагшаа гараад гүйчихдэг юм. Нас ахиад ирэхээр хүний бие цаанаасаа хөшингө болчихдог. Хөшингө байлгахгүйн тулд дасгал хөдөлгөөн хийж, гүйж харайсан минь надад эм болсон. Би энэ спортыг хуурай эм гэж ойлгодог. Үүнийг л залуучууд ойлгох хэрэгтэй.
-Таны тамирчны замналын оргил үе хэзээ байв?
-2019 онд Польш улсад ахмад настнуудын ДАШТ-д оролцож, 400 метрт рекордыг нь эвдсэн. Тэр үе л байх. Түүнээс хойш ахмад мастеруудын тэмцээнд жил болгон оролцсон. Хөнгөн биетэй, хөл гарын өвчин байхгүй болохоор хөнгөн атлетикийн 100м, 200м, 400м, 800м, 1500м алхалттай гүйлт гээд нэг тэмцээнд орохдоо 5-6 төрөлд ордог. Голдуу л алтан медаль авдаг даа.
-Ер нь гүйхэд цаг агаар чухал уу. Ямар үед гүйвэл хамгийн тохиромжтой байдаг юм бол?
-Өглөө эрт 5, 6 цагийн үед гүйвэл агаар цэвэрхэн, цэнгэг байдаг. Хүн өөрөө агаарын сайхныг мэдрээд, хэдийд агаар сайхан байна тэр үед гүйх хэрэгтэй. Шиврээ бороо орж байх үед гүйхэд хамгийн сайн. Бороо ороод газрын тоос дарагдсан байдаг. Ер нь ямар үед нь гүйхээр байна, ямар үед гүйхээргүй байна гэдгийг өөрөө мэдрэх хэрэгтэй. Утаа униар, их тоосон дундуур гүйгээд байвал уушги, зүрх сайн байхгүй шүү дээ.
-Та дэлхийн тавцанд төрийн далбаагаа олон удаа мандуулсан шүү дээ. Тухайн үед яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Шагналын нэгдүгээр тавцан дээр гараад төрийн далбаагаа хийсгээд зогсоход яалт ч үгүй хамар шархираад, нүдэнд нулимс цийлгэнэдэг. Тэр үед эх орноо л боддог. Би өөрөө амжилт гаргачихлаа, би мундагтаа ингээд зогсож байна гэсэн бодол төрдөггүй. Монголынхоо төлөө зогсож байна гэсэн бодол л төрдөг. Тэмцээнд явахад хамгийн чухал нь хэл. Хэлгүй бол хөлгүйтэй адил гэж үнэн л дээ. Би чинь нөгөө хэдтэйгээ хэл авалцаж чадахгүй болохоор дохилцоод л эрхий, чигчий хуруугаараа ярилцана даа (инээв). Гэхдээ сайхан, сайхан. Америк, Герман, Японоос эхлээд надтай уралддаг олон хүн бий.
-Ингэхэд та аль нутгийн хүн билээ?
-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Говь Гурвансайханы Баруунсайханы оройд өссөн хүн л дээ. Говь газар гэхэд далайн түвшнээс дээш 2800 метр өндөрт өргөгдсөн нурууд байдаг юм. Тэнд л уулын оройгоор дамжиж, адуу мал хурааж явсан. Тэр агаар их сайхан нөлөөлсөн гэж боддог юм. Залуу байхад утаа, тоос ч бага байж. Хотод гэхэд хэдхэн л машин явдаг байлаа шүү дээ.
-Орчин үеийн хүүхдүүд гар утасны хэрэглээтэй холбоотой дасгал хөдөлгөөн хийх нь багассан байна уу?
