Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

Aдмин / Улстөр

Засгийн газар өнөөдөр /2025.06.20/ ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ оны төсвийг нийт 2.3 их наяд төгрөгөөр тодотгох нөхцөл үүссэнээс Хэмнэлтийн хуулийн хүрээнд хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татсан нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд хэмнэх тооцоог танилцуулсан билээ.

Үлдсэн 1.9 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танах байдлаар хэмнэх нь. Мөн хэмнэлтийн тодотголын хүрээнд 14.400 төрийн алба хаагчийг цомхотгохоор болсон бөгөөд үүнд эмч, багш нар хамрагдахгүй.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн билээ.

Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар төр өөрөө бүсээ чангалах “хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцсэн. Тодруулбал, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт.

Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцсэн.

Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй талаар Сангийн сайд мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож буй аж.

Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэж тооцжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000