-Хөдөлгөөн чинь л хүнийг амьдруулж байгаа юм. Хөдөлгөөн муутай байвал улам л бие хөшөөд, залхуу болоод, таргална. Орчин үеийн хүүхдүүд нэг бол утсаа оролдоод хэвтчихнэ. Нэг бол компьютер хараад суучихна. Эсвэл телевиз үзээд суучихна. Энэ хэв маяг хүүхдүүдэд их л муу нөлөө үзүүлээд байгаа юм. Үүнийг хэн захирах вэ гэвэл эцэг эх нь л захирна. Багш нэг л удаа хэлнэ. Одооны хүүхдүүдэд өглөө эрт босож бай гэж хэлмээр байна. Толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд битгий унтаж бай. Өглөө босоод агаарын сийрэг дээр гүй, алх. Амьсгаагаа задартал, ухаан алдталаа гүйх хэрэггүй. Өөрийнхөө хэмжээнд тааруулаад 50,100 метр газар гүйсэн ч болно шүү дээ. 300 метр газар гүйвэл бүр сайн. Хамгийн гол нь орчноо сайн сонгож гүйх хэрэгтэй.
Би чинь хүүхдүүдээ бага байхад нь өглөө эрт босгож гүйлгэдэг байлаа. Ер нь манай хүүхдүүд бүгд спортоор хичээллэж байсан. Том хүү маань Украинд биеийн тамирын сургууль төгсөж ирсэн, усан спортын мэргэжилтэй. Түүнийг дагаад бусад нь спортоор хичээллэдэг.
-Таныг өглөө эрт босоод гүйж байхад хүн таарч байна уу?
-Байхгүй дээ. Над шиг өглөө гараад гүйдэг хүн цөөхөн юм билээ. Би чинь гүйхээс гадна гантилтай их нөхөрлөнө. Өглөө болгон босож кросс хийнэ. Гадаа байдаг сандалд дээд тал нь 10 удаа, доод тал нь 5-6 удаа үсрэлт хийдэг юм. Одоо бол 80, 90 настай хүн ч цөөхөн болсон байна. Энэ чинь нийтээрээ манайхан хөдөлгөөн муутай болсны шинж шүү дээ.
-Таныг энэ олон амжилт гаргахад хүүхдүүд тань байнга тусалж дэмждэг байх. Улс орноос танд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?
-Тийм ээ. Хүүхдүүд маань дэмжлэг туслалцаа байнга өгнө. Намайг тэтгэж, байнга хажууд байдаг Баярчимэг охин маань намайг гадаадад тэмцээнд явсан ч дагаж явна. Өглөө гүйсэн ч дагаж гүйнэ. Өөрөө бас тэмцээнд оролцоод явдаг. Хүүхдүүддээ, ач зээ нартаа өвөө нь баярлаж явдгаа хэлье. Улсаас надад ямар нэгэн дэмжлэг, туслалцаа өгдөггүй. Өөрийнхөө зардлаар, бор зүрхээрээ л явдаг. Энэ завшааныг ашиглаад Ерөнхийлөгчид баярласнаа хэлмээр байна. Намайг нэг удаа гадагшаа тэмцээнд явахад ирэх зардлыг маань даасан. Хүрээд ирэхэд Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Тэрэнд их баярладаг даа.
-Хүүхэд залууст та юу захиж хэлмээр байна?
-Гүйлт, дасгал хөдөлгөөнөөс хүн тэсвэр хатуужил, хөдөлгөөний эвсэл, булчин шөрмөсөө хөгжүүлж цаашаа дагнасан спортод хөл тавьдаг. Ер нь эрүүл чийрэг монгол хүн л улс орноо хөгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр хүүхэд залуучууд минь спортоор хичээллэж, эрүүл чийрэг бие бялдартай байж, улс орноо өөд нь татаж хөгжүүлээрэй гэж өвөө нь захиж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.243] 2025-06-17 12:54:51
Залуучууд үе мөчний өвчтэй болж байна.
Иргэн [202.55.188.85] 2025-06-17 11:27:32
Урт удаан наслаарай, таниар бахархаж явдаг шүү, амжилт хүсье